Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Н: “Дарахад л хожих юм шиг” мэдрэмж намайг гүн рүү нь улам их татсан. Том мөрөөдөл маань “Өргүй болох, ээжийгээ зовоохгүй, гэрээсээ хөөгдөхгүй байх“ гэсэн энгийн мөрөөдлөөр солигдсон

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 30 секунд

Цахим мөрийтэй тоглоомын товчлуур дарах мөчид азын хаалга нээгдэнэ гэж итгэх олон залуус бий. Хожил хоромхон зуурын баяр авчирдаг ч ялагдал урт удаан харуусал дагуулдаг. Цахим мөрийтэй тоглоомд донтсон гэж өөрийгөө тодорхойлох иргэн "Н"-тэй ярилцлаа. Уншигч та бүхэн эх сурвалжаас бурууг хайх бус нэгийг бодож хоёрыг тунгааж уншаарай.

-Сайн байна уу Та бидэнд өөрийгөө товчхон танилцуулбал.

-Сайн, сайн байна уу. Намайг Б...-ын Н... гэдэг. Одоо 25 настай. Одоогоор нэг байгууллагад угтагчийн ажил хийдэг.

-Та өөрийгөө тодорхойлохдоо цахим мөрийтэй тоглоомд донтогч гэсэн. Анх яаж энэ зам руу орчихсон юм бэ?

-Анх сонирхлоор эхэлсэн. Жижигхэн тоглоомоос эхэлсэн ч “Дарахад л хожих юм шиг” мэдрэмж намайг гүн рүү нь улам татсан. Хоромхон зуурын баяр удаан үргэлжилдэггүй юм билээ. Дахиад дараагийн тоглоомыг хүсдэг. Энэ л хамгийн аюултай мөч. Би 18 нас хүрээд л чөлөөтэй тоглож эхэлсэн. 2017 оноос хойш юм уу даа. Найзуудтайгаа “багахан бет” тавьж тоглодог байсан. Тэр үедээ хөгжилтэй санагддаг байлаа. Гэтэл өнөөдөр би 25 настай атлаа олон зүйлийг алдсан байна. Анх 30 мянгаас эхлэн хэдэн сая төгрөг хүртэлх спортын мөрий тавьсан. Ялагдал бүрд би “өөр тоглолтоор буцааж авч болно” гэж өөрийгөө хуурдаг.

-Та мөрийтэй тоглоом тоглоод бүх зүйл дээрдэнэ гэж боддог байсан байна. Тэгвэл таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Гурван жил үерхсэн найз охиноосоо салсан. Хичээлдээ анхаарахаа больж, ээждээ байнга худлаа хэлэх шаардлагатай болсон. Дараа нь өр нэхэх хүмүүс гэрт ирдэг болсон. Ээж, аав намайг шөнийн цагаар компьютерын урд сууж байгааг хараад хэд хэд загнасан. Эцэст нь тэсэхээ байгаад намайг гэрээс хөөсөн. “Чи өөрийгөө бусниулаад зогсохгүй биднийг ч сүйтгэж байна” гэж хэлсэн. Би хэзээ ч мөрөөддөг байсан хүн нь болж чадахгүй байх гэж бодохоор хамгийн их харамсдаг. Яг л нэг товч дараад хожчих юм шиг. Хожсон мөчид бүх амьдрал зөв замдаа орсон мэт санагддаг.

-Нэг мөсөн алдсан мөнгөө олчхоод ээж, аавдаа очно гэж л бодож байсан-

-Гэрээсээ хөөгдсөн гэж байна шүү дээ. Тэр үедээ яагаад больчихож болоогүй юм бэ. Гэрээсээ хөөгдсөнөөс хойш амьдрал чинь яаж өөрчлөгдсөн бэ?

-Нэг мөсөн алдсан мөнгөө олчхоод ээж аавдаа очно гэж л бодож байсан. Хоосон гуяа ганзагалаад очвол хэн намайг хүлээж авах билээ дээ. Ах дүү хамаатан садан ч юу гэж ярих юм гэж л бодсон юм. Гэхдээ одоо бодоход ээж аав минь намайг больчхоосой гэсэндээ л элдэв арга хэрэглэж гэрээсээ хүртэл хөөж үзсэн дээ. Тэр үед уужуу бодлоор бодоод эргээд очсон бол намайг цаашаа гэхгүй л байсан байх. Тэгээд л гэрээсээ яваад найзууд дээрээ очиж хэд хонодог болсон. Хамтдаа шоудаж, архи ууж, мөрий тавина. Заримдаа энэ нь илүү амар санагддаг болсон юм. Амьдрал маань өдрөөс өдөрт уруудаж байгааг ч анзааралгүй алдсан мөнгөө л олчихвол гэж бодно. Өглөө босоход ганц хүсэл нь дахин тоглох, дахин хожих. Гэтэл өдөр бүрийн төгсгөлд улам ялагдаж дуусаад л.

-Та мөрийтэй тоглоомыг анх зүгээр сонирхлоор эхэлсэн гэдгээ хэлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд байнга ажилтай байсан уу?

- Хаа очиж ажилдаа бол үргэлж явдаг байсан. Гэрээсээ хөөгдсөнөөс хойш хэсэг найз нөхдийнхөөрөө байж байгаад цалингаасаа мөнгө илүүчилж хажуу өрөө түрээсэлж суусан. Тоглоом тоглох мөнгө олохоос гадна орон байрныхаа түрээсийн мөнгийг төлөх хэрэгтэй болсон учраас өдөр бүр ажилдаа явна. Цалингаа аваад ч шууд тоглоомын дансаа цэнэглэдэг. Магадгүй байрны түрээсийн мөнгөө хэдэн сараар нь ч олчих юм билүү гээд л. Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог бол эхний тавьсан бэтийнхээ араас очоод “Зогс” гэж хэлнэ. Одоо ер нь бол тоглохгүй байгаа ч гэсэн өмнө нь хүнээс зээлсэн өр нэхэгдээд төвөгтэй л байна. Тэглээ гээд өөртөө гомдохоос өөр яах билээ.

-Ихэвчлэн ямар төрлийн мөрий тавьдаг вэ?

-Ихэвчлэн спортын мөрий тавина. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тоглолтуудад. Заримдаа шууд тоглолт дундаас “амьд мөрий” тавьдаг. Тэр үедээ “энэ удаа зөв таалаа” гэж бодоод бүх мөнгөө хийчихдэг. Хааяа муушиг, 13 тоглоно. Гэхдээ хөзрийн мөрийнд бүр "ёндоогүй" байдаг. Энгийн аз сорьсон "унадаг" тоглоомуудад хааяа сайн олдог.

- Өр гэдэг зүйл таны амьдралд ямар байр суурь эзэлж байна Одоо нийт хэдэн төгрөгийн өртэй вэ?

-Хэдэн хүнд өртэй гэдгээ ч мэдэхгүй байна. 20-иод сая төгрөг бол байгаа. Гэхдээ цагдаа шүүхдээ бол тулчхаагүй л байна. Найзаасаа, таньдаг хүнээсээ, бүр танихгүй хүнээс ч зээлсэн. Эхэндээ “дараагийн хожилд буцааж өгнө” гэж итгэдэг байлаа. Гэтэл буцааж өгсөн нь ховор, нэг өрөө дарахаар нөгөө өр нь нэмэгддэг. Одоо бол утсаа асаамааргүй санагддаг. Хүн болгон өрөө нэхнэ. Амьдрал маань яг тоглоомын талбар шиг болсон. Үеийн залуус дүү нар бүгдэд нь хандаж хэлэхэд "Зөвхөн нэг удаа” гэж битгий бодоорой. Миний бүх зүйл тэндээс эхэлсэн. Нэг удаа тоглосон гэж өөрийгөө зөвтгөж болох ч тэр нэг удаа бүх амьдралыг чинь сүйтгэж чадна. Над шиг ухаангүй үйлдэж гаргасан олон залуучууд байгаа. Бидний алдааг битгий давтаарай. Бас намайг ингэж ярилаа гээд битгий үзэн ядаарай.

-Өөрийн тань ярьсан бүхнээс сонсоход өөрийн болчимгүй үйлдэлдээ хангалттай дүгнэлт хийсэн юм шиг сонсогдож байна. Тэгвэл дахиад мөрийтэй тоглохгүй байж чадах уу?

-Би залуугаараа мөрийтэй тоглоомын талбарт бүх амьдралаа тавьчихсан юм шиг санагддаг. Ямар ч байсан ухаарсан гэж хэлмээр байна. Гэхдээ бүрэн итгэлтэй биш. Ухаарал гэдэг зүгээр үг биш, үйлдэл байх ёстойг ойлгосон. Нэг өдөр сэтгэл нь хөдлөөд, буцаад нэг товч дарах вий гэж айж байна.

-Тэгвэл энэ бүх асуудал донтолтын дараа таны өмнө нь мөрөөддөг байсан мөрөөдөл чинь өөрчлөгдсөн үү?

-Энгийн мөрөөдөлтэй болсон. Зүгээр л дахиж өргүй болох. Дахиж гэрээсээ хөөгдөхгүй байх. Ээжийнхээ л зовоохгүй амьдрах. Энэ бүгд надад одоо ямар ч мөрий, ямар ч хожлоос илүү үнэ цэнтэй байна. Өөр зүйл яримааргүй байна.

-Ярилцсан танд баярлалаа.

Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж болох шинэ санал санаачилгыг залуучуудаасаа авч байна
Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж болох шинэ санал санаачилгыг залуучуудаасаа авч байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.