“Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 277 дугаар тогтоол, “Өвөлжилт хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Ерөнхий сайдын албан даалгавар” гарсантай холбогдуулан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар зохион байгуулах талаар санал солилцох, үүрэг чиглэл өгөх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын хамт цахим уулзалт зохион байгууллаа.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, 40-өөс илүү хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Завхан, Ховд, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байн гэдгийг мэдээлж байгаа юм.
Иймд зуншлага тааруу байгаа баруун 5 аймгийн удирдлагууд хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, тарга хүч муу авсан мал болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Засгийн газар экспортыг ямар нэгэн хориг саадгүй явуулах чиглэлд бүх талаар анхаарч ажиллаж байна.