
Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2026.09.07/ нээлтээ хийлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт "Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдлыг тооцсоны үндсэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдахгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэхүү төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, ахмад настны тэтгэвэр болон төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан онцлогтой байна" гэв.
Төсвийн тодотголыг үнийн өсөлтөд амьжиргаа нь хүндэрч байгаа иргэдээ хамгаалах, цалин, тэтгэврийг нэмэх, ирэх өвлийн түлш шатахуун, хүнс, эрчим хүчний болзошгүй эрсдэлийг даван туулахад зориулан боловсруулжээ.
Төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн мэдүүлснийг онцоллоо.
Эдгээр нь зөвхөн энэ удаагийн төсвийн тодотголд хамаарах зохицуулалтын шинжтэй өөрчлөлт бус, харин төсвийн тусгай шаардлага, тогтвортой байдал, цаашдын төсөв бүрдүүлэх механизмыг үндсээр нь өөрчлөх суурь зарчмын асуудлууд тул Улсын Их Хурал нухацтай хандах учиртай гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт тодотгов. Төсвийн тодотголд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, ногдол ашгийг нэмэгдүүлэхээр тооцож оруулж ирсэн нь ард түмэндээ байгалийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээж, жинхэнэ утгаараа Баялагтаа эзэн Монгол болох цаг үеэ олсон сайн өөрчлөлтийн эхлэл хэмээн үзэж байна.
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрчээ.
Төсвийн тодотгол бол үр ашиггүй зардлаа танаж чаддаг, зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой.
Ийм эгзэгтэй цаг үед бидэнд улс төржсөн төсөв бус, улсаа бодсон хариуцлагатай төсөв, өнөөдрийг аргацаасан зохицуулалт бус харин маргаашийн тогтвортой байдлыг хамгаалсан бодлого хэрэгтэй гэдгийг онцлов.
Ээлжит бус чуулган үдээс хойш хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!