Хүний эрхийн Үндэсний комиссоос өнөөдөр /2024.06.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
---------------------
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дараах зөрчил, дутагдлууд гарсныг холбогдох байгууллагуудын тайлан, мэдээлэлд дурдсан байна. Үүнд: 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн хүрээнд Цагдаагийн байгууллагад нийт 2569 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 182, зөрчлийн шинжтэй 2387 гомдол, мэдээлэл ирсэн. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээс
- Бэлэн мөнгө, эд зүйл тараасан гэх-27
- Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан гэх- 63
- Самбар алдсан гэх-47
- Сурталчилгааны зураг, самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулсан гэх-2
- Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх- 17
- Сонгуулийн хэсгийн хорооны байр, бусад газарт танхайрсан гэх-3, бусад 23 гэсэн тоон үзүүлэлттэй байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй хамгийн олон гомдол, мэдээлэл нь “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан” гэх буюу Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлд заасан “Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт гомдол, мэдээллийн 35 орчим хувийг эзэлж байна.
Зөрчлийн шинжтэй 2387 гомдол мэдээллээс “Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан” гэх Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 18.1-д заасан “Сонгуулийн хуулийг зөрчих” зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нь 1,000 буюу нийт гомдол, мэдээллийн 42 орчим хувийг эзэлж байна.
Үндэсний аудитын газрын УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан мэдээнээс үзвэл, 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа 469 нэр дэвшигчид ирүүлсэн буюу 137 нэр дэвшигч тайлангаа ирүүлээгүй зөрчил гаргажээ.