Сүмбэр уулыг дов, сүн далайг шалбааг байхад хэчнээн төрөл зүйлийн аварга биет оршин тогтнож байсныг хэлж мэдэхгүй. Ямартай ч үлэг гүрвэл дэлхийд ноёрхож байсныг гэрчлэх олон гайхамшигт олдвор Монголын говиос олдсоор байна.
Эрдэмтдийн уйгагүй эрэл хайгуул, судалгааны ачаар дэлхийд шуугиан тарьсан үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн нэг бол Duonychus tsogtbaatari юм. Бидний сайн мэдэх Тарбозавр батаар (Tarbosaurus bataar Maleev, 1955) шиг сарвуундаа хоёр хуруутай, өвсөн тэжээлт үлэмж биет үлэг гүрвэлийн холимог шинжийг агуулсан Теризинозавр (Therizinosauria) -ын бүлэгт хамаарах энэхүү шинэ төрөл зүйлийг эрдэмтэд ийнхүү нэрлэжээ.
Тэртээ хожуу цэрдийн үед 95.9-89.6 сая жилийн өмнө амьдарч байсан уг амьтны олдвор эдүгээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Баянширээгийн насны хурдас хуримтлалаас олдсон байна. Дэлхий дахинд хэмээх нэрээр шинжлэх ухаанд нэршүүлжээ.
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Японы Хоккайдо Их Сургуулийн Музей, АНУ-ын Нью-Мексикийн Байгалийн Түүхийн Музей болон Канадын Калгаригийн Их Сургуулийн хамтарсан олон улсын судлаачдын багийнхны нээн илрүүлж шинжлэх ухаанд Duonychus tsogtbaatari хэмээн нэршүүлсэн уг олдворын тухайд хоёр-хуруут сарвуу (didactyl) нь теризинозар буюу /тэмээн хяруулт/ төстэй бүлгийн бусад удам төрлийн ойрын холбоотой төрөл, зүйлүүдэд өмнө мэдэгдэж байгаагүй өвөрмөц шинж тэмдэг тогтоогджээ.
Хамгийн анхаарал татаж байгаа нь Duonychus tsogtbaatari -ын сарвууны үйл ажиллагааны онцлогийг дурдах нь зүйтэй болов уу. Судалгаагаар, Монголын говиос мэндэлж дэлхий дахинд нэгэн шинэ хуудас нээсэн Duonychus tsogtbaatari нь Тарбозавр, Алиорамусын нэгэн адил хувьсал хөгжлийн шатандаа гурав дахь хуруугаа гээж хоёр сарвуутай болсон нь энэ аж. Үүгээрээ аварга хумс бүхий идэш тэжээлийн зүйлсээ шүүрэн авахад зохилдсон гурван хуруут сарвуутай бусад теризинозаврид үлэг гүрвэлүүдээс ялгарчээ. Теропод үлэг гүрвэлийн удам төрлийн холбоо хамаарлын судалгаагаар (филогенезийн), теропод үлэг гүрвэлийн овгуудын дунд нийтлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн гурван-хуруут сарвууны хэлбэрээс хоёр-хуруут сарвууны хэлбэрт шилжих хурууны цөөрөлт таван удаа тохиолдож байжээ.
Эрдэмтдийн хэлснээр анх удаагаа биеийн хэмжээгээрээ дунд зэргээс үлэмж биетэй теропод /махан идэшт/ буюу бидний мэдэх юрийн галавын ертөнц дээрх үлэг гүрвэлүүдийн бүлгийн хэмжээнд хамаарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, эвэрлэг хумсны хэсэг (keratinous sheath) нь гурван-хэмжээст байдлаар хадгалагдсан олдвор олдсон байна. Шинэ олдворын тухайд ясан биеийн олдвор хэсэгчилэн хадгалагдсан байсан бөгөөд, баруун талын бүтэн урд мөч, нурууны сүүлийн хэсгийн хэлхээтэй хэдэн нугалмууд, аарцагны нугалмууд болон бүрэн бус аарцагны ясны хэсгүүд хадгалагдсан байжээ. Гайхалтай нь, эвэрлэг хумсны бүрхэвч уг олдворт гурван-хэмжээст маягаар хадгалагдсан үлдсэн байв. Учир нь, үлэг гүрвэлийн олдворуудад эвэрлэг бүрхэвчийн хэсэг нь хадгалагдаж үлдэх нь маш ховор тохиолдол аж. Энэ хэсгийн тусламжтайгаар үлэг гүрвэлийн сарвууны үйл ажиллагааг тогтоох мэдээллийн чухал эх үүсвэр болдог байна. Тэртээх ертөнцийн нууц элс шорооны ширхэг бүрт нуугдаж өнөөг хүрснийг үлэмж биетүүд нотолсоор байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!