Зуншлагын байдал наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд буюу Архангай, Орхон, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хэнтийн зарим нутгаар сайн. Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт буюу 30 орчим хувьд дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-4.7 градусаар дулаан. Хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу, баруун аймгуудын цөөн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орсон. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.