Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын 16-р бага хурал /сор16/ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдаж байна. Тус хурлын талаар БОУАӨ-ийн сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан элч П.Батхишиг-ээс тодрууллаа.
-Монгол улсын хувьд нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн. Бусад улс орнууд цөлжилттэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцид Монгол улс 1994 онд нэгдсэн байдаг нь бид энэ асуудалд нэлээд эрт анхаарч ирснийг харуулдаг. Уул уурхайд тулгуурласан эдийн засагтай, хүн амын 25 гаруй хувь нь мал аж ахуйгаас хамааралтай манай улсын хувьд цөлжилт, газрын, доройтол, ган гачигт нэрвэгдэж буй нь бодит баримт. Цөлжилттэй тэмцэх ажил бол нэг улсын байхаа хэдийнэ больж улс орнууд хамтрах, бүс нутгийн хэмжээнд цогц байдлаар асуудлаа ярьж, хэлэлцэж, байгальд ээлтэй шийдэл хэрэгжүүлдэг болжээ. Энэ утгаараа олон улсууд бие даасан болон хамтарсан санаачилгууд гаргаж, түүнд бусад улс орнуудыг татан оролцуулж буй нь сайн үр дүнд хүрч байна. Монгол улсын тухайд бид нар өөрөөс хамаарах зүйлээ хийж байгаа ч гэсэн сүүлийн гурван жилийн өмнөөс эхлүүлсэн “Тэрбум” мод хөдөлгөөн үнэхээр сайн жишиг болж энд яригдаж байна. Энэхүү хурлыг зохион байгуулж байгаа Саудын Арабын Хаант Улс 50 тэрбум мод, Арабын орнууд бүсийн хэмжээнд нийлээд 10 тэрбум мод хөтөлбөрийг санаачилсан байна. Түүнээс гадна шинжлэх ухаанд тулгуурласан цогц шийдлээр хэд хэдэн хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал датад суурилсан, системтэй судалгаа, түүнийг бага зардлаар хийх, хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнг бодитой болгоход их анхаарч байна. Мод тарих уламжлалт арга үр дүнтэй хэдий ч ямар зардлаар, бусад олон хүчин зүйлст хэрхэн эерэг нөлөө үзүүлэх, ялангуяа тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргаа, эдийн засагт хэрхэн нөлөөлөх зэрэг олон талыг бодсон цогц бодлого чухал байна. Тэр утгаараа НҮБ-ын гурван конвенцыг зайлшгүй холбож, санхүүгийн шинэ механизмуудыг хэрэглэх талаар түлхүү анхаарч байна. Цөлжилт, газрын доройтол, ганд нэрвэгдэж байгаа улсуудын асуудал харьцангүй түгээмэл, ижил байна. Зарим улсуудад 20 жил, 10 жил бороо ороогүй бол эдийн засгийн байдлаасаа шалтгаалаад юу ч хийж чадахгүй байхад, зарим улсуудад 10, 20 тэрбум долларыг зарцуулж байгаа ч үр дүн харилцан адилгүй жишээнүүд байна.
-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 29-р бага хурал саяхан болж өнгөрсөн. Тус хурлаар санхүүжилтийн талаар баримтлах хамтын зорилтоо тодорхойлсон. Энэ удаа COP16 -ийн хувьд санхүүжилтийн асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Өмнөх Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын 29-р бага хурал /Copy29/ дээр санхүүжилтийн асуудлыг тодорхой ярьж байсан бол энэ хурлаар мөн үргэлжлүүлээд санхүүжилтийг үр дүнтэй яаж холбох вэ?гэдэгт анхаарлаа хандуулж байна. Мэдээж цөлжилтөд нэрвэгдэж байгаа улс орнуудад санхүүгийн нөөц хүрэлцээгүй байгаа. Ялангуяа төсөв, төслийн мөнгөөр хийгддэг ажил биш гэдгийг онцолж, аль болох олон талуудыг татаж оруулахыг чухалчилж байна. Улс орнууд өөрсдийн гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, улсын төлөх өрийг цөлжилт болон ногоон санхүүжилттэй холбоод хөгжсөн орнуудын хийх үүргийг өөр дээрээ авах тухай, хөгжсөн орнууд буюу цөлжилтөд хувь нэмрээ оруулах хүсэлтэй улс орнууд зөвхөн мод тарих гэхээсээ илүү хүлэмжийн хийн зах зээлээр дамжуулан зах зээлд оролцох тухай яригдаж байна. Жишээ нь Сингапур улс карбон худалдан авахаад зориулж 1 тэрбум долларын эх үүсвэр хуваарилсан нь тэр хэмжээний карбонд 7-10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Буурай орнуудын тухайд хөгжсөн орнуудаас суралцах хэрэгтэй. Нөгөө талдаа бидний чадавхи хэр байна вэ? Хүмүүс, төрийн бус байгууллагаа чадавхжуулах, мод тарьдаг, байгаль орчны судалгаа хийдэг байгууллагуудаа чадавхжуулах ажлууд нилээд хүлээгдэж байна. Харин чадавхжуулж чадсан тохиолдолд олон улсын санхүүжилт, сайн туршлагуудаас сурах, авчрах боломжууд нээлттэй. Мөн цөлжилтийн эсрэг зарцуулж байгаа ногоон сангаас санхүүжилтээ яаж авах вэ гэдэг өрсөлдөөн байна. Бид ямар үр дүнг тайлагнах вэ, эхний үр дүнг тайлагнаж байж, дараагийн санхүүгийн эх үүсвэр шийддэг маш зөв механизмаар явж байна. Цөлжилттэй нэг улс орон тэмцдэггүй гэдэг дээр улс орнууд зөвшөөрчихсөн. Төв ази, бүсийн хэмжээнд ярьж, хүчин чармайлтуудаа нэгтгээд хамгийн үр ашигтай, бага зардалтай, үр дүнтэй механизмууд дээр хамтарч ажиллахаар яригдаж байна. Бидний хувьд суралцах зүйл маш их байна. Бид өөрсдөөс хамаарах зүйлээ хийхээс гадна бусад улс оронтой хамтран илүү их зүйлийг хийж шаардлагатай тулгарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!