30 гаруй мянган төгсөгч шалгуулах Элсэлтийн шалгалтыг долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд орон даяар амжилттай зохион байгуулж, өндөрлөсөн билээ. Гэвч шалгалтын дүн гарч эхлэхтэй зэрэгцэн олон нийтийн цахим сүлжээнд ЭШ-ийн дүнг аймгаар жагсаасан байдал болон шалгуулагчдын дүн эрс буурсан байна зэрэг мэдээллүүд хөвөрч, иргэдийн шүүмжлэлийг дагуулаад амжсан. Тэгвэл энэ жилийн элсэлтийн шалгалтын үйл явцтай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвийн захирал Л.Ганбаттай ярилцлаа.
-Элсэлтийн шалгалт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Юун түрүүнд шалгалтын үйл явц хэрхэн болж өнгөрсөн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг элсэлтийн шалгалт хуваарийн дагуу долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж дууслаа. Шалгалтын ирц 92 хувьтай байлаа. Өөрөөр хэлбэл, нийт бүртгүүлсэн шалгуулагчдын 7 орчим хувь нь ямар нэгэн байдлаар шалгалтад хамрагдаж чадсангүй. Эдгээр хүүхдүүд нь бүгд шалгалтад хоцорсон гэсэн үг биш. Бүртгүүлсэн боловч шалгалтдаа ороогүй хүүхдүүд гэсэн үг. Шалгалтын төвүүдээс ирсэн мэдээллээр шалгалтын цаг эхэлснээс хойш хоцорсон гэх шалтгаанаар шалгалтад орж чадаагүй 100 гаруй хүүхэд байна.
Шалгуулагчдын дүн оноог элсэлтийн шалгалт зохион байгуулах удирдамжийн дагуу тухайн цаг үедээ шалгуулагчдын өмнө анхны оноог буюу 100 оноо авахаас хэдэн оноо авсан бэ гэдгийг харуулсан. Тухайн өдөртөө улсын хэмжээний нэгдсэн жагсаалт буюу хэмжээст онооны мэдээлэл гараад явсан. Ер нь элсэлтийн шалгалтын зорилго нь бүрэн дунд боловсрол эзэмшээд төгсөж дээд боловсролын түвшинд суралцах гэж байгаа шалгуулагчдын ерөнхий мэдлэг чадварын түвшинг тодорхойлж, тэднийг эрэмбэлэн жагсаах зорилготой уралдаант шалгалт. Үүний хүрээнд шалгуулагчдаас авч байгаа шалгалтын агуулга нь дундаж болон ахисан түвшний даалгаврууд байдаг гэсэн үг. Эл шалгалтаар бид ямар нэгэн байдлаар хөтөлбөрийн хэрэгжилт, стандарт хангалтын түвшинг тодорхойлох боломжгүй буюу зорилго нь өөр гэсэн үг. Энэ утгаараа ахисан түвшинд бага зэрэг хүндрүүлсэн байдлаар шалгалтыг авдаг. Зарим статистикаас дурдвал, өнгөрсөн жил улсын хэмжээнд 800 оноо авсан шалгуулагчийн тоо 158 байсан бол энэ жил 168 болж нэмэгдсэн.
Мөн хичээлүүдээр авч үзвэл, нийгэм, англи хэл, орос хэл, физик, биологи, түүх, газарзүй гэсэн хичээлүүдийн улсын дундаж оноо өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлттэй байна. Математик, монгол хэл, химийн хичээлүүдийн улсын дундаж буурсан үзүүлэлттэй байлаа.
-Шалгалтын үеэр шалгуулагчдын дүнгээр харъяа аймаг, дүүргээр нь жагсаасан мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор олон талын шүүмжлэл ч дагууллаа?
-Аймгуудыг дунджаар нь харьцуулсан, эрэмбэлсэн мэдээллүүд сошиал дээр нэлээн явсан. Энэ нь боловсролын үнэлгээний төвөөс гаргасан албан ёсны мэдээлэл биш. Хувь судлаачид өөрсдийнхөө хүсэл сонирхол, олсон мэдээлэл дээр үндэслэж гаргасан албан бус мэдээлэл гэдгийг тодотгож хэлье. Өөрөөр хэлбэл, Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалтын дүн оноогоор аймгуудыг эрэмбэлж, жагсааж гаргадаггүй гэсэн үг. Өмнөх, өмнөх жилүүдэд ч гаргаж байсан тохиолдол байхгүй.
-Тухайлбал, улсын хэмжээнд 23 мянган шалгуулагч математикийн хичээлийн шалгалт өгснөөс 1 хувь нь ч 90 хувиас дээш оноо аваагүй гэх мэдээлэл байсан?
-Энэ мэдээлэл нь албан бус мэдээлэл гэсэн үг. Боловсролын Үнэлгээний төвөөс хичээл тус бүрээр нь, шалгуулагчдын даалгавраа гүйцэтгэсэн байдлаар нь, авсан оноогоор нь дэлгэрэнгүй тайланг гаргадаг. Гэхдээ тэрхүү судалгаа нь наймдугаар сарын сүүлээр гарна гэсэн үг. Тэндээс албан ёсны мэдээллийг авах боломжтой гэсэн үг.
-Ер нь хэр бодит байдал руу дөхсөн мэдээлэл байна?
-Ер нь математикийн хичээл дээр олон нийт гол тулгуу яриад байх шиг байна. Математик бол хамгийн олон шалгуулагч сонгож өгч байгаа шалгалт шүү дээ. Энэ дунд бэлдсэн хүүхэд ч байна. Ямар нэг байдаар дараагийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцахын тулд мэргэжлийн чиглэлүүдээс хамаараад өгч байгаа хүүхдүүд ч бий. Тэгэхээр 20 гаруй мянган хүүхэд хамрагдаж байгаа тохиолдолд улсын дундаж өндөр байх боломж байхгүй. Жил бүр л ийм байдаг. Ер нь энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, элсэлтийн шалгалт сэдэв даалгавар зорилгынхоо хүрээнд ахисан түвшинд авагддаг. Дундаж түвшинд биш гэсэн үг. Хэн чадаж байгаа нь хийнэ. Чадахгүй байгаа нь хийхгүй л гэсэн үг. Иймээс эл хичээлийн дундаж бага байгаа нь математикийн боловсролын чанарыг илтгэж байна гэж шууд холбож харах нь өрөөсгөл. Нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байж болно. Гэхдээ ганцхан элсэлтийн шалгалтын дүнгээр шууд дүгнэлт хийх нь учир дутагдалтай.
Сэдэв даалгаврын хувьд жил бүр хичээл тус бүрээр бльюпринт /агуулгын мэдээлэл/ гаргаж зарладаг. Тиймээс жил бүрийн даалгаврууд үндсэн энэ вариант чанараа хадгалаад явдаг гэсэн үг.
-Албан бус мэдээлэл гаргаж байгаа судлагааны байгууллага, хувь хүмүүс энэ чиглэл дэх дата мэдээллийг нь хаанаас авч байгаа хэрэг вэ. Танайх руу ханддаг зүйл бий юу?
-Боловсролын Үнэлгээний төвөөс өдөр бүрт нь шалгуулагчдын жагсаалтыг цахимаар гаргаж тавьдаг. Тэндээс дата мэдээлэл цуглуулж байна гэсэн үг л дээ. Гэхдээ тооцоо судалгаа тал дээр учир дутагдалтай. Учир нь аймгуудыг эрэмбэлж, жагсаах дээрээ тулбал үүнийг бодож гаргах аргачлал нь шал өөр.
Жишээлбэл, 200 хүүхэд төгсөж байгаа Говьсүмбэр аймгийг 1000 гаруй хүүхэд төгсөж байгаа Орхон, Хөвсгөл аймгуудтай харьцуулж болохгүй шүү дээ. Үүний тулд тоо, тэнцүүлэх аргачлал, дүн гээд бодох аргачлал нь өөр. Үүнд шууд итгэх боломжгүй л гэсэн үг.
-Жилээс жилд шинжлэх ухаан чиглэлийн хичээлээр шалгалт өгч байгаа шалгуулагчдын тоо буурах хандлагатай байна уу?
-Жил бүрийн шалгуулагчдын хамгийн их бүртгүүлдэг хичээл нь математик. Дараагаар нь англи хэл. Мөн араас нь физик, нийгэм, биологи, хими байдаг. Тэгэхээр тоо нь буурч байгаа тохиолдол байхгүй. Харин гүйцэтгэл чанар дээр огцом гарсан өсөлт байхгүй. Яг л байдаг хэмжээндээ яваа гэж харагдаж байгаа.
-Энэ жил шалгуулагчдын дунд зөрчил хэр их гарав?
-Зөрчил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад бараг л гарсангүй. Жишээлбэл, гар утастай орсон, өөрийнхөө оронд өөр хүн оруулсан гэх мэт шалгалтын дэг, журам зөрчсөн зөрчил гараагүй. Өнгөрсөн жил мэр сэр ийм тохиолдол гарсан.
-Танайх руу орж ирэхэд шалгалтын хуудастай холбоотой гомдол гаргахаар, нягтлуулахаар эцэг эхтэйгээ ирсэн шалгуулагчид цөөнгүй харагдлаа?
-Тийм ээ. Журамд заасны дагуу шалгалтын материалыг өдөр өдөрт нь тест уншигч машинаар шалгаж, хариуг гаргаж байгаа шүү дээ. Тухайн авсан оноотойгоо санал нийлэхгүй байгаа тохиолдолд шалгалтынхаа эх материалыг гараар тулгаж үзье гэдэг өргөдлөө гаргах эрх нь ЭШ дууссанаас ажлын тав хоног дотор нээлттэй бий. Ийм санал хүсэлтэй хүүхдүүд маань хандаж байгаа гэсэн үг. Хандаж байгаа хүүхдүүдийн тухайд, машинаар уншсан дүн болон хийж гүйцэтгэсэн шалгалтын материалын эх хувьтай тулгалт хийж харуулдаг. Зөрсөн тохиолдолд гарч байгаагүй.
-100 гаруй хүүхэд шалгалтад орж чадаагүй гэсэн шүү дээ. Эдгээр хүүхдүүдэд ямар боломж бий вэ. Элсэлтийн шалгалтыг хоёр удаа авдаг болсон байгаа шүү дээ?
-Тийм ээ. Элсэлтийн шалгалтыг хоёр удаа авдаг болсон. Үүнтэй холбоотойгоор энэ онд авах хоёр дахь элсэлтийн шалгалтыг 12 дугаар сард зохион байгуулна. 11 дүгээр сард бүртгэл явагдана.
Ярилцсанд баярлалаа