УИХ-д суудалтай гурван намын дарга нар зөвшилцсөний дүнд хамтарсан Засгийн газрыг байгуулаад буй. Тэгвэл ЗГ-ын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болоод бүтэц бүрэлдэхүүнд орсон өөрчлөлттэй холбоотойгоор наймдугаар сарын сүүлчээр УИХ ээлжит бусаар хуралдаж, хуулийн төсөл болон тогтоолын төслүүдийг батлахаар болжээ. Учир нь Засгийн газар хуульд зааснаар 30 хоногийн дотор төслүүдээ УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх учиртай.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрийн дийлэнх заалтуудын нийлбэр байх бөгөөд УИХ-д суудалтай ИЗНН, Үндэсний эвслийн саналыг авч тусгана гэж байгаа хэдий ч мэдээж хамгийн бага хувийг эзэлнэ. Нөгөө талаас үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж гурван нам “эвслийн гэрээ” байгуулах аж.
Гэрээг байгуулахдаа хэд хэдэн гол зарчмуудыг баримтлахаар болсон билээ. Дурдвал, Хамтарч ажиллахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэдгээ тодорхойлох, Улс төрийн намууд нь зөвшилцөлд хүрснээр хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлдэг байх, Хамтарсан Засгийн газар салбар дундын уялдааг хангуулахад чиглэдэг байх бөгөөд гэрээ нь УИХ-ын тогтоолоор баталгаажих юм.
Товчхондоо ирэн сард хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар дээрх хоёр асуудлыг хэлэлцэж батлах бол Засгийн газрын бүтэц болоод бүрэлдэхүүнд орсон өөрчлөлттэй холбогдуулан төсөвт тодотгол хийх хуулийн төслийг мөн хэлэлцэхээр болжээ.