Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад айлчилж байна. Түүний онгоц дөнгөж сая газардаж, тэрбээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.