СУРВАЛЖИЛГА: Согтуу хүн, золбин ноход, гарцгүй зам, хурдтай машин-Энэ бидний сургуульдаа очих зам 

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 24 секунд

Эхлээд надад нэг асуулт байна!!! Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр дагнасан байгууллагатай болоод 100 жил өнгөрчээ. Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн уран үгтэй дарга нарын мэндчилгээнүүд шил дараалан хөвөрч байна. Гэхдээ 100 жилийн ажлын чинь үр дүн хаана байна вэ? 100 жилийн турш хүүхдийн төлөө ажилласны чинь үр дүн нь юу юм бэ?

Хүүхдийн аюулгүй байдал зөрчигдөж байгаа ганцхан жишээг энд хөндье.

Сургуулийн үүдэн дэх аюул дүүрэн машин зам- Сургуульдаа очих зам

Сонгино хайрхан дүүрэг, Баянхошуу. Ерөнхий боловсролын 67-р сургууль. Сургуулийн хашааны хаалгыг шүргэх шахам том даацын болон суудлын машинууд хурд мэдэн давхина. Хаалганд тулсан энэ “хурдны” зам дээгүүр хүүхэд машин хоёр тасралтгүй холхиж, хэн нь өрсөхөө үзэлцэнэ. Явган хүний гарц уг нь холгүй. Тэнд school police ч зогсож байгаа. Гэхдээ бага насны сурагчид хаалгаар уралдан гүйж гарч ирээд л машинуудын дундуур зам хөндлөн харайлгана. Ард нь сигналын дуу хадаад л үлдэх аж. Том ангийн сурагчид харин явж байгаа машины урдуур гараа өргөөд гүйгээд гарчихна. Зогсох машин ч байна, чигээрээ давхих нь ч олон. Машины цонхоор хашхичин харааж, бүр тамхины хайрцагаар хүүхдүүдийг чулуудах жолооч ч харагдана. Машинаас өрсөн зам гарах гэж яаран гүйх энэ хүүхдүүдийн амь нас ердөө хэдхэн секунтын наана цаана шийдэгдэж байгаа гэж бодохоор айдас төрнө. Жолооч тормоз гишгэж амжаагүй бол, хүүхэд гүйж байхыг анзаараагүй бол, тормоз нь ажиллаагүй бол яах вэ? Хүүхэд гүйх тоолонд уулга алдуулж, зүрх түгших аюул дүүрэн энэ зам 20 жилийн өмнө ч ийм л байж.

Хэзээ нэг цагт өөрчлөгдөх өдөр ирэх болов уу? Хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд жолоочийн амжиж гишгэх тормозны хурдаар хэмжигдэж хэр удах бол? Хэзээ юу тохиолдож байж өөчрлөгдөх бол?

Согтуу хүн- Сургуульдаа очих зам

Сургуульдаа ганцаараа ирээд ганцаараа харьдаг хүүхдүүд энэ сургуульд олон аж. Хилчин хотхон руу ганцаараа явдаг гэх 1-р ангийн сурагчтай ч таарлаа. Баруун салааны эцэс рүү ганцаараа явдаг 3-р ангийн охин ч байна. Түүний гэртээ харих зам аюул дүүрэн. Сургуулийн үүдээр гаруут л булан тохойд 2, 3-аараа сүрэглэсэн согтуучууд. Гудамж тойрлоо сул ноход. Булан эргээд архи ууж суугаа согтуу залуус. Сурагч Т-г гэрт нь хүргэх замд бидэнтэй 3 удаа согтуу хүмүүс таарав. Түүний өглөө оройдоо ганцаараа алхаж харьдаг энэ гудамж 9 настай охин хүүхэд явахад дэндүү аюултай. Далан дагуу үхээд өмхийрсөн нохойн сэгнээс эхлээд, харуй бүрийд бол бяцхан охиныг айлгах зүйл бишгүй олон. Явж байгаа зам нь энхэл донхол, шавар шалбаагтай, хог хөглөрч, өмхий үнэртсэн бохир гудамж. Дээр нь булэн эргээд л тааралдах согтуу эрчүүд. Энэ бол сурагч Т-ийн сургуульдаа очих зам.

Сургуульдаа явахад хамгийн хэцүү зүйл юу вэ гэх асуултад согтуу хүн гэж хариулах сурагч олон аж. “Хамгийн аюултай зүйл нь согтуу хүн таарах”, “согтуу хүн нохойноос ч аймаар” “Манай тэр хавьд согтуу хүн зөндөө байдаг”, “Ганцаараа явж байхад согтуу хүмүүс таарах вий гэж айдаг” “Согтуу хүмүүс зөндөө таардаг” гэх. “Согтуу хүнээс айдаггүй ээ намайг яадаг ч үгүй юм” гэж байдаг л зүйл мэт хүлээж авах сурагч ч байна.

Энэ дундаас хамгийн байж боломгүй санагдсан нь сургуулийн school police архи үнэртүүлээд зогсож байв. Хамгийн их осол аваар гардаг зам дээр, хамгийн их эрсдэлтэй цагаар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг даатгаад үлдээсэн хүн нь ойртохын аргагүй архи үнэртүүлчихсэн зогсож байх аж. Хамт зогсоо найз нь бүр хөл дээрээ тогтохгүй дайвалзана. 100 жилийн хүүхэд хамгааллын туршлагатай Монгол Улсын сургуулийн орчны бодит дүр зураг энэ.

Золбин ноход- Сургуульдаа очих зам

Сурагчдын сургуульдаа явах замын хамгийн аюултай зүйлсийн нэг нь сул ноход. Энхэл донхол шавартай гудамжаар, согтуу хүн гараад ирэх вий гэж айж бэргэн алхаж явахад нь гэнэт л хажуунаас нь архираад гараад ирэх ноход хүүхдүүдийн хамгийн их айдаг зүйл аж. Бидний гэрт нь хүргэж өгч байгаа сурагч Т л гэхэд “над руу зөндөө удаа нохой дайрч байсан. Энэ гудамжинд хүн рүү дайрдаг 3 нохой байдаг юм” хэмээн ярив. Түүний хэлснээр худгийн хажууд байдаг айлын нохой л хамгийн аймаар нь гэнэ. “Азтай байвал уяатай байдаг. Азгүй бол сул байж байгаад л дайрдаг" гэнэ.

Охины ээж төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй. Аав нь машин угаалгын газар ажилладаг учраас охиныг сургуульд нь зөөх хүн байхгүй гэнэ. Тиймээс л 9хөн настай энэ жаахан охин айж, түгшин энэ гудамжаар өдөрт 2 ч удаа ганцаараа явдаг. Үүнээс өөр сургуульдаа очих зам байхгүй. Энэ бол хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, гэмт хэргийн золиос болж байгаа тоо томшгүй олон шалтгааны зөвхөн нэгийг хөндөхөд бодит байдал ийм байна.

Согтуу хүн, золбин ноход, гарцгүй зам, хурдтай машин-Энэ бол хүүхдүүдийн сургуульдаа очдог зам.

Эцэст нь дахиад асууя. Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр дагнасан байгууллагатай болоод 100 жил өнгөрчээ. 100 жилийн ажлын чинь үр дүн хаана байна вэ? 100 жилийн турш хүүхдийн төлөө ажилласны чинь үр дүн нь юу юм бэ?

Ж.Баярмаа: Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт АН-ын үед урагшилж, МАН-ын үед ухарч байна
Ж.Баярмаа: Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт АН-ын үед урагшилж, МАН-ын үед ухарч байна
 
Ч.Лодойсамбуу: Төр, хэвлэл хоёрын зах зээл булаацалдаад байгаа байдлыг арилгах ёстой. ЗГ-аас оруулсан хуулийн төсөл дээр том бүрэлдэхүүнтэй ажиллана
Ч.Лодойсамбуу: Төр, хэвлэл хоёрын зах зээл булаацалдаад байгаа байдлыг арилгах ёстой. ЗГ-аас оруулсан хуулийн төсөл дээр том бүрэлдэхүүнтэй ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!