Гандантэгчэнлин Хийдэд нэгдүгээр сарын 11-14 хүртэл нүгэл хилэнц, алдаа уналт бүгдийг наминчилж ариусган 10 цагаан буяныг дэлгэрүүлэх “Нүннэй“ хурал болно.
Номт гурван орны нэг Монгол нутагт Бурханы шашин дэлгэрсэн цагаас эхлэн үе, үеийн хаад ноёдууд мөнхлөн хуруулж байсан хурлын нэг нь Их нигүүлсэгч Жанрайсиг бурханы “Нүннэй” буюу “Чилэн суухуй” хэмээх зан үйл юм.
Энэхүү зан үйлийн ач тус нь гурван муу заяанд унах /там, бирд, адгуус/ шалтгаан болсон хилэнц нүглийг түргэнээ арилгах, муу заяаны зовлонгоос гэтэлгэх, нүгэл хилэнц, алдаа унал бүгдийг наминчилж ариусган арван цагаан буянаа дэлгэрүүлэх зан үйл юм. Тиймдээ ч “Нүглээ арилгая гэвэл Нүннэй сахь” гэсэн яриа дэлгэрчээ.
Нүннэй хуралд хурсан, хурал хуруулсан мөн даган баяссан бүхний тус эрдэм цаглашгүй их юм. Нүннай их сахиснаар нүгэл хилэнц үтэр түргэн арилж буяныг ихээр хураадаг аж.
Энэ зан үйл нь бурханы шашны аг тарнийн номтой холбоотой.
Номын эхэнд “Жорвын чойдог” буюу “Бэлтгэл зургаан ном”-ын дагуу зан үйлүүдийг бэлдээд “Нүннай” хурлаа сахиж хурдаг.
“Жигдэн гомбо” буюу “Жанрайсиг бурханы магтаал” хэмээх мөргөлийн ном байдаг. “Жигдэн гомбо” номоо уншаад, биеэр мөргөж, сэтгэлдээ сүжгийг үүсгээд “Зөвхөн би гэлтгүйгээр тойрон хүрээлсэн хамаг амьтад бүгдээр тэргүүлшгүй цагаас энэ цаг мөчийг хүртэл хураасан нүгэл хилэнц бүхнээ сэтгэлийн гүнээс арилгаж байна” хэмээн бодож мөргөдөг.
Үнэн зүрхнээс өөрийн сэтгэлийг одуулан үйлдвээс авралтай төдийгүй “Нүннэй” олон сахиснаар муу заяанаас гарцаагүй гэтэлгэнэ хэмээдэг билээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!