ХӨНДӨХ СЭДЭВ: Бага насны хүүхдээ ганцааранг нь эмнэлэгт хэвтүүлж “хаячихаад“, эргэлтээр ч ирдэггүй эцэг эхчүүд ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 24 секунд

Агаарын хэм өдөртөө нэмэх хэмд шилжиж, урин цаг ирж байгаа ч эмнэлгүүд ханиад, хатгаатай хүүхдүүдээр дүүрч, нөхцөл байдал хүнд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг энэ удаад хөндлөө. Тодруулж хэлбэл, эмнэлгүүдийн хүүхдийн тасагт хүүхдийг хүүхдээр сахиулдаг, ажил ихтэй, завгүй гэх шалтгаанаар дунд ангийн хүүхдээ сахиургүй ганцааранг нь хэвтүүлдэг тохиолдлууд ихээр гарч байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээ үр дүнтэй болж, хурдан эдгэрэхэд эмчилгээнээс гадна асаргаа сувилгаа хамгийн чухал нөлөөтэй байдаг аж. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдээ эмнэлэгт хэвтүүлчхээд, эмнэлгийн хоолонд найдаад эргэлтээр ч ирдэггүй тохиолдол олон гардаг байна. Энд ганцхан эмнэлгийн жишээг дурьдахад, Сэлбэ нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 9-16 хүртэлх насны 26 хүүхдийн 14 нь сахиургүй, ганцаараа хэвтэж байна.

"Сахиургүй хүүхдүүд эмээ цагт нь уухгүй мартаад эмнэлгийн хоолоо ч олигтой иддэггүй. Түүнээс гадна шөнө унтахгүй хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд утас үзээд хонодог. Ийм хүүхдүүдийн эдгэрэлт сахиуртай, асаргаа, халамж сайтай хүүхдүүдээс удаан байдаг. Энэ бол эмнэлэгт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн ноцтой асуудал" хэмээн тус тасгийн эрхлэгч П.Болор-Эрдэнэ онцлов.

Мөн тэрбээр, Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдал хамгийн том алдаа. Манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 40-50 хувийг 5-аас дээш насны хүүхэд эзэлж байна. Гэтэл эцэг, эхчүүд ажил ихтэй гэх шалтгаанаар хүүхдийг хүүхдээр харуулж, сахиулдаг. 7 настай хүүхдийг 11 настай хүүхдээр сахиулдаг. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдэд асаргаа маш чухал байдаг. Гэтэл 10 настай хүүхдээ хэвтүүлээд ганцааранг нь орхичихоод эргэлтээр ч ирэхгүй. Эмнэлгийн хоолонд найдаад үлдээчихдэг. Шаадлага тавихаар "Ажил ихтэй, ард 2-3 хүүхэд байна. Ганцааранг нь хэвтүүлэхээс өөр арга байхгүй" гээд уурладаг. 16-аас дээш насны хүүхдүүд учир мэдээд заавар зөвлөмжийг дагаж, өөрийгөө хариуцаад явчихдаг. 14-өөс доос насныхны хувьд үнэхээр амаргүй. Эмнэлгийн ачаалал их байхад үндсэн ажлынхаа хажуугаар сахиургүй хүүхдүүдийн асран хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэх шаардлага гардаг" хэмээн учирлав.

Энэ бол ганцхан эмнэлгийн нөхцөл байдал. Үүний цаана хэчнээн хүүхдийн эрх энэ байдлаар зөрчигдөж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажилд хүндрэл учруулж байгааг бид таашгүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ асран халамжлах үүргээ биелүүлж, хүүхдэдээ цаг гаргадаг байцгаая. Хэдийгээр ажил чухал ч хүүхдийн тань эрүүл мэнд түүнээс чухал гэдгийг ойлгож, хариуцлагатай байх шаардлагатай байна.

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!