Ц.Батсүх: Эдийн засаг 7 хувиар өсөхгүй, Монголбанк нийлүүлэлтийн инфляцыг барьж чадахгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 0 секунд

СЭЗДС-ийн Экономиксийн тэнхимийн багш, (Ph.D) Ц.Батсүхтэй ярилцлаа

--------------------

СЭЗДС-ийн Экономиксийн тэнхимийн багш, доктор Ц.Батсүхтэй ярилцлаа

--------------------

-Эдийн засаг хямрах нь тодорхой болж 2025, 2026 онд нэлээн том сорилт хүлээж байгааг та хэллээ. Бидний хувьд хамгийн том сорилтыг та хэрхэн харж байна. Эрх баригчдын зүгээс нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлбэл эдийн засагт гэрэл татах юм шиг амладаг. Гэвч өөдрөг төсөөлөл үрэлгэн зарлагаа танахгүй, төрийн бүтэц данхайх боллоо?

- Таны хэлсэнчлэн төр засаг бол ийм том бүтцээ хэвээр нь хадгалахыг л зориод байна. Хадгалж үлдэхийн тулд их том хэмжээний үүсвэрүүдийг яаж бий болгох тухайгаа л яриад байна. Гэтэл төр өөрийн том бүтцийг цомхотгох тухай огт ярихгүй байгаа юм. Зардлаа багасгах, илүү зардлыг танах ч юм уу. Иргэдээ төрөөс үл хамааран амьдардаг чадавхийг бий болгох ёстой. Эсрэгээрээ засгаар тэжээлгэх гэдэг бүхэл бүтэн хэсэг бүлэг байна шүү дээ. Үүнийгээ яаж бие даан амьдардаг бүлэг болгох вэ, хэрхэн бизнестэй болгож өгөх вэ зэрэг илүү амьд зүйл яримаар л байгаа юм.

-Төвбанк оны эцэст инфляц 10.4 хувьд хүрч, эдийн засаг 7 хувиар өснө гэж төсөөлж байна?

-Эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрэхгүй нь тодорхой, одооноос харагдаж байгаа. Төвбанкны инфляцыг барьж буй зүйл нь эрэлтээс үүдэлтэй мөнгөний нийлүүлэлт ихсэх, цалин хөлс өссөнөөс болсон инфляцыг барих чадвартай. Гэтэл инфляц хөөрөгдсөн гол шалтгаан нь нийлүүлэлт. Эрчим хүчний үнэ, махны үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн инфляцыг барья гэсэн ч чадахгүй. Тэгэхээр заяаг нь хаяж байгаад л харахаас.

- Чөлөөт эдийн засаг социализмын үеэс ялгаатай нь үнийн дохио өгч байдаг. Харин Засгийн газар хүчээр үнийн дохиог барьж, сайхан амлалт өгдөг л дүр зурагтай боллоо. Энэ тухайд таны байр суурь?

- Би хэлж байсан. Засаг бол эцэстээ сонгуульд ялах л зорилготой. Сонгуульд ялахын тулд иргэдэд гоё нөхцөл, гоё зүйл амлах ёстой. Энэ үүргээ л хийгээд байгаа гэсэн үг. Харин тэд урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлье, урт хугацаандаа өрсөлдөх чадвартай болгох талаас нь харахгүй байгаа юм. Энд л бүх зовлон байна. Энэ утгаараа бидэнд хамгийн гоё зүйлсийг л хэлээд байна шүү дээ. “Та нар их хэрэглэдгээрээ хэрэглэж бай, би энд тэндээс олоод ирнэ” гэж амлаад байна. Энэ л их хэцүү. Тэгэхээр бид одооноос эхлэн иргэдийн сэтгэхүйг өөрчлөх, төрөөс үл хамааран бие даан амьдрах чадвартай болох сэтгэхүйг хөгжүүлэх ёстой юм шиг байна билээ.

- Монгол Улс эдийн засгийн инженерийн бүтэцгүйгээс хөгжихгүй буруу зам руугаа явж байна гэдгийг та яриандаа дурдлаа. Эрх баригчид эдийн засагчдынхаа үгийг сонсдог уу. Аль эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлж байна уу. Эдийн засагчийн хувьд та ямар бодолтой явдаг вэ?

- Эдийн засагчдынхаа үгийг сонсдог байх өө. Жишээ нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэргэд эдийн засгийн зөвлөхүүд гарч ирж байна. Бусад газар ч мөн адил зөвлөхүүдтэй. Гэхдээ эдийн засагчид үг хэллээ ч цаашлаад улс төрийн шийдвэр дээр очихоор ашиг сонирхлын зөрчлөөс болж дарагдаад байгаа болохоос биш уг нь сонсох механизмууд нь байгаа юм.

- Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслүүд нь импортын хэрэгцээг нэмэгдүүлж, гадны хөрөнгө оруулалт урт хугацааны зээл тусламжийн эрсдэл үүсэх үү?

-Манай улс дотооддоо техник технологи үйлдвэрлэдэггүй. Тиймээс би том хэмжээний төсөл хэрэгжүүлнэ гэхээр үргэлж айж байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тул импорт угаасаа ихэснэ. Гадаад худалдааны урсгал тэнцэл алдагдалтай гарч ам.долларын нөөц буурна. Энэ байдлыг арилгах хамгийн том зүйл нь нийлүүлэлтийн талын бодлого чвуулж эдийн засгийн чадавхыг сайжруулахгүй бол бид олон жил энэ юм аа ярьсаар л байна.

-Ялангуяа бид уул уурхайгаас тэр дундаа ганц түүхий эдээс хэт хамааралтай байна шүү дээ. Улс төр, эдийн засагт нүүрсээ тойрч ярьдаг боллоо. Эдийн засгийг нүүрснээс хараат бус төрөлжүүлэх шаардлага, ярих өчнөөн асуудал байна шүү дээ. Ирээдүйн гарц, боломжийг та хэрхэн гэж харж байна?

- Хэцүү л дээ. Бидний өмнө нүдэнд тусаж байгаа нь л байгалийн баялаг байгаа юм. Хүн бүр л ийшээ явж байна. Гэтэл юуг хайхгүй байна вэ? гэвэл хүнийхээ чадавхи, хүний хийж чадах зүйл гэдгийг үндсэндээ харахгүй байна. Бидний дутагдал их хэмжээний л орлого олох бодолтой. Бага зүйлээр их зүйл хийх бодолгүй байгаа нь л хамаг алдаа байгаа юм. Уг нь бид өөрсдийнхөө чадавхид тохирсон бага зүйл хийж эхлээд үүнийгээ томруулдаг механизм руу хардаг төртэй болох шаардлагатай. -Эдийн засаг хямрах нь тодорхой болж

-Харамсалтай нь, төр бүх зүйлд гар дүрж эдийн засагт бизнесийн эрх чөлөө хамгийн их хөндөгдөж байгаа. Таны хэлсэнчлэн 2022-2023 оны хооронд улс төр, эдийн засгийн эрх чөлөө агшсан байна шүү дээ. Наад захын жишээ нь урд хөрш улс төр нь коммунист юм шиг атал эдийн засаг нь либериалчлал. Эсрэгээрээ манайх чөлөөт ардчилсан эдийн засгийн тогтолцоотой мэт атал эдийн засаг нь төрөөс хамааралтай улам коммунист боллоо. Энэ байдлаас цаашид гарах гарц байна уу?

- Цаашдын гарц нь маш удаан, хэцүү юм шиг байна. Бид уг нь либериалчилж чадсан уу гэвэл чадсан.Одоо ийшээ буцаж орох зам нь урт болсон. Бид улс төр дээр гаргаж буй шийдвэрүүдээ өөрчлөхгүй бол бизнес дээр сайхан байдал үүсэхгүй. Гэтэл улс төр дээр гарч буй шийдвэрүүд улс төрчдийн ашиг сонирхол дээр байгаа учраас энэ хавьдаа засагдахгүй гэж хэлж байгаагийн гол шалтгаан нь тэр л дээ.

-Манайх социализмын үеэс ардчилсан зах зээл рүү шилжсэн. Гэвч манай төрд байгаа “Harvard boys социализмын үеийн сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна уу?

- Үгүй. Харин ч аюултай зүйл болоод байгаа юм. Соц үеийн төрд ажиллаж байсан хүмүүс ард түмний сайн сайхны амьдралын тухай чин үнэнээсээ бодож ажилладаг байсан юм байна. Ард түмнийг ч ард түмэн шиг ойлгож байсан. Гэтэл одоогийн эрх баригчид хэдий ард түмэнд хандаж “ард түмний амьдралыг сайн сайхан болгоно” гэж ярьж байгаа ч улс төрийн шийдвэрүүд нь өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч байгаа байхгүй юу. Өөрт нь ашигтай, бизнест нь хамааралтай тал руу шийдвэрээ гаргадаг. Энэ л их аюултай.

-Худалдааны тарифын нөлөө дэлхийн эдийн засгийг доргиолоо. Үүнтэй уялдуулан олон улсад төв банкууд бодлогын хүүгээ зөөлрүүлэх бодлого барьж байгааг bloomberg мэдээллээ. Харин Монголбанк бодлогын хүүг хатууруулах бодлого барьж байна. Анзаарахад, манайх эдийн засаг тэлсэн үед бодлогын хүүг зөөлрүүлж, орлого тасалдаж эдийн засаг савалж эхлэхээр төвбанк нь бодлогын хүүг чангаруулдаг. Зарим судлаачийн хэлснээр Монголбанк бодлогын хүүг бууруулж, өсгөх байдлаар тохиргоог алдагдуулах нь эдийн засгийн системийг улам бүр алдагдуулах боллоо гэх юм?

- Энэ бол маш хэцүү л дээ. Засгийн газрын зүгээс ажлын байрыг бий болгоно, хүмүүсийг орлоготой болгох зорилготой. Энэ үүднээс засагт төсвийг тэлэх бодлого явуулдаг. Гэтэл төвбанкны зорилго үнийн өсөлт буюу инфляцыг барих зорилготой. Тэгэхээр төсөв тэлээд байвал үнэ өснө. Энэ бол ойлгомжтой. Засгийн хийж буй бодлогын эсрэг төвбанк арга хэмжээ авах ёстой болчихоод бодлогын хүүгээ өсгөж байна гэсэн үг шүү дээ. Тариф ногдуулж байна гэдэг нь импортын бараа үнэтэй орж ирнэ гэсэн үг. Энэ нь инфляц болно. Төвбанк энэ хүлээлтээр бодлогын хүүгээ өсгөж байж мөнгөний нийлүүлэлтийг багасгаж хязгаарлана гэсэн үг. Нөгөөтэйгүүр, төгрөг, ам.долларын үнэ цэн гэж байгаа шүү дээ. Ам.долларын ханш өсөөд байвал төгрөг муудна. Төгрөгөө үнэ цэнтэй байлгахын тулд төгрөгийн өөрийнх нь үнэ цэн, хүүг өсгөх ёстой. Аль ч талаасаа төвбанкны хэрэгжүүлж буй бодлого нь онолын хувьд зөв.

-Монгол Улс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарахгүй, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байна гэдэг зүйл ярьж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн эдийн засгийн үр өгөөжийг та юу гэж харж байна вэ?

-Бид сүүлийн 20, 30 жил ямар бодлого хэрэгжүүлэв гэхээр эрэлтийг дэмжсэн л бодлого хэрэгжүүлсэн. Хэрэглэгчдээ мөнгө өгч худалдан авалтыг дэмжсэн. Үнэндээ бидний хийсэн зүйл гаднаас юм авч худалдаалах байдал руу л орсон. Гэтэл макро эдийн засгийн хоёр дахь бодлого нь нийлүүлэлтийн бодлого. Үйлдвэрлэлийг дэмжих бодлого руу харамсалтай нь Монгол Улс нэг их зүйл хийж чадаагүй байна гэх асуудал гарч байгаа. Зарим тохиолдолд микро бодлого ч гэдэг. Тэгэхээр үйлдвэрлэл рүү чиглэсэн бодлогыг авч хэрэгжүүлбэл бид өмнө нь хэрэгжүүлсэн алдаагаа илүү засах. Үйлдвэрлэсийн бүтээгдэхүүн нэмэгдэх нь цаашид инфляцын асуудлаас тодорхой хэмжээгээр ангижрах боломжтой. Гэхдээ нэг айхтар зүйл нь бид дотроо үйлдвэрлэнэ гэдэг нь гаднаас импортолж буй бараанаас хямд, илүү чанартай үйлдвэрлэх ёстой. Ийм зүйлийг хэн хийж чадах вэ? гэдэг нь нэлээн өндөр болж байна.

-Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах гарц бий юу. УИХ-аар хэлэлцүүлж буй хуулиуд эдийн засгийн эрх чөлөөг бий болгох, төрийн оролцоог багасгах чиглэлээр байж чадаж байна уу?

-Сүүлийн жилүүдэд бид илүү төрийн эдийн засгийн давуу байдлыг үүсгэх гээд байна. Ялангуяа манай эдийн засаг том хувь нэмэр оруулдаг уул уурхайг дагасан төрийн том монопол үүсгэх гээд байна. Энэ бол яваандаа эдийн засгийн зөв голдиролд хамгийн буруу жишиг болж байна гэсэн үг. Бид аль болох илүү хүчтэй хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийг бий болговол ирээдүйдээ илүү сайн. Тиймээс төр өөрөө бүх зүйлийг барьж авч хийхээс эсвэл уриалахаас илүүтэй хувийн хэвшлүүдэд тийм зүйл хийх орон зайг бий болгох хуулийн заалтуудыг гаргавал бидэнд илүү эрүүл орчин үүснэ гэсэн үг.

-Та яриандаа Монгол Улс үнэ чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлснийг дурдлаа. Жишээ нь, эрчим хүчний үнийг чөлөөлсөн ч нөгөөтэйгүүр бизнесүүдийн зардал нэмэгдэх байдлаар маш том цохилтууд өглөө шүү дээ.?

- Эрчим хүчний үнэ чөлөөлдөг нь нэг талаасаа зөв. Гэхдээ бид яагаад өнөөдөр буруу юм шиг харж байна вэ гэхээр үүнийг хийлгүй маш удааж өвчнийг нь хүндрүүлж үхлийн эрмэг дээр тултал нь явуулсан учраас дарамт нь бизнес дээр ирж байгаа юм шиг харагдаж байгаа юм. Цаг хугацаанд нь тухай бүрт нь үнэ чөлөөлсөн бол гэнэтийн том цохилт авахгүй. Тухайн үед жижиг цохилтууд авч байгаад өнөөдөр эрүүл систем үүссэн байх нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Нэг талаасаа төр янз бүрийн байдлаар дарамт үүсгэнэ гэж айгаад тухайн үед нь гаргах байсан шийдвэрээ хойшлуулсны төлөөс гарч буй хэлбэр гэж ойлгож байна.

-Монголд гадаадын хөрөнгө оруулагчид бүх салбарт нэн шаардлагатай гэж хэлдэг. Гэтэл бид орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчаа хамгаалах чиглэлийн бодлого дутагдаад байх шиг?

- Өнөөдөр Монголд дутагдаж буй нэг зүйл нь өмчийн эрхийн хамгаалалт орхигдсон. Үүнээс болж өнөөдөр бид гадаадын орж ирсэн хөрөнгө оруулагчийнхаа өмчийн эрхийг хамгаалдаггүй, иргэдийнхээ өмчийн эрхийг хамгаалдаггүй байдал үүсээд байна. Ер нь өнөөдөр Монголд хууль эрхзүйн институционал тогтолцооны сайн байдлыг бий болгохгүй бол буруу жишиг явсаар л байх юм байна. Энэ буруу жишиг нь үргэлжилсээр байвал гадаадын хөрөнгө оруулагч угаасаа орж ирэхгүй.

-Манай улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрээд байна Бодит валютын нөөц нь 1.7 тэрбум орчим ам.доллар байгаа нь эхний хоёр сарын л хэрэгцээ ч Сангийн сайд таван сарын импортын хэрэгцээг хангана гэж ярьж байгаа шүү дээ. Бидэнд гадны валютыг оруулж ирэх боломж байна уу. Оюутолгой шиг том төсөл байхгүй бол хөрөнгө оруулалт зогсох уу?

- Оюутолгой бол бодит хөрөнгө оруулалт. Урт хугацаандаа нөлөөтэй байгаа юм. Гэтэл өнөөдөр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд илүү хурдан ажилладаг зах зээлийн механизмуудыг ашиглах ёстой. Энэ бол санхүүгийн зах зээлийн механизм. Гаднаас зээл авдаг ч юм уу, эсвэл арилжааны банкууд гаднаас босгож ирсэн бонд зэргийг дэмжих үйлдэл нь хурдтай хийж буй зүйл. Цаашид урт хугацаандаа эдийн засгийнхаа системийг хадгалж үлдэнэ гэж бодож байгаа бол гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирээд газар дээрээ капитал зоох хэрэгтэй. Гэхдээ миний нүдэнд хамгийн түрүүнд авч ирэх капитал харагдахгүй л байгааа юм. Уул уурхайгаа л ярьж байна шүү дээ. Өөр үйлдвэрлэлийн том салбарын капиталууд байхгүй гэсэн үг.

“Ноорог“-ийн залууст холбогдох асуудалд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв
“Ноорог“-ийн залууст холбогдох асуудалд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв
 
Ч.Лодойсамбуу: Төр, хэвлэл хоёрын зах зээл булаацалдаад байгаа байдлыг арилгах ёстой. ЗГ-аас оруулсан хуулийн төсөл дээр том бүрэлдэхүүнтэй ажиллана
Ч.Лодойсамбуу: Төр, хэвлэл хоёрын зах зээл булаацалдаад байгаа байдлыг арилгах ёстой. ЗГ-аас оруулсан хуулийн төсөл дээр том бүрэлдэхүүнтэй ажиллана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!