64 настай Ц.Цагаанцоож:Би DJ болно. Залуу хүн чадаад байхад би яагаад чадахгүй гэж

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 1 секунд

Түүнийг Ц.Цагаанцоож гэдэг. Өдгөө 64 настай. Анх түүнтэй Cante-д таарч байлаа. Баарны гэрэлд урт цагаан үстэй залуу гэж андуурахаар электроник хөгжим дээр эрч хүчтэй гэгч нь бүжих түүнийг олон залуус хүрээлнэ. Тэрбээр цахилгаанчин мэргэжилтэй. Монголд болдог хөгжмийн бүх фестиваль, тоглолтын арыг даадаг. Тог, цахилгаан, дэлгэцний гэрэл, хөгжмийг холбохоос эхлээд түүний ажил мундахгүй их. Тэрбээр “Playtime Festival"-ын ард гэхэд 23 жил ажиллажээ. Тиймдээ ч хөгжмийн салбарынхан түүнийг "Цагаанаа" ах гэдгээр нь бүгд андахгүй мэднэ.

Түүний насныхан зохиолын дуу сонсож, гэртээ ач, зээ нар харцгаадаг гэх хэвшмэл ойлголтыг эвдэж чадсан Ц.Цагаанцоожыг онцолж байна.

Тэрбээр 1993 онд "Hi-Fi Records" хөгжмийн сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэр цагаас хойш дуу, хөгжимтэй амьдралаа холбосон нь энэ.

Бааранд намайг харсан залуус их гайхдаг. Миний хувьд бол тэр чинь жирийн үзэгдэл байхгүй юу

Тэрбээр "Би хөгжимд их дуртай. Тэр дундаа электроник хөгжимд хайртай учраас баасан гарагийн орой баар ордог. Ихэвчлэн Eon, Cante-руу ордог. Нэг ёсондоо дуртай хөгжмөө сонсоод алхалт, хөдөлгөөн хийж байна гэсэн үг л дээ. Шөнийн 00:00 цагаас 04:00 хүртэл бүжиглэхэд 8-9 км алхсантай тэнцдэг. Тэгэхээр баасан, бямба гарагт бааранд бүжиглэхэд хоёр өдрийн дотор 20 гаруй км алхсантай тэнцдэг. Би хөдөлгөөнөө цаг нь дээрээ хэмжчихдэг юм. Манай насныхан бааранд ордоггүй учраас намайг залуус их гайхдаг. Миний хувьд бол тэр чинь жирийн үзэгдэл байхгүй юу. Тоохчгүй. Бид адилхан л залуу хүмүүс. Би өөрийгөө залуухан гэж боддог. Бааранд дандаа залуучууд байдаг учраас хамтдаа бүжиглээд эрч, хүчтэй сайхан байдаг.

Аливаа хүн өөрийнхөө дуртай юмыг хийж байхад хэн ч хориг саад тавих ёсгүй. Өөрийнхөө дуртай юмыг хийх нь эрх чөлөө. Хүн ер нь заавал хүнд таалагдах ч албагүй. Тийм биз дээ. Өөрийнхөөрөө байх нь чухал. Хамгийн гол нь зөв л явж байвал бол оо. Би бол тэгж боддог"гэдгийг онцлов.

Бааранд дугаарлаад зогсох Ц.Цагаанцоож руу залуус гайхаж хардаг гэнэ. Зарим нь "Энд ажилладаг байх", Юу хийж яваа юм бол" гэж өөр, хоорондоо шивнэлдэх нь ч бий. Харин нөгөө хэсэг нь "Ямар гоё, эрч хүчтэй хүн бэ" гэж бахархсан харцаар хардаг аж.

Өөрийнхөө насны хүмүүстэй нийлвэл даралтын эм, үнэгүй амралт сувилал л ярих байх. Би харин тийм зүйлс ярихыг хүсэхгүй байна

Ц.Цагаанцоож үргэлжлүүлэн "Би зуны 5-10 сар хүртэл Монголд болдог бүх фестивальд ордог учраас бүх төрлийн хөгжим сонсдог. Үүн дотроос электроник хөгжмийн хэмнэл нь надад илүү таалагдсан. Өглөө машиндаа суугаад электроник хөгжмөө чангалахаар яг л коффее уусан юм шиг сэргэнэ шүү дээ. Би машиндаа мөнхийн хөгжим сонсож явдаг. Миний залуу сэтгэлгээний нууц нь би дандаа залуу хүмүүстэй ажилладаг, найзалж нөхөрлөдөг.

Би жишээ нь өөрийнхөө насны хүмүүстэй найзлавал даалуу, хөзөр тоглоно. Өөр юу хийх үү даралтын эм, үнэгүй амралт сувилал гэх мэт зүйлс л ярих байх. Би бол тийм зүйлс ярихыг хүсэхгүй байна.

Харин залуу хүмүүстэй ажил яриад сууж байвал би чинь өөрийгөө залуу хүн мэтээр төсөөлнө. Хүн чинь гоё хөгжим сонсож, гоё хүмүүстэй нөхөрлөнө гэдэг их чухал. Ямар орчинд байхаас хүний сэтгэлгээ их хамаарна" гэв.

Түүний төрсөн ахын хүүхдүүд нь "Playtime" фестивалийг санаачлагч Ц.Нацагдорж, "A sound" хамтлагийн Ц.Тэмүүлэн

Тэрбээр охин, хүү хоёртой. Урлагийн хүмүүс түүний гэр бүлд олон бий. Тэрбээр хоёр ахтай. Түүний төрсөн ахын хүү нь "Playtime" фестивалийг санаачлагч, захирал Ц.Нацагдорж, нөгөө ахынх нь хүүхэд "A sound" хамтлагийн Ц.Тэмүүлэн аж. Түүнчлэн "Аясын салхи" хамтлагийн Д.Энхтэгш буюу Энди түүний хүргэн юм байна.

Монголчууд 10-20 жилийн өмнөх юмаа л сонсдог. Шинэ юм хүлээж авах чадвар муу

No photo description available.

Ц.Цагаанцоож 5-10 сар хүртэл Монголд зохиогддог хөгжмийн бүх фестивальд оролцдог бол өвөлдөө гадаадын хөгжмийн фестивалиудыг зорьдог. Тэрбээр энэ жил гэхэд Тайландад болсон Wonderfruit, дэлхийд есдүгээрт ордог Exit фестивалыг Сербид очиж үзжээ. Дээрх хоёр фестивалын гайхамшгийг бишрээд ирсэн гэдгээ бидэнд хуучлав. Жинхэнэ орчин үеийн гоё, гоё хөгжмүүдийг тэнд сонссон гэв. Тэрбээр үргэлж шинэ зүйлийг эрэлхийлдэг учраас энэ нь ч түүний амьдралын хэв маяг болжээ.

Энэ талаар тэрбээр "Би шинэ зүйл хайж, шинэ юм сонсохыг хүсдэг. Түүнээс биш манайхан чинь өнөөдөр 10 жилийн өмнө сонсож байснаа л сонсох гээд байдаг юм байна лээ. Би монголчууд ямархуу хөгжим сонсдог юм гэж сонирхоод хотын янз бүрийн баарууд руу зорьж орж үзсэн. Би бүр нэг бааранд ороод DJ дээр нь очоод "Гоё дуу тавьчих л даа" гээд гуйлаа.

Тэгсэн миний өөдөөс "Ах аа үнэнийг хэлэхэд монголчууд сонсдог юм аа л сонсдог. Өөр юм тавихаар наад бааранд чинь хүмүүс үлдэхгүй. Гараад явчихна" гэж ярьсан байхгүй юу.

Тэгэхээр хүмүүсээ тогтоож, баар орлоготой байхын тулд нөгөө л аяаа тавихаас өөр аргагүй. Тиймээс Монголчууд 10-20 жилийн өмнөх юмаа л сонсдог, шинэ юм хүлээж авах чадвар муу гэх үү дээ. Нэг ёсондоо шинэчлэл хэрэгтэйлдээ. Баарны DJ нар нь сетүүдээ долоо долоо хоногоор өөрчилдөг ч юм уу. уг нь манай DJ нар авьяастай шүү дээ" гэлээ.

May be an image of 1 person and text

Ц.Цагаанцоож DJ болох хүсэлтэй. "Би төд удахгүй DJ болно. Яагаад болохгүй гэж. Залуу хүн чадаж байхад би яагаад чадахгүй гэж. Эхлээд олон төрлийн хөгжим сонсож сурах хэрэгтэй. Дараа нь өөрийнхөө стиллийг олж, чихээ онгойлгочхоод дараа нь DJ хийх ёстой байхгүй юу" гэв.

Тэрбээр ярианы төгсгөлд "Хүн хөшиж үхдэг болохоос хөгширч үхдэггүй л байхгүй юу. Хөдөлгөөнтэй байгаа хүнд аливаа юмс амьд л байдаг" гэлээ.

Д.Үүрийнтуяа: Хүн амаа өсгөх бодлогын зөвхөн нэг л шийдэл нь цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх явдал
Д.Үүрийнтуяа: Хүн амаа өсгөх бодлогын зөвхөн нэг л шийдэл нь цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх явдал
 
Л.Гантөмөр: ББСБ-ууд ломбарднаас зээл аваад, иргэдэд зээл олгож байна
Л.Гантөмөр: ББСБ-ууд ломбарднаас зээл аваад, иргэдэд зээл олгож байна
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!