ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Эмнэлгийн ачаалал ба үйлчлүүлэгчид

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 58 секунд

2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өглөө 09:30 цаг: Эмнэлэгт 09:40 цагт үзүүлэх цаг авсан би үзүүлэхээс 10 минутын өмнө эмнэлэгтээ очиж, орох өрөөний давхар тоотоо хайн оллоо. Үүдэнд нь 10-аад хүн сууж байлаа. "Энэ хүмүүс цагаасаа эрт ирсэн юм байхдаа. Эсвэл өөр эмчид үзүүлэх байх" хэмээн дотроо таамаг дэвшүүлээд үүд рүү нь дөхлөө. Үүдэнд сууж байсан таягтай эмээ босож чадахгүй хэсэг түгтэгнэж байснаа "Эмээгээ татаад босгоод өгөөч" гэхэд нь за гээд дуугүйхэн түшиж босгов. Эмээ ч миний үзүүлэх тоот руу ойртоод зогсох нь нь тэр. Та энд үзүүлэх юм уу гэхэд тийм ээ гээд түрүүний босгоод өгөөч гэж гуйсан хоолойноосоо илт өөрчлөгдөж, хялам хийх маягтай хяхтнан хэлэв. Энд цагаараа үзэж байна уу, та хэдэн цагт дугаар авсан бэ гэхэд "Тэр чамд хамаагүй одоо би орох оочиртой" гээд илт дээрэнгүй аясаар харьцана. За даа энэ хүнтэй ч юм яриад нэмэргүй бололтой гэж бодоод хойшиллоо.

Дараагийн ах 50 гаруй насных тул арай юм ойлгох байх гэж бодоод яриа өдөх маягтай "Та хэдэн цагаас дугаар авсан бэ" гэхэд "Өө энд дугаараараа орж байгаа хүн алга. Оочирло л гээд байна" гэв. Өө ямар сонин юм бэ. Дугаараараа үзүүлэхгүй юм бол яах гэж дугаар авдаг юм бол оо гэхэд харин түүнийг чинь хөгшин настай хүмүүс тоож байгаа ч юм алга гэж нэмэрлэв. Хойно нь сууж байсан эгч, эмээ хоёр "Хүүхээ дараагийн оочир нь бид хоёр шүү. Хоёр цаг хүлээж байна" гэсээр урдуур нь орчих вий гэсэн шиг хялам зэхэм хийн ажна. За даа би ч эдгээр хүмүүсийн ард орохгүй бол ч бөөн хэрүүл, зодоон болох маягтай гэсээр дуугүйхэн хойшлов. Хэсэг хүлээн зогсож байтал 60-аад насны нэг ах ирснээ "Энд оочир захисан хүн маань хаачив" гэсээр нэг хүнийг хайна. Аль түрүүнээс хойш хүлээсэн нэг эмээ "Би энд зөндөө удаан хүлээж байна. Чамайг лав хараагүй. Чи хэнд ч оочир захиагүй. Хойшил, хойшил" гэсээр илт тээршаана. Ах хүү ч мөчөөгөө өгөхгүй "Үгүй ээ, энд нэг саравчтай саарал малгайтай хүн байсан" гэхэд нь "Өглөөнөөс хойш тийм хүн байгаагүй ээ" гээд ширэв татав. Ах ч за даа баригдах шинжтэй гэж болсон уу бууж өгч байгаа бололтой "Сүүлийн оочир аль вэ" гэсээр хойш боллоо. 40-өөд насны болов уу гэмээр өндөр гунхалзсан бүсгүй ирээд "Эмчээс ганц юм асуугаадах уу" гээд үүд рүү нь дөхөхөд ойр орчимд нь суугаа 7-8 хүн ярдаг нохой шиг "Бүгд л нэг юм асуух гээд сууж байна" гээд халгаасангүй.

Цахим, цахим л гээд байсан. Цахимаар цаг аваад ч эдгээр эмээ, өвөө нарын дэргэд тэр цахим цаг ёстой падлийгүй. Энэ дэлгэцэн дээр миний нэр гараад байна аа. Одоо 10:15 цаг болж байна. Миний үзүүлэх цаг болчихжээ гээд цагаараа ирсэн залуу тайлбарласан ч тэдгээр хүмүүст наалдах юу ч үгүйг ухааран бас л сүүлчийн оочрыг сураглав. Арай гэж хоёр цаг хүлээсний эцэст миний ээлж болж үүд рүү дөхөн өнөөх оочроо алдахгүйг хичээн нөгөөх өвөө, эмээ нарын дүрд орсноо ч өөрөө анзааралгүй зогсож байлаа. Гэнэт л хүүе ээ, би чинь яаж байна аа гэж гэнэт бодсоноо "Эмнэлгийн хаалгаар орохдоо хүн чанараа гээх ёстой юм байна" гэсэн дүгнэлт хийгээд эмчийн хаалга руу ойртох гэсэн сүүлд ирсэн хүмүүс рүү үүдэнд нь уятай нохой шиг л боргоно. За өмнөх хүн ч гарав. Би ч оров. Нүдний шилэн дээгүүрээ өнгийн харах 50 гаруй насны болов уу гэмээр эрэгтэй эмч "Наанаа суу" гэж захирав. Ямар зовуурь илэрч байна гэхэд ингээд, тэгээд гээд хэлтэл бичиж тэмдэглэж байгаа бололтой урдаа байгаа компьютерыг хэд тогшоод зүрхний цахилгаан бичлэг хийлгээд ир гэв. Хажууд нь байсан сувилагч тэдэн давхарт тэдэн тоот гэж тодруулж өгөөд гарлаа. Үүдэнд хүлээж байсан хүмүүс ямар сайхан хурдан үзүүлээд гараад ирдэг хүүхэд вэ гээд инээв. Буцаад эндээ ирж хоёр цаг оочирлох юм байхдаа гэж бодохоос дотор харанхуйлна. Зүрхний бичлэг хийлгэхээр очтол үүдэнд нь нэг хүн сууж байна. Та ийшээ орох уу гэхэд үгүй, үгүй хүү минь гээд эргэв. Би ч дотроо ёндоо гэж бодоод орж зүрхний цахилгаан бичлэгээ хийлгээд буцаж нөгөөх эмчийнхээ өрөө рүү очив. Оочир нь арай жаахан суларсан ч 5-6 хүн сууж л байна. Дахиад оочирлох нь дээ гэж бодоод уртаар амьсгаа аваад хаалга руу дөхөхөд түрүүн зүрхний бичлэгийн тоот зааж өгсөн сувилагч "Өө чи ирчихсэн үү" энэ хүнийг гарахаар зөрөөд ороорой гээд эмчийн өрөө рүү оров. Би ч ашгүй минь гэж дахиж оочирлохгүй нь гэж бодоод баяртайгаар мишээн зогсох хооронд өмнө орсон хүн ч гарч ирэв. Зөрөөд орлоо. Эмч ч зүрхний цахилгаан бичлэгийг нэг тойруулж харснаа "Одоогоор зүрхний хэм алдалт ажиглагдаагүй тул даралт чинь унаад байгаа юм байна. Өтгөн сайхан чихэртэй байхуу цай уу" гээд гаргав.

Би ч ийм үг сонсох гэж бараг гурван цаг оочирлосондоо бачимдав. Ядаж ганц чагнуураараа чагнаад, даралт үзээгүй байж яаж ингэж оношилж чадаж байна аа гэж гомдоно. Өмнө нь олон зүрхний эмчээс ярилцлага авч байсан би зүрхний хэм алдалтыг яаж тодорхойлдог талаар сонсож байсан тул ганц удаагийн зүрхний бичлэгээр зүрхний хэм алдалт алга гэж тодорхойлсон эмчид эргэлзэнэ.

Манай эмнэлгийн салбар ч гэж үйлчлүүлэгч, үйлчилж байгаа аль аль нь хэцүү ч юм даа гэж бодсоор ажил руугаа алхлаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурагчдыг тээвэрлэж явсан автобус машинтай мөргөлдсөнөөр нэг хүүхэд аавтайгаа, хоёр хүүхэд эмээтэйгээ, автобусанд дайгдсан иргэн гээд нийт 3 гэр бол хорвоог ОРХИЛОО
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурагчдыг тээвэрлэж явсан автобус машинтай мөргөлдсөнөөр нэг хүүхэд аавтайгаа, хоёр хүүхэд эмээтэйгээ, автобусанд дайгдсан иргэн гээд нийт 3 гэр бол хорвоог ОРХИЛОО
 
Аваргын цувралын гурав дахь тоглолт маргааш болно
Аваргын цувралын гурав дахь тоглолт маргааш болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!