Бөөр хамгаалах дэлхийн өдрийг АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт “Таны бөөр эрүүл үү? Эрт илрүүлж, бөөрөө хамгаалъя!” уриан дор тэмдэглэн, иргэд үйлчлүүлэгчдэд бөөрний архаг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнийг эрт илрүүлэх, эмчлэх, даамжралаас сэргийлэх аргуудын талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, чиглүүлэх зөвлөгөөг өглөө. Олон улсын бөөр судлалын нийгэмлэг, бөөрний сангаас хамтран дэлхийн улс орнуудад жил бүрийн 3-р сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гарагт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг 19 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ талаар АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн Дотрын нэгдсэн тасгийн эрхлэгч, Бөөр судлалын эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор А.Саруултүвшин, "Өнөө үед дэлхийн хүн амын 10 хүн тутмын 1 буюу 850 сая орчим хүн бөөрний архаг өвчинтэй, бөөрний дутагдалд хүрэх, хүндрэх эрсдэлтэй амьдарч байна. 2019 оны байдлаар бөөрний дутагдлын улмаас 3.5 сая гаруй хүн нас барсан, 2040 онд бөөрний дутагдал нь дэлхийн хүн амын нас баралтын 5 дахь шалтгаан болохыг таамаглан мэдээлжээ. Дэлхийн бүс нутагт бүрт бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо ба эмчилгээтэй зөрүүтэй тэнцвэртэй бус байдал байсаар байна.
Бөөрний архаг өвчин даамжрахын хэрээр хувь хүн, нийгэмд эрүүл мэндийн болон эдийн засгийн дарамт учруулдаг даяарчилсан асуудал юм. Энэ нь диализ, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээнээс гадна хавсарсан олон өвчин ба хүндрэлтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүний өртөгтэй холбоотой юм. 2021 оны байдлаар АНУ-ын эрүүл мэндийн салбарт бөөрний архаг өвчний эрүүл мэндийн тусламжийн зардал 86.1 тэрбум долларт хүрч, эрүүл мэндийн салбарын нийт зардлын 22.6%-г эзэлжээ. Бага орлоготой хөгжиж буй орнуудад эмчилгээний зардлыг үйлчлүүлэгч өөрөө төлөх асуудалтай тулгарч эмчилгээ, хяналтанд бүрэн хамрагдахгүй байна. Австрал улсад бөөрний архаг өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлсэнээр эрүүл мэндийн салбарын зардлыг 20 жилийн турш 10.2 тэрбум доллараар хэмнэсэн гэжээ.
Гэтэл дэлхийн нийтээр бөөр ямар үүрэгтэй эрхтэн, бөөрний архаг өвчин ямар аюултай үр дагавар үүсгэх талаар үл анзаарч, мэдлэг багатай байсанаар бөөрний архаг өвчинтэй иргэдийн дөнгөж 7-20% нь бөөрний эмгэгийг оношлуулж, эмчлүүлж, хянуулж байна. Иймээс “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг ард иргэдэд бөөрний эмгэгийн талаар мэдлэг, түүнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах чадвар олгох, олон нийт болон эрх баригч байгууллагын анхаарлын хандуулах зорилготойгоор дэлхий улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлж байна. Бөөрний дутагдалтай холбоотой эрүүл мэндийн зардлыг бууруулж, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хүн амыг ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих, хүн амын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Бөөрний архаг өвчний түгээмэл тохиолдох эрсдэлт хүчин зүйлс болох чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчин, таргалалт нь хотжилт, орчны бохирдол, нийгмийн стресстэй холбоотойгоор нэмэгдэж байна. Бөөрний эмгэг үүсгэх бусад эрсдэлт хүчин зүйлсэд удамшлын бөөрний өвчин, бөөрний цочмог гэмтэл, жирэмсэлттэй холбоотой бөөрний өвчин, ураг бага жинтэй эсвэл дутуу төрөх, аутоиммун өвчин, бөөр шээсний замын бөглөрөл, чулуу, гажиг зэрэг эмгэгүүд орно" гэлээ.
Бөөрний эмгэгийг эрт илрүүлэхэд дараах үзлэг, шинжилгээг хийнэ. Үүнд:
- Артерийн даралтыг хэмжих
- Биеийн жинг хэмжих, жингийн индекс гаргах
- Шээсний шинжилгээ: уураг, дүрст элемент байгаа эсэх
- Цусны шинжилгээ: креатинин үзэх, бөөрний үйл ажиллагааг үнэлэхээр түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тооцоолох
- Чихрийн шижин өвчний үед цусанд глюкозжсон гемоглобин ба глюкозыг тодорхойлох
- Хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ
Бөөрний эмгэгээс сэргийлэх 8 алтан дүрмийг та өөрийн амьдралдаа баримтална уу.
- Биеийн хэвийн жинг хадгалж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх: Долоо хогийн 5 өдөр 30 минутын идэвхитэй хөдөлгөөн хийх
- Эрүүл хооллолтыг эрхэмлэх: Давсны хэрэглээгээ хязгаарлаж өдөрт 5-6 грамм давс хэрэглэх; Ургамлын гаралтай уураг дийлэнхдээ, үр тариа, өөх тос, ногоо, жимс хослуулан хоолны орц, илчлэгийг тохируулан бэлтгэх
- Цусан дахь глюкозын хэмжээг тогтмол хянаж байх
- Артерийн даралтаа тогтмол хянаж, < 130/80 мм.муб байлгах
- Шингэний зохистой хэрэглээг эрхэмлэх: өдөрт 2 литр буюу 8 аяга шингэн уух
- Тамхи татахгүй байх, тамхинаас гарах
- Аливаа эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх, эмчийн заавраар хэрэглэх
- Бөөрний эмгэгийн эрт илрүүлэг үзлэг жил бүр хамрагдах
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!