Нисгэгч болох мөрөөдөлтэй хүүхдүүд олон бий. Бас мөрөөдөж байсан томчууд ч цөөнгүй. Гагцхүү мөрөөдлөө биелүүлсэн нь бас биелүүлж чадах нь хэд бол. Ubn.mn сайтын бэлтгэн хүргэдэг "Түүний тухай" булангийн энэ удаагийн зочноор Монголын Иргэний агаарын тээвэр /МИАТ ТӨХК/-ийн нисгэгч бүсгүй Ж.Ган-Өлзий оролцлоо. "Адилхан л дадлага туршлага хуримлуулдаг тул энэ мэргэжилд хүйс хамаарахгүй" хэмээн ярих энэ бүсгүй олон хүүхдэд нисгэгч болох мөрөөдлөө биелүүлэхэд нь багахан ч гэсэн итгэл өгөх болов уу.
Ж.Ган-Өлзий өдгөө 28 настай. Залуухан нисгэгч бүсгүй. Тэр дундаа МИАТ ТӨХК-ийн хоёрхон эмэгтэй нисгэгчийн нэг. Олон сайхан залуустай мөр зэрэгцэн яваа түүний хувьд өнгөрөгч ням гарагт тохиосон МИАТ ТӨХК-ийн 68 жилийн ойн босгон дээр Монголын хамгийн том агаарын хөлөг болох "Boeing 787-9 Dreamliner"-ийг жолоодож, Сөүлийн нислэгийг амжилттай хийсэн юм.
Тэр ч бүү хэл түүний хувьд хамгийн том онгоцны хамгийн анхны эмэгтэй нисгэгч болсноороо онцлог.
Үүнээс л харахад түүнийг мэргэжилдээ эзэн болж чадсан, ур чадвар сайтай, зоригтой, зорилготой нисгэгч гэдгийг харж болно. Гэвч нийгэмд "Нисгэгчийн мэргэжил зөвхөн эрэгтэй хүнд л тохирно" гэх нийтлэг хэрнэ хэвшмэл ойлголт олон охидыг нисгэгч болгох мөрөөдлөөс нь салгасан байх. Гэхдээ Ж.Ган-Өлзийн хувьд мөрөөдөлдөө эзэн байж, юу хүсэж байна түүнийгээ биелүүлэхээр зүтгэсэн нь өнөөдрийн амжилтыг нь дуудсан болов уу.
Түүний хувьд айлын том охин. Хүүхэд байхаасаа л нисгэгч болохыг хүсдэг байсан ч гэр бүлийнхэн нь түүнд "Нисгэгч болоод хэрэггүй ээ. Газартаа л байж бай" хэмээн хэлсэн гэдэг. Тиймээс 19-хөн настай сэргэлэн охин нисэх мөрөөдлөө орхилгүй "Нислэгийн хөдөлгөөний удирдагч" мэргэжлээр сурч төгссөн бөгөөд энэхүү мэргэжлээрээ чамгүй хугацаанд ажилласныхаа дараа аав, ээж, гэр бүлийнхэндээ өөрийнхөө мөрөөдөл, хүсэл тэмүүллийг ойлгуулж бас нисгэгчээр сурах зөвшөөрөл аван АНУ-ыг зорьсон гэдэг.
Одоо харин тэрбээр МИАТ ТӨХК-д жил гаруй хугацаанд ажиллаж байгаа ба хийсэн нислэг бүрээ амжилттай газардуулжээ. Бас түүний хувьд нисэхдээ айдас гэдэг зүйлийг огт мэдэрдэггүй гэнэ. Учир нь манай орны цаг уурын нөхцөл байдал эрс тэс тул энэ нь манай улсын нисгэгчдэд улам илүү дадлага, туршлага болдог аж. Түүнээс гадна нисгэгчийн мэргэжил онол практикаа сайтар судалж, сайн сурсан бол эрэгтэй, эмэгтэй гэж хүйс ялгалгүй хийж болох мэргэжил хэмээн тэрбээр ярина. Магадгүй түүний хэлсэн энэхүү үг "нисгэгчдийг хүйсээр нь битгий жишээрэй" хэмээн хүн бүрд ойлгуулахыг хүссэн үг мэт.
Ийнхүү түүнтэй ярилцсан багахан хормыг Ubn.mn сайтын бэлтгэсэн дараах нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.