Монголын түүх бол дэлхийн түүх, дэлхийн түүх бол Монголын түүх... Ухаан орох үеэс энэ л агуулга чихэнд хоногшиж, Монголын нууц товчоо, Инжинааш, Судрын чуулган зэрэг бичгийн эх сурвалжийг шимтэн уншиж өссөн монгол хүүхдүүд хэдэн мянгаараа бий. Харин өнөөдөр дэлхий дахинаа шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжиж, улс гүрнүүд өмнөх түүхээ судлан батжуулж, түүгээрээ ондоошин ялгараад удлаа. Эртний үүх түүх, эд өлгийн сурвалжийг археологийн шинжлэх ухаан судалж баталдаг.
Монгол орон бол археологийн диваажин гэж гадны мэргэжилтнүүд үнэлдэг. Дэлхийг байлдан дагуулж байсан олон эзэнт гүрний голомт энэ л газар нутагт оршдог. Хүннү, Жужан, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний түүхэн дурсгалууд өнөө хэр бүрэн нээгдээгүй, сүрлэг хот тосгод хэвээрээ газрын дор сүндэрлэж буй. Сонирхолтой нь манай орон тал хээрийн бүс нутагтай, хүн ам сийрэг учраас түүх соёлын дурсгалын хадгалалт дэлхийн аль ч бүс нутагтай харьцуулшгүй маш сайн байдаг гэдэг.
Дэлхийн археологийн үнэт зүйлс болсон Монголын газар нутаг доорх түүх, өв соёлын дурсгалыг нээн илрүүлэх судалгаа, шинжилгээний ажилд хувийн хэвшлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд орж ирж байгаа сайн мэдээ бий. Үүний эхлэл бол Голомт банкны 2022 онд санаачилж, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Өв соёлын голомт” түүх археологийн төсөл юм.
“Өв соёлын голомт” төсөл олны дунд тархаад байсан буруу таамгыг няцаав
Төслийн эхний судалгааг товч сануулахад Туул голын эрэг дагуу Сонгинын хэсэгт байрлах Хэрэйдийн Ван ханы ордон буюу Хар түнэ орд байсан. Энэ дурсгалыг 1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид илрүүлж, Кидан улсын үед холбогдох Түргэний голын балгас гэж үзсэн байдаг. Харин сүүлд 2005 онд МУИС, Чингис хаан дээд сургуулийн хамтарсан баг дахин малтлага явуулж Туулын хар түнэ орд буюу Ван ханы ордны туурь хэмээн таамаглал дэвшүүлж байв. Тэгвэл “Өв соёлын голомт” төслийн багийнхан дахин судалгаа явуулснаар уг дурсгал нь Ван ханы ордны үлдэгдэл бус, хоёр цаг үеийн дурсгал байгааг тогтоосон. Тодруулбал, нэг нь Киданы үе буюу 10-11-р зууны үед холбогдох хэрэмтэй хотын үлдэгдэл. Харин нөгөө нь хэрмийн дотор байрлах буддын шашны сүм хийдийн үлдэгдэл гэдгийг олж тогтоожээ. Цаг хугацааны хувьд 17-р зууны эхэн үе гэж судлаачид үзсэн. Сонирхолтой нь Монголд шарын шашин дэлгэрэхээс өмнөх үе буюу бурхан шашны сүм хийд байв. Харин тухайн дурсгал язгууртны тахилга шүтлэгтэй холбоотой юу, урсгал чиглэл дэлгэрүүлэх шүтлэг бүхий барилга байсан уу гэдгийг буддын шашны бусад археологийн дурсгалтай харьцуулж нарийвчлан судлах шаардлагатай болж буй.
Монгол нутаг дахь бурхны шашны хамгийн эртний дурсгалыг оллоо
“Өв соёлын голомт” түүх археологийн төслийн багийнхны дараагийн томоохон судалгаа Булган аймгийн нутаг Ингэт толгой хэмээх газарт байрлах хүн чулуун хөшөө байв. Тус дурсгалыг 1970 онд илрүүлж ахмад археологич Д.Баяр Киданы үеийн дурсгал гэж тодорхойлж байжээ. Харин энэ төслийн хүрээнд хоёр барилгын туурийг олсон бөгөөд нэг нь вааран дээвэртэй барилга байлаа. Ваар нь бадам цэцгийн хэлбэртэй байснаас үзэхэд Умард Вэй улсын үеийн бурхны шашны хэрэглэгдэхүүнтэй төстэй гэж судлаачид тогтоосон. Умард Вэй улс нь Сяньби угсааныхны байгуулсан төр улс. Дурсгалын он цагийг Жужаны үеийнх гэсэн таамаглал дэвшүүлээд барилгын тууриас олдсон модны үлдэгдлээс дээж аван шинжлэхэд 416-538 он гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, энэ дурсгал бол 4-5 дугаар зууны үеийнх. Барилга байгууламжийн туурь буддын хөрөг гэж үзсэн дурсгалтай хоорондоо холбоотой учраас Монгол нутаг дахь бурхны шашны хамгийн эртний дурсгалд тооцогдоно гэж мэргэжилтнүүд онцолж байгаа. Судлаачид энэ жил дурсгалын малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлэх юм.
Хархорумтай төстэй ч сурвалжид тэмдэглэгдээгүй нууцлаг хот
“Өв соёлын голомт” төслийн багийнхан энэ жилээс онцлог нэгэн судалгааг эхлүүлсэн нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотоос ч нарийн төлөвлөлттэй нууцлаг нэгэн хотын туурийн малтлага юм. Энэ бол 14-р зууны үеийн дурсгал, 20-30 мянган хүнтэй хот байсан болов уу гэж археологичид таамаглаж буй. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг, эртний хот Хархорумаас баруун хойд зүгт 250 км орчим зайд Хархул хааны балгас гэж нэрлэгдсэн дурсгал бий. Ахмад археологичид 1980 оны үед үүнийг судалж, гурван өөр цаг үед холбогдох боломжтойг тодорхойлж байв. Түүнээс хойш дорвитой судалгаа хийгдээгүй өдийг хүрсэн гэж хэлж болно.
Өнгөрсөн оноос эхэлсэн малтлага судалгаагаар хотын умард хэсэгт анх удаа буддын шашны сүмийн туурийг илрүүлжээ. Буддын сүм нь гоёмсог хийцтэй, ногоон паалантай вааран дээвэртэй, олон төрлийн чимэглэлтэй. Урьдчилсан байдлаар 36 баганатай, 40 метрээс багагүй өндөртэй суварга хэлбэрийн сүм гэж үзээд байна. Малтлага судалгаагаар олон барилгын чимэглэлүүд илэрсний нэг нь Аюуш бурхныг дүрсэлсэн ногоон паалантай дээврийн нүүр ваар байжээ. Насан уртасгагч хэмээгч Аюуш бурхнаар сүмийг чимэглэсэн нь сүмийг бариулсан хааныг урт удаан наслахыг бэлгэдэг бүтээжээ гэж Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийнхэн онцолж байгаа юм.
Харин хотын баруун хэсэгт гадуураа шороон хэрэмтэй ордны туурьд сорилын малтлага явуулахад луу дүрсэлсэн ногоон паалантай дээврийн нүүр ваар бас илэрсэн байв. Луу бол хаад язгууртан ихэс дээдсийн хувцас өмсгөл, орд өргөөг чимэглэх бэлгэдэл агуулдаг. Эндээс үзвэл хааны гоёмсог хийцтэй сүрлэг ордон байжээ гэж үзэх бүрэн үндэслэлтэйг судлаачид тайлбарлаж байна. Хотыг том зургаар харвал хааны орд өргөө, түүний урд удаан наслахыг бэлгэдэн бүтээсэн суварга хэлбэрийн буддын сүм бүхий олон хүн амтай худалдаа арилжааны томоохон хот байсныг баримтаар харж болно.
Хотын гол онцлог нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын ерөнхий зохион байгуулалттай давхцаж байгаа аж. Эл хоёр хотыг нэг инженерийн төлөвлөлтөөр байгуулсан байх ч боломжтой. Ялангуяа Өгөдэй хааны зарлигаар эхлүүлсэн Хархорумын буддын шашны Цогт их сүмийн ерөнхий бүтэц Хархул хааны балгасын буддын сүмийн бүтэцтэй хамгийн ойр байгаа нь судлаачдын сонирхлыг татжээ. Эндээс үүдэж Хархул хааны балгасын сүмийг Өгөдэй хааны зарлигаар байгуулсан байх боломжтой гэсэн таамаглал дэвшүүлж байна. Ийнхүү хот төлөвлөлтийн хувьд нийслэл Хархорумтай хамгийн ойр цогцолбор байдлаараа түүний дараа орох, нэг цаг үед холбогдох, тэгсэн атлаа сурвалжид тэмдэглэгдээгүй нууцлаг эртний томоохон хотын судалгаа ийнхүү амжилттай үргэлжилж байна.
Археологийн дурсгал гэдэг ийм л хүчтэй, түүхийг ч өөрчлөх хөдөлшгүй баримт юм. Харин түүх гэдэг үнэн бодит, хувиршгүй байх ёстой. Энэ нь тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засаг, аялал жуулчлал, залуу үеийг танин мэдүүлэх их үйлстэй шууд холбогддог өндөр ач холбогдолтой салбар юм аа. Нөгөө талаар археологийн диваажин гэгдэж буй Монгол орон өөрөө дэлхийн түүх, өв соёлын голомт гэдгээрээ бахархам билээ.
Б.Энхзаяа