СУРВАЛЖИЛГА: Банхар хүртэл хосоо голдог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 28 секунд

Танд энэ гарчиг сонирхолтой санагдаж байна уу. Үнэхээр монгол банхарууд үржилд орохдоо хосоо голж, шилдэг гэнэ. Ийм нөхцөлд хосыг нь солихоос өөр аргагүй. Энэ талаар "Шандын харуул" банхарын үржлийн газрын эзэн Ж.Болд-Отгон ярихдаа "Нохой, нохойндоо дурлах тохиолдол хүртэл байна. Тэрийг эзэн нь мэдэрч чадвал онцгой сайн гөлөг гарна. Банхарууд нэг нэгэндээ татагдаж байгаа нь харилцаанаас нь ил. Жишээлбэл, гурван эр банхар байлаа гэхэд эм банхар дуртай дээрээ очоод сүүлээ шарваганаад, налж унаад, аальгүйтээд байдаг" гээд инээмсэглэв.

Ж.Болд-Отгоны хувьд Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул. Тус аймагт монгол банхарын үндсэн суурь сүрэгтэй, хэд хэдэн голомт газар байсан гэгддэг. Тиймдээ ч түүний хувьд багаасаа банхартай өсөж торниж, 2017 онд малын их эмчээр суралцаж төгсжээ.

Тэрбээр оюутан байхдаа үржилд орох банхарын эрэлд гарч Дорноговь хот хоёрын хооронд их явдаг байжээ. Машин байхгүй учраас хотоос нохойны хоолыг бөөгнүүлж байгаад вагоноор явуулна. Мөн нохойнуудаа вагоноор зөөж нийллэгт оруулдаг байж. Улмаар Ж.Болд-Отгон хотод суурьшихаар шийдэж 2020 онд "Шандын харуул" банхарын үржлийн газрыг 22-ын товчооны ойролцоо байгуулжээ. Эдний өнөр гэр бүл энд суурьшсанаас хавь ойрын айлуудад нь хулгай гарах нь ч эрс багассан байна.

Түүнчлэн удам угсаа сайтай банхар хаана л байна тэр болгоныг олж үржилд оруулахын тулд хэдэн км ч байсан хамаагүй явдаг гэнэ. Үүнийг сонсоод ёстой хоббигоо ажил болгочихсон хүн л ингэж дурлаж ажлаа хийдэг байхдаа гэж бодогдож байлаа.

Ууртай догшин банхарууд хоорондоо нийлэхээр стресс, уур бухимдал нь удамшдаг

Ж.Болд-Отгонтой хамт байгаа энэхүү банхарыг зоос гэдэг. Гурван настай эр нохой. Өнгөрсөн өвөл Монгол Улсын аваргын болзлоо хангажээ. "Шандын харуул" банхарын үржлийн газрын эзэн Ж.Болд-Отгон "Манай үржлийн газар сүүлийн 2-3 жил Монголдоо амжилтаараа тэргүүлж байгаа. Нохойгоо хажуудаа байлгаж, илүү ойр харьцах тусам амжилт дагаад өсдөг. Стрессгүй үржил хийнэ гэдэг маш чухал. Торонд хорьсноо үржил хийсэн гэж ярьж болохгүй. Торонд хоригдсон нохой стрессдэнэ, уурлана. Ингэхээр ааштай болно. Түвд банхар түрэмгий ааштай байдаг даа. Үүнтэй адилхан ууртай догшин банхарууд хоорондоо нийлэхээр стресс, уур бухимдал нь удамшдаг. Зөөлхөн, тайван банхараас үр төл нь хүртэл тайван гарна. Охин нохойны хоногийг тааруулах нь маш чухал. Хэрэв мөчлөгийг нь зөв олоогүй, эсвэл эр нохой нь олон эмэгтэй нохойтой нийлсэн бол үр тогтдоггүй. 17 цагийн дараа эр нохойны эр бэлгийн эс нь бүрэн боловсорч дуусдаг. Тиймээс 17 цагийн дараа үржил хийгддэг. Бусад үүлдрийн нохой жилдээ хоёр удаа гөлөглөдөг бол монгол банхар жилдээ нэг л удаа өвлийн цагт гөлөглөдөг.

Энэ жил манай 10 банхар гөлөглөнө. Нэгээс нь дунджаар 6-8 гөлөг гарна. Ингэхдээ 8 гөлөгний 2-3 нь чанартай, сайн гарна гэж бодъё. Харин эр нохой жилд 10-20 эмэгтэй нохойтой нийлдэг. 10 нохойтой нийлэхэд 20 сайн гөлөг гарна гэсэн үг. Тэгэхээр чанарын хувьд эр нохой үүлдэртээ ингэж сайн нөлөөлдөг" гэдгийг онцлов.

Тэд байгууллагуудын реклам, дууны клип, кинонд тоглодог

Энд байгаа банхарууд байгууллагуудын реклам, дууны клип, кинонд тоглодог. Түүнчлэн Монгол ахуйтай арга хэмжээнд баатрын хувцастай монгол банхарын "халтуур" хүртэл хийдэг гэнэ лээ. Ж.Болд-Отгон тэжээсэн нохойноос МУ-ын Их аварга “Сарлаг” гэж нохой байна. Сарлагийн амжилт түүний үржлийн газрын цом, медалийн ихэнхийг бүрдүүлдэг аж. Мөн Ж.Болд-Отгоны үржүүлгээс МУ-ын аварга цолтой таван нохой бий.

Олон улсад монгол банхарыг бүртгүүлэхээр ажиллаж байна

"Шандын харуул" банхарын үржлийн газрын эзэн Ж.Болд-Отгон "Эртний нүүдэлчин монголчуудын салшгүй анд нөхөр байсаар ирсэн энэ нохой байгалийн зөн билэг өндөр хөгжсөн, сүргээр болон бие даан амьдрах чадвартай, ухаалаг, тэвчээртэй, дайчин байдлаар бусад үүлдрээс ялгарах болсон. Монгол банхар бусад нохдоос ялгарах үндсэн сайн чанарууд ихтэй. Дөлгөөн зантай, гэр бүлдээ элэгтэй, өөрийн орон зай, оршин буй газраа бүрэн хамгаалах чадвар өндөртэй.

Улс бүр өөрийн гэсэн уугуул нохойтой. Монгол банхар эртний уугуул үүлдрүүдийн нэг гэж явдаг мөртлөө албан ёсны бүртгэлгүй. Монгол банхар судлалын холбооноос дэлхийн нохой судлалын холбоонд монгол банхарыг бие даасан үүлдэр гэж бүртгүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр гаднаас валют орж ирэх том зах зээл нээгдэнэ. Монгол банхарыг олон улсад бие даасан үүлдэр болгон бүртгүүлэх ажлын хүрээнд 60 нохойны HD ED түнх тохойн рентген зураг авах ажлын явц ахицтай явж байна.

Банхарын тоо толгой, цусны шугам, бүртгэлжүүлэлт, стандарт, цусны шинжилгээ зэрэг олон материалуудыг бүрдүүлж гадагшаа явуулна. Комиссын хурал ирэх 2025 оны наймдугаар сард болно. Хэрэв бүртгүүлж чадвал наймдугаар сардаа үргэлжлүүлээд дэлхийн аварын том рингэн дээр монгол банхар өрсөлдөх боломж бүрдэнэ.

Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдсан.

Энэ үеэр дэлхийн нохой судлалын холбооны ерөнхийлөгч "Нуугдсан эрдэнэ ил гарч ирлээ" гэж монгол банхарыг онцолж байсан.

Харин шоу үзэсгэлэн тэмцээн хөөдөг хүмүүс "Монгол банхарыг ийм том биетэй байж маш хөнгөн хөдөлгөөнийг үзүүлж байна. Энэ бол маш ховорхон шинж чанар тэгэхээр үзэсгэлэн тэмцээнүүдэд өндөр амжилтуудыг үзүүлж том шоунуудыг базах боломжтой. Хэрэв олон улсад Сонгол банхар бүртгэгддэг л юм бол олон улсын рингэн дээр авч гарах эхний хүн нь би болмоор байна" гээд ярьж байсан удаатай" гэлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 10 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 10 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!