Санхүүгийн зохицуулах хорооноос Нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтран мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрх ломбардуудад энэ сарын 21, 22-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 33 этгээд хамрагдсанаас 19 этгээд харьяа байгууллагын бүртгэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зөрчил илэрсэн байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэд нь мөнгөн хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа явуулах байршлаас хамааран харьяа аймаг, дүүргийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээнэ. Мөн хуулиар алданги тооцохыг хориглосон бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд банк, санхүүгийн байгууллагатай адил зээлийн хүүгийн хувь хэмжээг 20 хувиар тооцох зохицуулалт хийгджээ. Энэ нь хууль батлагдахаас өмнө хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцож иргэдийг хохироож ирсэн үйлдлийг таслан зогсоосон хуулийн хамгаалалт болсон юм.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон бөгөөд энэхүү шийдвэр нь 2025 оны гуравсарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм.
Хамтарсан шалгалтаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн хүүгээс илүү хүү тооцон зээл олгосон, нэмэлт төлбөр, шимтгэл хураамж авсан, хаяг байршлын өөрчлөлтийг харьяа байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүй салбар нээн ажиллуулсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрсэн бөгөөд зөрчилтэй этгээдүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 516 этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлсэн бөгөөд эдгээрийн 348 нь хуулийн этгээдээр, 167 нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэнээр бүртгэгдэж, иргэдэд чиглэсэн мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байна.
Санхүүгийн Зохицуулах Хороо Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын хамтарсан шалгалт бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэл, дүүрэг, аймаг орон нутагт мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөнгөн зээлийн үйлчилгээ авч буй иргэдэд хууль сурталчлах, иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор шалгалт үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!