Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн сонгууль төр, иргэн хоёрын урам зоригийн сэргэлт байгаасай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 50 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө. Тэрбээр:

Монголын ард түмэн 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш 9 дэх удаагийн парламентын сонгуулиа өгч байна. Энэ удаагийн сонгууль хэд, хэдэн зүйлээс онцлог. Нэгдүгээрт бид анх удаа 76 гишүүнтэй, нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй УИХ-ыг түүх болгон жаазлан үлдээж байна. Салбар, салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй, Монгол Улсын түүхэнд анхны парламентыг хамтдаа энэ сонгуулиараа бүрдүүлж байна. Энэ ч агуулгаа сонгуулийн ирц өмнөхөөсөө илүү өндөр байна гэж ажиглаж байна.

Учир нь хилийн чанадад байгаа Монголчууд нь урд төлөөлөлгүй байсан бол энэ удаа төлөөлөл нь жагсаалтаар нэр дэвшиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл сонгогдож чадалгүй 34 жил явсан. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл анх удаа парламентад орж ирэх боломж бүрдэж байна. Шинжлэх ухаан, хувийн хэвшлийн төлөөлөл парламентад жагсаалтаар нэр дэвшиж байна. Тиймээс салбар, салбарын дуу хоолойг бүрдүүлсэн парламент гэдэг агуулгаараа нийгэм маш их идэвхжиж байна. Өмнөх бүх сонгуулиудаас энэ удаагийн сонгуулийн ирц өндөр байна. Үлдэж байгаа цаг хугацаанд сонгуулиа өгөөгүй үлдсэн иргэд маань саналаа өгөөрэй. Ардчилал гэдэг бол ард түмэн төлөөллөөрөө дамжуулж түр хугацаанд эрх бариулах боломжийг өгч байгаа гэсэн үг. Ирц өндөх байх тусам хүлээн зөвшөөрөгдөх байдал, олон улсын ардчиллын индекс ахих учиртай.Тиймээс бүгд ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Хоёрдугаарт энэ сонгуулиар 21 аймаг, нийслэлийн дүүргүүд, салбаруудын 30 гаруй уулзалт хийлээ. Өдөрт 4-5 уулзалт хийсэн. Бүгд 30 жилийг дүгнэж байна.

С.Зориг ардчилсан хувьсгалын талаар "Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой шүү. Дараа нь намын эрх ашиг байна. Хувийн эрх ашиг байна. Мэдээж энэ нь чөлөөт нийгэм. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал хэрэв алдагдвал парламентад итгэх итгэл суларч төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцоно" гэж хэлж байсан.

Харамсалтай нь С.Зориг агсан амиа алдсанаар энэ бүх эрэмбэ дараалал, эрх ашиг яг эсрэгээрээ хэсэг хугацаанд явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг болсон. Нам дамнасан бүлэглэл үүсэж стратегийн ордыг авсан. Төрийн мөнгөөр хувьдаа Эрдэнэтийн 49 хувийг авч, эрхзүйт төрт байж боломгүй олон зүйлс болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хуваасан, С.Зоригийн хөшөөг худалдсан, ногоон байгууламжууд устсан. Нийслэлийн сургуулиудын ардах талбай эмнэлгүүдийн өмнөх талбай хууль бусаар зарагдсан. Ардчилсан аль ч нийгэмд нийтийн эзэмшил рүү ингэж халдаж байсан тохиолдол байхгүй. Хэм хэмжээ арай зөрчигдсөн. Энэ нь улсын эрх ашигт хортой болсон.

Тиймээс энэ удаагийн сонгууль 30 жилийн хугацаанд явсан дүгнэлт байгаасай. Төр иргэн хоёрын итгэл найдварын шинэ хуудас, урам зоригийн сэргэлт байгаасай. Өнөөдөр цоо шинэ 30 жилийг Монгол Улсын түүхэнд эхэлж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх сонгуулиудаас өндөр байна гэж харж байна
Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх сонгуулиудаас өндөр байна гэж харж байна
 
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас тавьсан шаардлагыг СЕХ хэлэлцэж, хариу тайлбар өгчээ
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас тавьсан шаардлагыг СЕХ хэлэлцэж, хариу тайлбар өгчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц