Онол үйлдвэрлэлийн 18 дахь удаагийн хурал амжилттай зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 57 секунд

А.Сэр-Одын нэрэмжит УМЭАЦТЛ нь “Оношлох эрдэм-дэвшилт арга” 18 дахь удаагийн онол үйлдвэрлэлийн бага хурлаа 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үндэсний сүлжээ лаборатори (National vet lab network)-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга, лабораторийн эрхлэгч, шинжлэгч эмч нар болон МЭЕГ, МЭХ, МЭЭСБУЛ, МЭС-ийн удирдлага, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хурлаа зөвхөн төв лаборатори төдийгүй, 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн оношилгоо, үйлчилгээний лабораториудын чадавхийг улам сайжруулах нэн шаардлагатайг илтгэн “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын дор зохион байгуулав.

Тус хуралд хүнсний аюулгүй байдал, бичил биетний тэсвэржилт, мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх, шинэ болон сэргэж буй өвчний оношилгоо, тандалт судалгааны талаарх 43 өгүүлэл хэвлэн нийтлүүлж, 23 илтгэл хэлэлцүүлсэн бол ханын илтгэл 10-ыг өргөн барьлаа.

Түүнчлэн хурлын үеэр ДМАЭМБ-ын “Хуурай газрын амьтдын өвчнийг оношлох арга ба вакцины гарын авлага” (Manual of Diagnostic Tests and Vaccine for Terrestrial Animals, thirteenth edition 2024) номын нээлт боллоо.

УМЭАЦТЛ-ийн захирал Ө.Гэрэлмаа нь тус гарын авлагыг орчуулсан С.Дэлгэрцэцэг, Монгол улсын малын гавьяат эмч, профессор Р.Содномдаржаа нарт талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн. Мөн “Оношлох эрдэм-дэвшилт арга-2024” бүтээлийн редактороор ажилласан тус лабораторийн “Онош зүйчдийн зөвлөл”-ийн гишүүд болох профессор Р.Содномдаржаа, МЭХ-ийн доктор Б.Болдбаатар, МЭЕГ-ын ахлах мэргэжилтэн, тархварзүйч С.Батхуяг нарт батламж гардууллаа.

18 дахь удаагийн энэхүү хурлаар:

1. Тус лабораторийн халдварт, паразиттах өвчний оношилгоо, тандалтын лабораторийн нян судлагч эмч Л.Баасанбилэгт "Ямааны годрон өвчний үүсгэгчийг өсгөвөрлөн ялган тогтоож баталгаажуулсан нь" сэдвээр илтгэл хэлэлцүүлж “ШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ээр;

2. Дархан-Уул аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч эмч Б.Ренчиндорж "Дархан-Уул аймгийн хонин сүрэгт фасциолёз өвчнийг оношилсон дүн" сэдвээр “ДЭД БАЙР”

3. Увс аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Т.Цолмонгэрэл "Увс аймагт 28 жилийн дараа адууны ям өвчин оношлогдов" сэдвээр “ГУРАВДУГААР БАЙР”-нд тус тус шалгарлаа.

4. Шилдэг ханын илтгэлээр тус лабораторийн халдварт, паразиттах өвчний оношилгоо, тандалтын лабораторийн нян судлагч эмч Б. Ууганзаяа шалгарлаа.

ОҮБХ-ын гуравдугаар байрын бай шагналыг тус лабораторийн зөвлөх эмч Ц.Сугир уламжлал ёсоор хувийн зүгээс олгосон бол, 2 дугаар байрын шагналыг тус лабораторийн зөвлөх эмч, Монгол улсын малын гавьяат эмч, профессор Ц.Дамдинсүрэн анх удаа олгож, цаашид энэхүү нэрэмжит шагналаа үргэлжлүүлэн олгож байхаа илэрхийлэн, залуу судлаачдад урам зориг нэмлээ.

Тусгай байрын шагналд тус лабораторийн Байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын лабораторийн шинжлэгч эмч Б.Төгсжаргалын "Тугалд хар тугалганы хордлого илрүүлсэн дүн" сэдэвт бүтээл шалгарч Баян-Өлгий аймгийн МЭГ-ын дарга Ч.Буян-Өлзийгийн санаачлагаар ОХУ-явах эрхээр шагнууллаа.

18 дахь удаагийн бүтээлийн хэвлэлийг НҮБ-ын ХХААБ-ын “Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, худалдааны шударга байдлыг хангах хэрэгсэл болгон ашиглахад бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэх” (1H4FS) төслөөс санхүүжүүллээ.

Мал эмнэлгийн онош зүйчдийн оношлох эрдэм төгс, бүтээл туурвил арвин байх болтугай!

Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!