“Өглөө орноосоо эртхэн босож чаддаггүй залуус УИХ-ын гишүүн болчихоод, улс орныг хойш нь чирээд байна. 40 хүрээгүй, эсвэл дөнгөж өнгөрч яваа гишүүдийн хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг, яриаг анзаараад үзээрэй. Зүгээр л гал халуун хүсэл, зоригоос цаашлахгүй. Ядаж байхад, сүүлийн үед баян, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд автоматаар улс төрд орж ирдэг болчихсон. Гэр хорооллын гудамжаар алхаж ч үзээгүй, гал яаж түлдэг ойлголтгүй шахам нөхдүүд ард түмэн гэж худлаа орилж, саарал ордонд сууж байна. Ийм байхад улс орон өөдөлж, дэвжиж, иргэдийн зовлон нимгэрч, жаргах уу. Мөн өндөр албан тушаалд очсон залуус улсын ажил хийхээсээ илүүтэй хоцорсон, тасалснаараа хошуучилж, элдэв хүүхэнтэй нэр холбогдож, эд хөрөнгө хураахын дон тусаж байна” хэмээн УИХ-ын нэгэн дэд дарга чуулганы хуралдааны үеэр залуу парламентчдад хандан хатуу боловч үнэн үгийг дайж байсан нь саяхан. Гучин насны босго ч алхаагүй байхдаа саарал ордны буурал “бурхи”- нуудтай тохой нийлүүлэн суусанд нь атаархсандаа бус, харин анхаарах ёстой асуудал хөндөгдсөн учир үнэтэй үгээ харамгүй хэлсэн болов уу. Нөгөөтэйгүүр, Монгол төрийн босго намдаж, үнэгүйдсэн бодит жишээг цөөн хэдэн үгээр тэрбээр ийнхүү илэрхийлсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” хэмээн заасан байдаг. Хуулиар олгогдсон энэ эрхээ эдэлж өнөөдрийг хүртэл УИХ-ын сонгуульд нас, хүйс, эзэмшсэн мэргэжил, боловсролын түвшин зэрэг олон зүйлээрээ эрс ялгаатай нэр дэвшигчид өрсөлдөж байлаа. Өөрөөр хэлбэл, 25 нас хүрсэн ухаан саруул хэн ч УИХ-д нэр дэвших эрхтэй. Тэгвэл Улсын Бага Хурал буюу Монголд байнгын ажиллагаатай парламент бий болоход залуучууд улс төрд хүч түрэн орж ирсэн. Энэ нь Монголд ардчилсан хувьсгал өрнөсөнтэй салшгүй холбоотой. Учир нь ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүсийн ихэнх нь залуучууд байсан нь маш том нөлөө үзүүлж, Монголын улс төрийн өнгө аяс, түүхийг өөрчилсөн юм. Тухайн үед улс төр дэх залуучуудын оролцоо нэмэгдэж, Монгол төрийн бодлого тодорхойлох түвшинд залуусын төлөөлөл багтаж байгаад олзуурхаж байлаа.
Монгол Улсын парламентын түүхээс авч үзэхэд 1990 оны ардчилсан хувьсгалын дараа анхны сонгуулиар бүрдсэн Улсын Бага Хурлын гишүүдийн дотор 30 хүртэлх насны 10 гишүүн ажиллаж байв. Харин 1992-1996 оны УИХ-д 25-35 насны 11 гишүүн байжээ. Гэвч 1996 оноос хойш 35 хүртэлх насны залуу гишүүд орж ирэх нь дараа дараагийн парламентад эрс багассан байдаг юм. Онцлоход, 30 насны босго алхаагүй байхдаа төрийн түшээ болсон гурван тохиолдол бий. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт болон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар 27, 28 насандаа төрийн түшээгээр сонгогдож, саарал ордонд төрийн жолоо атгалцах хариуцлагатай үүргийг хүлээж байлаа. Харин гурав дахь тохиолдол нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 29 настай Д.Гантулга төрийн түшээгээр сонгогдож, энэ парламентын хамгийн залуу гишүүнээр тодорсон ч бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааг дуусгавар болгож чадсангүй.
Гэхдээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд монголчуудын бодол санаа өөрчлөгдөж, парламентын гишүүний насны босгыг нэмэгдүүлэх шаардлага байгааг нэг бус удаа хөндөж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дээрх заалтыг эргэн харахыг санал болгож байсан юм. Өнгөрсөн онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ч энэ асуудал нэг бус удаа дурдагдсан байдаг. Учир нь парламентын залуу гишүүдийг тойрсон бараан мэдээ, болгоомжгүй үйлдэл, бодлогогүй хэлсэн үгс нь ийн нөлөөлжээ. УИХ-ын залуу гишүүд улс орны эрх ашиг гэхээс илүүтэй өөрсдийнхөө төлөө амбийц хөөж, төрийн ажлаас хойш нь чангаадаг. УИХ-ын гишүүн гэдэг төрийн бодлого тодорхойлдог, улс орны ирээдүйг “зурахад” онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хууль санаачлах, хэлэлцэх, батлах нь тэдний үндсэн ажил. Тиймээс цэвэрлэгч, ачигч, манаачийг ажилд авахдаа дээд боловсрол эзэмшсэн, эсэхээр нь дугаарладаг манайх шиг орон төрийн эрх барих дээд байгууллагадаа ажиллах хүнд түүнээс өндөр шаардлага тавьж, наанадаж насны босгыг нь нэмэгдүүлж, төлөвшсөн парламент бүрдүүлэх учиртай. Гэтэл ажил, амьдралын туршлага, төрийн хүний зангараг, мэдлэг чадвараар гэхээс илүү намын даргын тойрон хүрээлэгч, фракцуудын тохиролцоо болон бэл бэнчинтэй нь хандив өгсөн нэрийдлээр сонгуульд нэр дэвшиж, төрийн түшээ болсон тэднийг танхимын гишүүд нь байтугай жирийн иргэд хүртэл голж байна. Бас өмнөөс нь ичиж, санаа зовж байна.
Энэ бүх зүйл УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдэд тавих шалгуур, шаардлага сул байгаатай холбоотой. Гэтэл гаднын орнуудын тогтолцоо эсрэгээрээ. Нийгэм, эдийн засгийн харилцааны онцлог, улс төр, эрх зүйн соёлын түвшнээс хамааран парламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавих шалгуур өөр өөр байдаг. Төрийн жолоогоо атгуулах бодлого тодорхойлогчдоо сонгохдоо гэр бүлийн хүмүүжил, амьдралын туршлага, хувь хүний үзэл бодол, ёс зүй, хууль дээдлэх эрхэм ёс гээд олон зүйлийг шалгуур болгодог байна. Нөгөөтэйгүүр, нэр дэвшигчийн насанд ч онцгой анхаарал хандуулдаг аж. Тухайлбал, АНУ- ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүнд нэр дэвшигч 25 нас хүрсэн байх ёстой бол Сенатад нэр дэвшигч 30 нас хүрсэн байх ёстой. Олон улсын парламентын холбооноос өнгөрсөн онд дэлхийн 128 орны парламентын гишүүдийн насны бүтцэд судалгаа хийжээ. Казахстан улсын парламентад 40-өөс доош насны гишүүд нь нийт гишүүний 1.9 хувийг эзэлж байна. Өмнөд Солонгосын хувьд энэ үзүүлэлт 2.3, харин Хятад 5.6, АНУ 6.7, Франц 7.6 хувийг эзэлдэг гэсэн судалгааг гаргажээ.
Харин Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн 14.3 хувийг залуучууд эзэлж, энэ үзүүлэлтээрээ судалгаанд хамрагдсан дэлхийн 128 орны тэн хагаст эрэмбэлэгдэж байна. Дээрх судалгааны дүн нь зөвхөн доод болон нэг танхимтай улс орнуудынх. Дээд танхимтай орнуудын хувьд Англи улс тэргүүлж байна. Тус улсын 40-өөс доош насны парламентын гишүүд нь нийт гишүүний 0.6 хувийг эзэлдэг. Франц, Канад, Америк, Бразил, Аргентин болон Энэтхэг улсын хувьд мөн л бага үзүүлэлттэй байгаа бөгөөд 1.2- 3 хувийн хооронд хэлбэлздэг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн томоохон орнуудын парламентын гишүүдийн нас харьцангуй өндөр байгаа юм. Манай улс ч гэсэн Үндсэн хуулийнхаа дээрх заалтыг эргэн харж, парламентын гишүүний насны босгыг зайлшгүй нэмэх шаардлага тулгарч байгааг бусад улс орнуудын жишиг төдийгүй Монголын улс төрд өрнөж буй үйл явдлууд харуулсаар байна. Бид Монгол төрийн босго ямагт өндөр байх учиртайг байнга сануулсаар ирсэн ард түмэн.