2020 оны Улсын их хурлын сонгуулийн дараа монголчууд дахин нэг чухал сонголтыг өнөөдөр /2024.06.28/ хийх гэж байна. Хэрэвзээ энэ удаагийн сонгуулиар залуус төрөө эмхлэх ажилд идэвхтэй оролцвол эргэлтийн хэмээн нэрлэж болохуйц сонгууль ч болж мэднэ. Учир нь энэ удаагийн сонгуулиар голлох ирцийг хүлээж буй хэсэг нь залуучууд.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын 2024 оны хүн амын нас, хүйсийн суваргаас харахад сонгуулийн насны нийт хүн амын 41 хувь нь 16-34 насныхан байна.
Тодруулбал, нийт хүн амын:
- 32.2 хувь буюу 1,161,000 нь 0-15 насныхан,
- 65.3 хувь буюу 2,351,000 нь 15-69 насныхан,
- 2.5 хувь буюу 90.000 нь 70 ба түүнээс дээш насны өндөр настан байна.
2012-2022 онд залуусын ирц хамгийн муу байсан. Гэхдээ өнөөдөр үүнийг өөрчлөх боломжтой
Залуусын сонгуульд оролцсон байдлыг харвал, УИХ-ын 2012 оны сонгуульд 18-35 насны залуучууд 40 хувийн ирцтэй буюу 60 хувь нь саналаа өгөөгүй. Харин 2016 оны сонгуульд 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8 хувь, 2020 оны сонгуульд 62 хувийн ирцтэй оролцсон юм. Мөн Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас харахад, 20-24 насныхны ирц хамгийн бага буюу залуучууд бусад насныхнаас 8.3 хувиар доогуур ирцтэй байжээ.
Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуульд ойролцоогоор 410 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь л идэвхтэй оролцсон гэдгийг дээр дурдсан.
Энэ нь 18-25 насны залуусын хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгсөн гэсэн үг. Харин 60-аас дээш насныхны 100 хүн тутмын 97 нь сонгуульд оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт байв.
18-25 хүртэлх насны залуус нийт сонгогчдын 50 хувийг эзэлж байсан нь маш том хүч бөгөөд өөрөөр хэлбэл залууст тулгамдаж буй олон асуудлыг шийдүүлэх боломжтой байв. Харин 50-иас дээш насныхан 97 хувийн ирцтэй сонгуульд оролцсоноор магадгүй тэтгэврийн зээлийг тэглүүлж чадсан юм.
Ямар төрлийн сонгогчид идэвхтэй саналаа өгч байна яг тийм л төр бий болдог
Сонгуульд оролцох залуучуудын идэвх сул байгаа талаар Улс төр судлаач С.Болдсайхан тайлбарлахдаа “Сонгуульд идэвхтэй оролцдог иргэд юу хүсэж буйг, тэдэнд ямар тулгамдсан асуудлууд байгааг олж мэдэх, улмаар тэдэнд таалагдах амлалт, мөрийн хөтөлбөр боловсруулж хоорондоо өрсөлддөг. Иймээс ямар төрлийн сонгогчид идэвхтэй саналаа өгч байна яг тийм л төр бий болдог. Ахмадууд идэвхтэй саналаа өгдөг учраас улс төрийн намууд халамжийн бодлогоороо хоорондоо голчлон өрсөлддөг.
Тэтгэврийн зээл тэглэснийг мөн санаж байгаа биз дээ. Харин залуус санал өгдөггүй учраас тэдэнд тулгамдсан асуудлууд буюу ажлын байр бий болгох, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах ажилд тун хойрго ханддаг. Тэгэхлээр залуус бид улс төрд идэвхтэй оролцож, адаглаад саналаа өгч байж бидэнд тулгамдаад буй нийтлэг асуудлууд шийдвэрлэгдэж эхэлнэ” гэжээ.
Улс төр, эдийн засгийн хямрал удаан үргэлжилсээр байвал хамгийн сор болсон залуус нь гадагш оддог
Диплом, магистр, докторын зэрэгтэй мөртлөө гадаадад "хар" ажил хийх, цаашлаад Монголоос татгалзах сонголтыг хийж байна. Товчхондоо улс төр, эдийн засгийн хямрал удаан үргэлжилсээр байвал хамгийн сор болсон залуус нь ийн гадагш оддог аж.
Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирцгээсэн бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй байжээ. Ихэнх нь тэндээ хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна. Хамгийн чухал нь Монгол руу буцах бодолгүй гэсэн иргэдийн 10 хүн тутмын 8 нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой.
Тиймээс залуу хүн бүр саналаа өгч байж гадаад руу гарах шаардлагагүйгээр эх орондоо элгэн садантайгаа хамт амьдрах боломж бүрдэнэ.
Энэ жил сонгууль өгөх насанд хүрч байгаа 18-тай сонгогчид юу хүсэж байна. Хоёр дахь удаагаа санал өгөх гэж буй 22-той залуусын хүсэл юу вэ.
Төрийн байгууллага нь авлигад идэгдсэн, хурган даргын оймсноос боодол боодлоор ам.доллар гарч ирдэггүй, шударга, цэвэр нийгмийг хүсэж байна уу. Тэгвэл сонгуулиар гэртээ хэвтэлгүй, дэмий тэнэлгүй, хэн мөнгө тараах бол гэж горьдож суулгүй саналаа өг.
Залуучуудаа дэмж. Сонгуулийн насны залуучуудын тал нь төрд төлөөллөө илгээх хариуцлагатай үүргээ биелүүлэхгүйгээс болоод насаараа нам дагаад, үзэл бодлын хайрцагнаасаа гарч чадахгүй ахмадууд та нарын өмнөөс сонголт хийж байна.