Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяатай ярилцлаа.
-Ирэх сард болох орон нутгийн ээлжит сонгуульд нийслэлийн ХҮН нам нэр дэвшигчдээ тодруулахдаа ямар шалгуурыг баримталсан бэ?
- Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН намын хувьд төдийгүй хувь улс төрч миний хувьд маш удаан хүлээлттэй байсан зүйл. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын дэргэдэх “Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөл” нэртэй бодлого, судалгааны хүрээлэнд харьяалагддаг залуусаа энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүргээр оролцуулах гэж байна.
Экспертүүдийн зөвлөлд хотын эдийн засаг, орон сууцны бодлого, тээврийн шийдэл, инженерийн барилга байгууламж, эрчим хүч, байгаль орчны салбарын чиглэлийн мэргэжилтнүүд багтдаг бөгөөд тэдгээр залуусаа сойж байгаа гэсэн үг. Тэд тойргоо ахалж өрсөлдөнө гэсэн бодлогыг энэ удаагийн сонгуульд баримталж байна.
Мөн ХҮН намын хоёр дахь үеийн гэгдэх улс төрийн туршлагатай залуу улстөрчдөө нэр дэвшүүлнэ.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд манай намаас баримталж байгаа бодлого, мөрийн хөтөлбөр олон нийтэд нээлттэй болж, бид тодорхой мэдээлэл өгч ажиллахаар бэлтгэж байна.
МАНАЙ НАМЫН ГОЛ ЯЛГАРАЛ НЬ НЭР ЦЭВЭР, ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНЭЭ НЭР ДЭВШҮҮЛСЭН ЯВДАЛ
-Нийслэлийн намаа удирдаж байгаа таны хувьд энэ удаагийн сонгуульд хотыг засаглана гэсэн амбицтайгаар мэдээж багаа авч орж өрсөлдөх байх. Тэгэхээр намын даргын хувьд өрсөлдөгч намуудаа ялахын тулд нэр дэвшилтдээ хэрхэн анхаарч байгаа вэ?
- Хотын хөгжлийн чиглэлд ажиллах бүрэн чадамжтай боловсон хүчнээ өрсөлдөөний талбарт илгээх нь намын даргын хувьд гол өрсөлдөөний тактик гэж хэлж болно. Хоёрдугаарт, ХҮН нам бол нэр цэвэр нам. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээрээ онцлогтой. Тиймээс бид нэр цэвэр хүмүүсээ сойж байгаа учраас хүчтэй сөрөг хүчин байх болно гэдгээ итгэлтэйгээр хэлмээр байна.
Харин манай намын гол ялгарал нь шинэ, залуу, эрч хүчтэй, нэр цэвэр, улс төрийн урт хугацааны карьераа төлөвлөчихсөн мерит зарчмаар явж байгаа залуусыг нэр дэвшүүлэхээрээ онцлог. Үүнээс гадна “ХҮН-50:50” гэсэн хөтөлбөрийг манай нам хэрэгжүүлдэг. Сая болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд бид дээрх хөтөлбөрийн хүрээнд нэр дэвших хүмүүсийнхээ жендерийн харьцааг баланслах бодлогыг баримталж өрсөлдсөн. Үүнтэй ижил орон нутгийн сонгуульд бид улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдээ нийт нэр дэвшигчдийнхээ 40 гаруй хувьд байлгахаар төлөвлөсөн байгаа.
Тиймээс хотын хөгжлийн асуудалд эмэгтэйчүүд илүү хүчтэй дуу хоолой болж ажиллаж чадна гэж дүгнэж байна.
ЭРХ БАРИГЧ НАМЫН "20 МИНУТЫН ХОТ" ХӨТӨЛБӨР ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА
-Хотыг засаглах бодлогоо дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү. Тухайлбал эрх баригч МАН “20 минутын хот” концепцыг түшиглэж, зорилт, мөрийн хөтөлбөрөө гаргаж байх шиг байна. Танай намын гол бодлогын өрсөлдөөн нь юу байх юм бэ? “20 минутын хот” концепцэд ямар байр сууринаас ханддаг вэ?
- Улс төрийн хүрээнийнхэн хэрэв санаж байгаа бол өнгөрсөн оноос эхлээд манай хотын хөгжлийн бодлогын экспертүүд маань судалсан байдаг. Олон Улсдаа 15 минутын хот гэж бий. Тухайлбал дэлхийн томоохон хотуудын нэг болох Парис яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл тэр 15 минутын хот концепцыг манайхан хувиргаад 20 минутын хот болгоод өөрчилчихсөн явж байгаа. Шийдэл нь зөв боловч бодлого нь буруу яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл 15 минутын хот хөтөлбөрийг хэрэгжүүлсэн дэлхийн хотууд эхлээд хотынхоо суурь дэд бүтцийн асуудлуудаа шийдчихсэн байсан. Суурь асуудалд хүний хэрэгцээ цөм багтсан дэд бүтцийн орчныг бүрдүүлсэн байхыг л хэлнэ. Эдийн засгийн агуулгаараа хотынхоо эдийн засгийг солонгоруулчихсан, ажлын байрны олон төрлийг иргэддээ нээлттэй хүртээмжтэй бий болгосон байх явдал юм.
Гэтэл манайд хотын төсөв нь хэт данхар болсон. Эсрэгээрээ иргэдийн амьдралын суурь чанар сайжирдаггүй. Цаашид бид хотын иргэдийнхээ амьдралын суурь чанарыг сайжруулахад анхаарахгүйгээр олон улсын туршлагыг хуулаад, хүчээр мөрдүүлэх гэж зүтгүүлэх нь тохиромжгүй зүйл гэж үздэг.
Үнэхээр эрх баригч нам энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бол нэн тэргүүнд хотын иргэдийн амьдарч буй орон байрны чанарыг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлэх ёстой.Дараа нь баталгаатай ажлын байраар хангах шаардлагатай. Мөн төрийн болон эмнэлэг, сургууль зэрэг бусад төрлийн үйлчилгээг иргэд авахдаа 20 минутын хугацаанд амжиж авч чаддаг байх зохицуулалтыг л хийх ёстой. Үгүй бол энэ нь эрх баригч намын сонгуулийг угтсан “шоу” болж цаасан дээрээ л үлдэнэ гэж хэлмээр байна.
Хамтарсан ЗГ-ын боловсруулж батлуулсан мөрийн хөтөлбөрт хотын хөгжлийн асуудалд зарчмын ялгаатай зүйлс олон гарсан учраас ХҮН намын хувьд “20 минутын хот” хөтөлбөрийг дэмжих боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа.
-Тэгвэл ХҮН намын хүн төвтэй хотын хөгжлийн бодлого, шийдэл нь яг юу байх вэ?
- 2024 оны УИХ-ын сонгуулиар бид “ХОТЫН ХӨГЖИЛ ДЭД БҮТЭЦ” гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Үүнд 20 минутын хот концепцын зарим хэв шинжийг агуулсан цогц төлөвлөлтийн бодлогыг тусгаж өгснөөрөө бидний ялгарал гарч ирсэн. Үүнийг яг одоо олон нийтэд тайлбарлах цаг нь биш. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэхэд бид үүнийгээ иргэдэд энгийнээр тодорхой танилцуулах болно.
Намуудын мөрийн хөтөлбөрийг Алсын хараа-2050 зорилттой уялдуулж боловсруулах шаардлагыг тавьдаг. Түүнд хотын хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлууд бүгд туссан байдаг. Тухайлбал метрог 2041 оноос барьж дуусгана гээд тусгачихсан л байдаг. Мэдээж 2041 оны зорилт руугаа бид тэмүүлж болох ч өнөөдөр бид суурь асуудлуудаа алхам, алхмаар хийх ёстой шүү дээ. Харамсалтай нь үе үеийн хотын удирдлагуудын ам, ажил хоёр нь зөрдөг байдал хэрэгжилт дээр ирээд гацдаг жишгийг бий болгочихсон.
Тиймээс ХҮН нам орон нутгийн сонгуульд олонх болж ялна. Мөрийн хөтөлбөрөө хүний амьдралд яг бодитойгоор нөлөөлж чадахуйц шийдлүүдээ хэрэгжүүлээд явна. Бид богино хугацаанд яаж оновчтой зөв шийдлээр хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдэж болдог юм бэ гэдгийг харуулах болно.
Х.НЯМБААТАР ГЭДЭГ ХҮН БОМБЕР, ЖАКЕТ ӨМСӨӨД ГАНЦААРАА АЖИЛЧНЫ ДҮРД ТОГЛОЖ БАЙНА
-Хотыг тэлэх, дүүргүүдийн статусыг өөрчилж, 14 дагуул хотыг байгуулах асуудлыг эрх баригч намаас танилцуулж байгаа шүү дээ. Та хувьдаа үүнийг юу гэж хардаг вэ?
- Бидэнд энэ шийдлээ танилцуулж байсан. Шууд хэлэхэд Үндсэн хуульд харшилсан шийдэл юм. Үндсэн хууль судлаач, мэргэжилтнүүд үүнийг буруу гэж үздэг. Энгийн логикоор бодоход яагаад одоо хийж чадахгүй байгаа ажлаа 14 хот болгож хуваахаар хийнэ гэж хэнхэглээд байгаа юм. Үнэхээр тийм чадамж эрх баригч намд байна уу гэвэл үгүй. Хотыг олон жил дангаараа засаглаж ирсэн нам гэнэт өнөөдөр хотоо 14 хувааж жижиглээд хөгжүүлнэ гэж ярих нь өрөөсгөл ойлголт.
14 хоттой болчихвол иргэдийн амьдралын тэгш бус байдал улам гаарна. Жишээ нь СХД-т амьдарч байгаа иргэдийн амьдрал ХУД-т амьдарч байгаа иргэдийн амьдралын ялгаа асар их болно гэсэн үг.
Үүнийгээ хүчээр хийх гээд л Х.Нямбаатар гэдэг хүн бомбер, жакет өмсөөд ганцаараа л ажилчны дүрд тоглоод яваад байна. Гэтэл хотын аппаратад хэдэн мянагн хүн ажиллаж байгаа нүсэр бүтэцтэй. Х.Нямбаатар яагаад энэ хүмүүүсийнхээ ажлыг хийлгэхгүй байгаа юм бэ. Өнгөрсөн хугацаанд өнөөдрийн ажлуудаа яагаад хийж болоогүй юм гэдэгт иргэд хариулт нэхэх цаг нь болсон.
Эцэст нь хэлэхэд ХҮН нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд олонх болж ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа. Бид хотыг дангаараа засаглана. Суудал авсан улс төрийн намуудтай хамтрахгүй гэдгээ хэлье.
Ярилцсанд баярлалаа