Угаарт хордож нэг дор 10 хүний амь нас эрсэдсэн ноцтой асуудал гараад удаагүй байна. Хэдийгээр иргэд гал түлэх зөв дадал хэвшилтэй байх ёстой ч түлш нь стандарт шаардлагад нийцдэг эсэх гээд олон асуудал урган гарч буй. Нэг хэсэгтээ хотын иргэдийг орон сууцанд оруулж чадахгүй нь тодорхой тул галаа түлж амьдрах нь ойлгомжтой. Цахилгаанаар халаах шийдлүүд нэвтэрч байгаа ч хоногийн хоолоо чадан ядан залгуулдаг нийгмийн тодорхой хэсэг цахилгааны зардал, тухайн төхөөрөмжийг худалдан авах зардлыг дийлж авах нь юу л бол.
Иймд төрөөс сайжруулсан түлшинд тохирсон аюулгүй зуухаар амжиргааны түвшин бага өрхүүдээ хамруулах нь зүйтэй. Урд нь тараасан зуухнууд хэрэглээний шаардлагад нийцээгүй талаар олон нийтийн шүүмжийг байнга дагуулдаг. Өнөөдөр зохион байгуулж байгаа Ногоон технологи 2024 үзэсгэлэнд танилцуулагдсан Нүүдэлчин эко зуух нь угаартахгүй, мөн энгийн зууханд нэг өдөрт түлдэг нэг шуудай сайжруулсан түлшийг 2,5 өдөр хэрэглэдэг хэмнэлттэй гэдгээрээ хэдийн хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм.
Энэ зуухыг монгол инженер зохион бүтээсэн бөгөөд Хятад, ОХУ гэх мэт 50 гаруй орноос оюуны өмчийн бүртгэлтэй бөгөөд аль хэдийн хэрэглээнд нэвтэрч чанараа таниулсан аж. Иргэдийн зүгээс энэ зуухыг угаарын хийгээ давхар шатаадаг угаартах аюулгүй, айдасгүй гэдгээр нь сонгож ам сайтай байлаа. Төрийн зүгээс энэ мэт хүлээн зөвшөөрөгдсөн зуухыг бодлогоор дэмжиж угаартах аюулаас ард иргэдээ хамгаалах зайлшгүй шаардлагатайг анхаарч харах цаг нь болжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!