Манай улсад мөрийтэй тоглоом зохион байгуулах нь гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд, зохион байгуулалттайгаар үйлдэгдэж ард иргэд, цаашлаад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.
Монголд мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж ард иргэдэд их хэмжээний хохирол учруулаад гадаад улс руу зугтсан П.Эрхэс, Х.Нямдарь нарт холбогдох хэргийг илрүүлсэн талаар эх сурвалж дурдлаа.
Тухайлбал П.Эрхэс, Х.Нямдарь нар нь Pokerrrr нэртэй платформ ашиглан нэр бүхий 40 орчим иргэдтэй бүлэглэн сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, орон байраар хангах, хууль бусаар олсон орлогоороо бооцооны 1xBet ажиллуулах, өндөр үнийн дүнтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэж байсан.
П.Эрхэсийн хамаарал бүхий нийт 40 орчим иргэдийг баривчилж, нэр бүхий иргэдийг 461-р ангид хорьсон, мөн хууль бусаар олсон орлогоор авсан байж болзошгүй 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нуугдмал хөрөнгийг илрүүлэн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн байна.
Мөн П.Эрхэс нь Топаз нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтын ард байдаг этгээдүүдтэй холбоотой болох нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон байна.
Гол зохион байгуулагчийн хувьд гадаад улс руу зугтан бүтэн 1 жил гаруй хугацаанд гадаадад мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.