Тун удахгүй буюу ирэх 10-р сарын 25-нд нээлтээ хийх гэж буй “Dark secret” аймшгийн триллер жанрын киноны гол дүрд та бидний сайн таних Комедиан Баяраа /М.Баяржаргал/ ажилласан байна. Тэрбээр анх удаа кинонд тоглохдоо гол дүр бүтээж, өөрийгөө дахин шинээр нээсэн талаараа бидэнд ийнхүү ярилаа.
-Сүүлийн үед их завгүй байна уу?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа энэ зун их завгүй өнгөрлөө. Өнгөрсөн хавраас эхлээд "Дэлхийн цирк" Монголд тоглогдлоо. Түүний дараа комедигийн special тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр буюу бараг л Дэ Жангум шиг 4 удаа тоглолоо. Харин зуны сүүлчээр “Dark secret” хэмээх аймшгийн, триллер жанрын кинонд тоглосон байгаа.
-Хэсэг хугацаанд циркийнхээ ажлыг хойш нь тавьчихсан байсан. Эргээд ажиллаж байгаа юм уу?
-Тийм ээ. Монгол Улсын Консерватори буюу өөрийн төгссөн сургуульдаа циркийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
Би чинь их сонин, олон мэргэжилтэй хүн шүү дээ. Циркийн жүжигчин, маркетер, хувиараа бизнес эрхлэгч, комедиан удахгүй DJ хийх гээд оролдож байна.
-DJ болох гэж байгаа талаар нь сонсоогүй юм байна. Уншигчдад маань ч гэсэн сонирхолтой байгаа байх?
-Шоу бизнес гэдэг бол өрсөлдөөн. Хэн хамгийн олон талын авьяастай, хамгийн их чадамжтай байна тэр хүний эрэлт их байна гэж үздэг. Гэхдээ эрэлт их байгаагийн хэрээр өөрийгөө олон нийтэд ил байлгахгүй. Мэдээж үнэ цэнтэй байх ёстой. Яахав одоогоор мэргэжлийн DJ нарын хэмжээнд биш байгаа ч гэсэн ямар нэг арга хэмжээнд очоод 4-5 цаг цагийг хөгжилтэй өнгөрөөж чадна. Мөн дээр нь саяхнаас нэг клубд DJ-ээр ажиллах санал авсан байгаа.
-Нууц биш бол ямар клуб бэ?
-Омни клуб. Өнөөдөр буюу лхагва гарагийн орой "Алцгар наят" гэх арга хэмжээг зохион байгуулна.
-Ярилцлагаа “Dark secret” киноны талаар үргэлжлүүлье гэж бодож байна. Энэ кино таны тоглосон хэддэх кино вэ?
-Хамгийн анхны кино.
-Анхны кинондоо гол дүр бүтээсэн хэрэг үү?
-Азтай ч гэх үү, тийм завшаан тохиолдсон.
-Мэдээж анх удаа кинонд тоглож байгаа болохоор айдас бас жаахан сандрал байсан байх?
-Айдас, сандрал байлгүй яахав. Гэхдээ түүнээс урьтаад хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол маш том үүрэг хариуцлага миний нуруун дээр ирж байгаа юм шиг санагдсан. Кино уран бүтээл гэдэг бол олон хүний хүч хөдөлмөрөөр бий болдог. Тиймээс гол дүрийн саналыг хүлээгээд авчихсан учраас хариуцлагатай байх хэрэгтэй.
Түүнээс гадна кинонд маань дандаа мэргэжлийн хүмүүс тоглосон учраас тэд нартаа чирэгдэх вий гэж бодож байсан. Тийм ч болохоор хичээх ёстой гэдгээ өөртөө улам илүү сануулж байсан л даа. Угтаа бол би жүжигчин гэдэг статустай ч циркийн жүжигчин хүн шүү дээ. Кино урлаг, тайз дэлгэцийн жүжигчин биш. Тэгэхээр надад шинэ сорилт гарч ирсэн. Өөрийгөө ч шинээр харсан.
Хэдий би мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн найруулагч маань надаас мэргэжлийн зүйл шаардах учраас энэ олон хүний ажлыг цалгардуулахгүйн тулд их судалгаа хийсэн. Кино яаж бүтдэг, киноны ард ямар уур амьсгал бүрддэг, дүрээ хэрхэн бүтээх ёстой талаар шөнө ч унтахгүйгээр судалж байсан. Ер нь бол кино урлаг гэдэг маш сайхан юм билээ. Надад их гоё санагдсан.
-Их л дурлаж дүрээ бүтээжээ?
-Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Дуртай байсан учраас л кино хэрхэн бүтдэг вэ гэдгийг судлаад, натурт гарахдаа хүртэл маш их догдолсон. Энэ ажлыг ерөөсөө ял гэж хүлээж аваагүй. Хэдий зарим үед хэцүү байсан ч гэсэн өөрийгөө шинэ зүйл сурч байна, кинонд тоглонгоо хөдөө амарчихлаа гэж бодсон.
-Хэцүү зүйл нь юу байв?
-Би чинь өглөөний хүн байхгүй юу. Өглөө 06:00 цагт босдог, орой 22:00, 23:00 цагт орондоо орчихдог. Гэтэл манай кино чинь аймшгийн кино. Шөнийн цагаар харанхуй балгаст зураг авалтаа хийнэ.
Тэгээд л миний биологийн цаг солигдож эхэлсэн. Гэхдээ энэ нь намайг дүрдээ ороход илүү их нөлөөлсөн. Яагаад гэвэл хувь хүн, дүр хоёр маань тэс өөр байсан. Нойр солигдоод эхлэсэн чинь надаас гарахааргүй ааш араншин гарах гээд, жижигхэн зүйл дээр уур хүрээд л тэр зан маань гарч эхлээд, тэр нь ч дүр дээр хэрэг болсон. Ёстой л нөгөө бүх юмны цохилдолгоо таарсан. Ер нь л өөрийгөө өөр өнцгөөс харсан.
-Үзэгчид энэ киноноос ямар мэдрэмжийг бас юуг ойлгож авна гэж бодож байна?
-Гол дүрийн 4 залуугаас өөрсдийнхөө тусгалыг олж харах болов уу гэж бодож байна. Яг л орчин үеийн залуусын дунд түгээмэл байдаг зан чанарыг 4 залуугаар илэрхийлэн харуулсан байгаа. Мөн дээр нь сошиал орчин илүү их хөгжихийн хэрээр хүмүүс яг хаашаа чиглээд байна, магадгүй буруу тийшээ явбал бидэнд юу тохиолдох вэ гэдгийг манай киноноос харж болно гэж бодож байна.
-Кино нь сүнсний баярыг тохиолдуулан гарах юм билээ. Үзэгчдийн сонирхлыг татах хэсгээс нь хэлж өгч болох уу?
-Киногоо ярихаар спойлердчих гээд байна. Гэхдээ яахав, 4 залуу явна, ирнэ. Тэгээд дуусна.
Мөн дээр нь киноны маань дүрүүдийн хувьд маш сонирхолтой байсан. Дандаа залуу уран бүтээлчдээс бүтсэн. Түүнээс гадна Монголоос Дэлхийн тайзан дээр гялалзаж байгаа Г.Гансүх ах маань тоглосон болохоор сайхан санагдаж байна.
-Магадгүй өмнө нь өөрийгөө кинонд тоглох боломж олдвол тоглоно гэж бодож байсан уу?
-Ер нь экшион кинонд тэр дундаа хөдөлгөөнтэй дүрд ажиллаж үзэхийг мөрөөддөг байсан. Харин “Dark secret” киног өөрийгөө кино урлагт байх ёстой хүн үү үгүй юу гэдгээ мэдэх боломж юм байна гэж харсан даа.
-Ер нь ингээд харахад огт зүгээр суудаггүй, завтай байдаггүй хүн юм байна. Ер нь яагаад зүгээр суухыг хүсдэггүй юм бэ?
-Энэ бол яах аргагүй миний зан чанар, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байх. Намайг бага байхад аав, ээж хоёр маань зүгээр суудаггүй хүмүүс байсан. Багаасаа л тийм хүмүүжилтэй өсчихсөн болохоор, хүн зүгээр суух ёсгүй юм байна. Заавал нэг зүйл хийх ёстой юм байна, шинэ зүйл сурч мэдэх хэрэгтэй юм байна гэж боддог юм билээ.
Ер нь би зүгээр суухаараа жаахан уйдах гээд байдаг. Ууланд гарах ч юм уу, фитнессээр хичээллэж байж л бодол цэгцэрдэг. Түүнээс биш хэвтэж амрахаар бүр л их ядраад байдаг.
Ер нь бол нэг бодлын амьдралаа аз жаргалтай, илүү сонирхолтой байлгахыг хичээдэг. Би хэд наслахаа мэдэхгүй шүү дээ. Ганцхан өнцгөөс хорвоо ертөнцийг харна гэдэг бол уйтгартай. Тиймээс олон өнцгөөс амьдралыг харахыг хүсдэг.
-Хүмүүсийн дунд байдаг нийтлэг ойлголт бол Gen Z үеийнхэн хэдий чадварлаг ч туйлбаргүй, залхуу, хойрго зэргээр дүгнээд байдаг. Ер нь өөр шиг тань бодолтой залуус бий ч танаас эсрэг бодолтой хүмүүс ч бий. Үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?
-Хүн бүр л өөр өөрийн өгөгдөлтэй шүү дээ. Нэг зүйл хийгээд л амжилтад хүрдэг хүн байхад над шиг олон зүйл хийгээд ч амжилтад хүрдэггүй хүмүүс байна. Тэгэхээр хүн хүний л сонголт байх даа.
-Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн мөчийг танд үлдээе?
-Миний анх удаа дүр бүтээсэн "Dark Secret" аймшгийн, триллер жанрын кино ирэх 10-р сарын 25-нд нээлтээ хийх гэж байна. Тиймээс та бүхнийг шинэ залуу уран бүтээлчдийн хийсэн, бүтээсэн маш сонирхолтой киног ирж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд нээлтэн дээрээ уулзацгаая.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!