"Артизан" ХХК нь 2016 онд БНСУ-ын "CJ групп"-ийн охин компани "CJ Foodville" корпорацтай "TOUS les JOURS" сүлжээ бэйкерийг Монголд Улсад хөгжүүлэх гэрээ байгуулсан ба энэ цаг мөчөөс хойш 8 жилийн хугацаанд манай улсад "TOUS les JOURS"-ийн нийт 19 салбар нээгдсэн байна. Тэгвэл тус брэндийн цаашдын зорилго зорилт, өнгө төрхийг хэрхэн тодорхойлж буй талаар "Артизан" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ким Жэ Ёонтой ярилцлаа.
-Таныг Монголд ирээд удаагүй гэж сонссон. Монголд ирсэн сэтгэгдэл болон шинэхэн хамт олонтойгоо уулзсан сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Солонгос улс өмнө нь Монгол Улсын зах зээлийг маш жижгээр хардаг байсан. Учир нь Монголын талаарх мэдээлэл бага байсантай холбоотой гэж би бодож байна. Гэхдээ сүүлийн үед Монгол Улсын талаарх мэдээ мэдээлэл сошиал орчноор, цахим сүлжээгээр их сонсогдох болсон. Тэр ч утгаараа Монголд очиж үзэх хүсэлтэй Солонгос хүмүүс олон болсон байна.
Жишээлбэл, Монгол орноор аялсан Youtube-рүүд хүртэл дараагийн аялах орноор энэ орныг санал болгох болсон. Түүнээс өмнө Солонгосчууд бид Монголыг төсөөлөхдөө өргөн уудам тал нутагтай, морь унаж, малаа хариулж, нүүдэллэж амьдардаг гэж боддог байсан бол Youtube сувгуудаар мэдээлэл гардаг болсноос хойш бусад улс орнуудын ажил хөгжиж буй улс юм байна, Улаанбаатар гэсэн бие даасан хоттой юм байна гэдгийг ойлгодог болсон.
Миний хувьд 2 долоо хоногийн өмнө Монгол Улсад ирсэн. Улаанбаатар хотоор явахад Солонгос улстай холбоотой түүх дурсгалын газар, байшин барилга, солонгосын сүлжээ дэлгүүрүүд олон байсан учраас өөр улсад ирсэн мэт сэтгэгдэл огт төрөөгүй. Яг л эх орондоо байгаа юм шиг санагдаж байсан. Тийм болоод ч тэр үү "Артизан" ХХК-ийнхаа оффист орж ирэхэд ажилчид маань ч гэсэн таньдаг хүмүүс шиг дотно мэдрэмж төрсөн.
Мөн дээр нь Монголчуудын дунд солонгос хэлтэй хүн олон, царай төрхийн хувьд ч төстэй болохоор яг л ах дүүс шиг дотно санагдсан. Тиймээс цаашид хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа улам сайжирч илүү их хөгжөөсэй гэж хүсэж байна.
-Та Монголд ажиллах ажлын саналыг хэрхэн хүлээн авав?
-TOUS les JOURS брэнд нь гадаадад 470 гаруй салбартай. Би TOUS les JOURS брэндэд нийт 15 жил ажиллаж байна. Үүний 8 жилд нь Вьетнам, Хятад улсад захирлаар ажиллаж байсан туршлагатай. Төв компани маань надад Монголд, Солонгост, Америкт ажиллах гурван санал тавьснаас би Монгол Улсыг сонгосон байгаа. Учир нь Монголд очиж ажиллаж үзье, шинэ орчинд очоод, шинэ боломжийг харъя гэж бодсон. Тийм учраас Монголд ирсэн.
"TOUS les JOURS"-ийн Монгол дахь салбар нь "мастер франчайз" шүү дээ. Төв салбараас анх удаа "мастер франчайз" нээсэн улс руугаа мэргэжилтэн явуулж байгаа. Тийм болохоор Монголд амжилттай ажиллаж чадвал дараа дараагийн мастер франчайз байгаа улсууд руу Солонгосын төв салбараас мэргэжилтэн илгээж илүү дэмжлэг үзүүлэх боломжтой болох юм.
-"TOUS les JOURS" Монголд орж ирээд хэдийнээ 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд брэндийн өнгө төрх, стандарт шаардлагыг алдаагүй ч бага ч гэсэн өөрсдийн гэсэн уламжлалт хэв маяг, арга барил шингэсэн байгаа байх. Тэгвэл таны хувьд энд ажиллах хугацаандаа Монгол дахь "TOUS les JOURS" салбарыг хэрхэн хөгжүүлье гэж бодож байна?
-"TOUS les JOURS" бол олон улсын брэнд. Гэхдээ бусад улс оронд нээгдэхдээ Солонгосын "TOUS les JOURS"-ийн өнгө аясыг зайлшгүй хадгалж, авч явах ёстой байдаг. Тэгэхээр миний хувьд энд ажиллах хугацаандаа Солонгосын буюу өөрийн өнгө төрхийг хадгалахаас гадна Монголчуудын хүсэж байгаа зүйл яг юу вэ гэдгийг хайж олж, түүнийгээ бүтээгдэхүүндээ нэмэлтээр оруулахыг хүсэж байна.
Мэдээж Монгол хүний амтлах мэдрэмж Солонгос хүнийхээс өөр. Тийм учраас аль ч улс оронд "TOUS les JOURS"-ийн өнгө аяс хадгалагдаад түүн дээр нэмэлтээр өөрийн улс орны онцлог нэмэгдэх ёстой гэж бодож байна.
-Манай улс их өргөн уудам нутагтай. Одоогоор "TOUS les JOURS"-ийн 19 салбар нээгдсэн байна. Гэхдээ цаашид орон нутагт салбар нээх боломж бий юу. Энэ талаар мэдээлэл өгөөч?
TOUS les JOURS брэнд 2023 он гэхэд Монгол Улсад 40 салбартай болох зорилго тавьсан байгаа. Тэр дундаа 2, 3 дахь хот гэгддэг Эрдэнэт, Дархан хотуудад салбарууд нээх төлөвлөгөөтэй байгаа.
Тэгэхээр эхний ээлжид нийслэл хотод боломжтой хэмжээгээр сүлжээгээ өргөжүүлээд түүний дараа орон нутагт салбараа нээнэ.
-Монголд хэр удаан хугацаанд ажиллах вэ?
-Монгол дахь TOUS les JOURS-ийн хамт олонтой урт хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд Монголын "TOUS les JOURS"-ийн менежментийн тогтолцоо, ажилтны ур чадварыг хөгжүүлэх болон цаашдын тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн хариуцлагыг дээдэлсэн соёлыг бэхжүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.