Д.Амарбаясгалан: Намрын чуулган 81 өдөр хуралдаж 52 хууль, УИХ-ын 57 тогтоолыг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 34 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган хаалтаа хийлээ. Намрын чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцолбол,

"Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.

Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд багагүй цаг хугацаагаа ажлын хэсгүүдийн хуралдаан, хэлэлцүүлэгт оролцох, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажилд зарцууллаа.

Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан байна. Эдгээр ажлын хэсгүүд өнөөдөр эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлаар байгуулагдан ажиллаж байна. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийг сайжруулах, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын эрх зүйн шинэтгэл хийх, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих эрх зүйн орчныг бүрдүүлэх, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мопед, скүүтерийн хэрэглээг нарийвчлан зохицуулах, электрон тамхины хэрэглээг зохицуулах, тамхины хяналтын хууль тогтоомжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээ, эм, хүнс, боловсролын зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг хөндөж байгаа юм.

Ажлын хэсгийн эхний үр дүнгүүд гарч байна. 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг товлосон цаг хугацаандаа төслийг өргөн мэдүүлснээр “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг” баталлаа. Ийнхүү Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойллоо.

Стратеги төлөвлөгөөнд дөрвөн жилийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхой тусгасан байгаа нь парламент төлөөллийн байгууллагын хувьд үр дүнд чиглэх, хариуцан тайлагнадаг байх зарчим бодитой хэрэгжихэд ач холбогдолтой юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байна. Энэ төсөл нь хууль ба журмын зохист харьцааг хангах, журмын тоог цөөлөх, журам батлах эрх олгосон зохицуулалтад тавигдах шаардлагыг өндөрсгөх, хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр дүгнэлт гаргадаг болох зэрэг иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хуульд нийцээгүй журмуудыг хүчингүй болгох эрх зүйн үндсийг бий болгоход чиглэж байна. Тиймээс хаврын чуулганаар энэ хуулийн төслийг нухацтай хэлэлцэж, цаг алдахгүй батлан мөрдүүлэх ажил биднийг хүлээж байна" гэлээ.

Сайд Л.Энх-Амгалан: Цагаан сараар 10 хоног амрах хуулийн төслийг ЗГ дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдвал амжиж батлуулах боломжтой
Сайд Л.Энх-Амгалан: Цагаан сараар 10 хоног амрах хуулийн төслийг ЗГ дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдвал амжиж батлуулах боломжтой
 
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч байгаа цагт нэг  ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!