СУРВАЛЖИЛГА: Ахмадуудын ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ буюу “Ахмадын хөгжлийн төв“ үүдээ нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 43 секунд

Өнөөдөр ахмадын баяр өдөр. Жил бүрийн аравдугаар сарын 1-ны энэ өдрийг манай улс 32 дахь жилдээ тэмдэглэж байна. Гоёж гангалсан эмээ өвөө нар хичээлээ тараад бөөндөө шаагилдах хүүхдүүд шиг хөөрч догдолжээ. Тэд хамтдаа авхуулсан зургаа нэг, нэгэндээ үзүүлж, маргааш зугаалгаар явах тухай ярьцгаана. Бас зарим нь баярынхаа өдөр "Баярын бичиг" дүүргээсээ горилжээ. Үүндээ жаахан сэтгэл дундуур байгаагаа ч нуусангүй нэгэндээ хов зөөх. Тэд өнөөдөр Сүхбаатар дүүрэгт үүдээ нээсэн "Ахмадын хөгжлийн төв"-өөс буцаж яваа нь энэ байлаа. Бид ч бас тус төвөөр зочилсон юм.

"Залуус"-ын гэх тодотголтой манай улсад ахмадуудад зориулсан үйлчилгээ өдрийн од шиг. Тэдэнд хороо, эмнэлгээс өөр явах жим ч алга. Хааяа хүүхдээсээ "нууц"-аар нийтийн бүжиг рүү халтирна. Үүнээс өөр чөлөөт цаг өнгөрүүлэх газар байхгүй нь нууц биш.

Тиймээс "Ахмадын хөгжлийн төв" үүдээ нээсэн нь ёстой л нүдээ олжээ. Энд урлаг спортын заалаас гадна сэргээн засах танхим, өнжүүлэх төв ч бий.

Мөн хөдөлгөөн заслын танхим буюу гүйлтийн зам, спиннинг дугуй зэргээс сувиллын аппарат, хөгжмийн зэмсэг шаардлагатай тохиолдолд хурал уулзалт хийхэд зориулсан ухаалаг дэлгэц, архвирын өрөөг хүртэл тохижуулсан байна. Түүнчлэн өдрийн цай хоолоо идэх минимал гал тогоог хүртэл байгаа нь яг л гэр шиг тухтай орчныг бүрдүүлсэн байлаа.

Нийт 277 мкв бүхий энэхүү төвийг Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум гаруй төгрөгөөр өнгөрсөн жил барьж ашиглалтад ороход бэлэн болгосон бөгөөд өнөөдөр ахмадуудаа хүлээн авч хүн хүндэтгэлсэн үзүүлсэн нь энэ.Бидний мэдэхээр зургаан буудлын орчимд Оргилуун төвийн чанх ард байрладаг аж.

БНСУ-ААС ТУРШЛАГА СУДАЛЖ ЧӨЛӨӨЛСӨН ГАЗАРТ АХМАДЫН ӨРГӨӨ, ЗАЛУУСЫН ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРӨӨХ ОРЧИН БҮРДҮҮЛЛЭЭ

Тус дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомдоржийн хэлснээр "Ахмадын хөгжлийн төв"-ийг БНСУ дахь төвөөс санаа авч Монголын хөрсөнд нутагшуулсан нь өнөөдөр бодитоор ажил хэрэг болсон нь энэ юм байна. Мөн зөвхөн ахмадууд төдийгүй залуус ч чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Цаашид газар чөлөөлж цогцолбор барихаар төлөвлөж буй талаар ярьж байлаа. Тэрбээр "БНСУ-ын Сөүл хотын Жонна дүүрэгтэй хамтран ажиллах хугацаандаа туршлага судалсны нэг нь ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ахмадууд тэтгэвэрт гарсан ч өөрсдөө ногоо тарьж кимчи хийж, нийгмийн шинжтэй үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож байна. Энд ахмадууд смарт утас ашиглах, компьютерын хэрэглээг зааж сургаж байна. Иймээс ахмадын өргөө зөвхөн байшин биш чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготой байгууллаа. Хүмүүс өөрсдийгөө хөгширч, тэтгэвэрт гарахдаа нийгмийн харилцаанаас холддог. Харин ч хүн нийгмийн амьтан болохоор нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүнийг л дэмжих зорилготой. Ерөнхийдөө бид Сүхбаатар дүүрэгт газар чөлөөлж, 2 давхар бүхий обьект барьсан. Цаашид зөвшөөрөлгүй обьектуудыг буулгаж чөлөөлсөн газарт ахмадын хөгжлийн төв байгуулах зорилготой. Магадгүй залуус үйлчлүүлэх чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Ахмадууд болон залуу үеийнхэн хоорондоо мэдлэг туршлагаа солилцох боломж бүрдэж байгаа болов уу" гэлээ.

Хотын төвөөс алслагдсан дүүрэг, гэр хороололд амьдардаг ахмадуудын хувьд ахмадын хорооноос өөр очих газаргүй, үзвэр үйлчилгээ үзэхийн тулд заавал хотын төв орох ёстой. Даанч түгжрэлд ихэнх цаг нь өнгөрдөг тул гэртээ ач, зээгээ харах, ахуйн ажлаа хийхээс өөр сонголтгүй байдаг тухай ярьж байв.

Тэгвэл "ахмадын хөгжлийн төв"-тэй болсноор өдөр өнжүүлэх төвд нь үндэстэн ястан бүрийн онцлог шингэсэн хоол, цайгаар нэгийгээ дайлж хууч хөөрөх, цаашлаад бүжгээ давтах танхимтай болж байгаадаа ахмадууд баяртай байгаагаа хэлсэн юм. Нэг үгээр хэлбэл, ахмадууд зорилго, тэмүүлэлтэй болжээ. Цаашилбал, тэдний чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь ажлын байр нь болох боломж бий гэдгийг тус төвийнхөн ярьсан. Ийнхүү чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар шинээр нээгдсэн нь тэдэнд ус агаар шиг хэрэгтэй байсан тухай тэдний төлөөлөл хэлсэн.

МАЛЧНЫ ХОТООС БҮЖГИЙН ТАЙЗАН ДЭЭР ГАРСАН ТҮҮХ

Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод суурин амьдраад таван жилийн нүүрийг үзэж буй иргэн н.Батбаяр хүүхдүүдээ дагаад хотод ирсэн байна. Тэрбээр "Дасгал хөдөлгөөн, бүжгээ давтахын тулд тохь тухтай хөгжмийн заал хэрэгтэй байдаг.

Ахмадын хөгжлийн төв бол бидний амин судсыг барьсан гоё үйл явдал болж байна. Энэ бидэнд маш чухал. Би бол насаараа мал дагасан малчин хүн.

Хотод амьдрах надад огт таалагдаагүй. Гэнэт л дөрвөн хананы дунд амьдрахад хаачихаа мэддэггүй байсан. Морио унасан, цэцэг ногоо үнэртсэн хөдөө гэрээ санана. Заримдаа "Энд байхаар хонио хариулах нь жаргалтай байж" гэж бодогдно. Буцъя гэхээр ачдаа хорогдоно. Үхтэл үр харам гэдэг шиг үрийн үрдээ л уяатай байсан.

Нэг өдөр ачаа цэцэрлэгээс нь авч яваад нийтийн цэнгээнт бүжгийн хаяг олж харснаас хойш бүжигт сонирхолтой болсон. Өнөөдөр "Талст" бүжгийн хамтлагийн гишүүн нь болсон, маш их найз нөхөд, хамт олонтой, завгүй тоглолтуудад явж тайзан дээр гарч, кинонд хүртэл азтай тохиолдлоор дүр бүтээж үзлээ.

Ер нь ар гэртээ "хөөе боль, ингэж болохгүй, тэрийг боль" гэж үглэхээр сүүлдээ ядардаг. Энэ стресс ахмадын хороо, ахмадын хөгжлийн төв дээр очоод л нэгийгээ инээж угтаад бүжгээ хамт давтахад л мартагддаг. Бүжиглээд гэртээ харихад хүүхдийн дуу чимээнд тэгтлээ стрестдэггүй. Харин зарим хүүхдүүд аав ээжийгээ идэх хоолтой, унтаж амраад ач зээгээ харж байвал жаргалтай байна гэж эндүүрдэг. Харин тэр хүнд юу хэрэгтэй байна, хамт олон, хөгжим дутагдаж байна уу үгүй юу гэдгийг ойлгодоггүй" гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нутагтаа эзэн Монгол“ хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нутагтаа эзэн Монгол“ хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!