...Найз маань онц сурдаг, ирээдүйд хуульч болно гэж ярьдаг байсан. Гэхдээ аав нь нас бараад, тэгээд ээж нь өвчтэй болсон болохоор эцэг, эхийнхээ тавьсан өрийг дарах гээд арга үгүйн эрхэнд 11 дүгээр ангиасаа сургуулиа хаяад ажил хийж байна. Сардаа олсон мөнгөө өр төлөхөд зарцуулдаг болохоор гэртээ болон өөртөө юм авч чаддаггүй. Хүүхдэд өгдөг хөдөлмөрийн хөлс бага болохоор хоёр ажил хийсэн ч сардаа 500-800 мянган төгрөг олдог нь хүрэлцдэггүй. Манай найз өглөө нь цагийн ажил хийдэг, худалдагч, өрөгч гэх мэт, үдээс хойш нь бааранд ажилладаг. Миний хувьд ажил хийдэг найзууд олон бий. Бид нар ажил хийж, олсон мөнгөөрөө энэ найзынхаа гэрт нь хоол унд авч өгдөг. Саяхан мөнгөө нийлүүлээд гэрт нь хонины мах авч өгсөн. Бүтэн хонины мах авах гэсэн хүрээгүй л дээ...
...Ажил хийхэд өглөө эрт босох хэцүү байдаг. Гэрийнхээ бүх ажилд тусалдаг учраас тоглох зав бага. Дүү нар гэрээ цэвэрлэдэг. Ар гэрийн байдал сайн бол ажил хийх шаардлага надад байхгүй, сургуульдаа сурч, мэргэжилтэй болмоор байна...
...Ажлын байрны бэлгийн дарамт охидод их хэцүү. Нэг ажил хийсэн. Тэгсэн ажлын газрын нэг ах намайг байнга өдөөд, байж байгаад хажууд ирээд сонин сонин юм яриад байдаг. Чи гарч орж яваач, чиний насан дээр ууж идэж, наргиж явах нас. Хүнтэй суучихвал гоё сайхныг мэдрэхгүй гэх мэт. Заримдаа ирээд хажууд зогсоод чи хүнтэй унтаж үзсэн уy? гээд асуудаг Тэгээд + гэсэн сайт үзүүлээд, энийг ороод үзээч, ийм юм үзсэн үү? гээд... Тэгээд чимээгүй байгаад, хариу хэлэхгүй болохоор чихэн дээр ирээд шууд чанга хашхирдаг...
Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой бодит кэйсийг Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргадаг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд тодорхой бичжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд манай орны ядуурал дорвитой буураагүй учраас хүүхдүүд өөрт олдсон боломжийн хүрээнд ажил хийхийг эрмэлздэг болжээ. Тиймдээ ч сурагчдын зуны амралт эхэлсэн энэ цаг үетэй зэрэгцэн тэдний хөдөлмөр эрхлэлтийн асуудал хөндөгдөж эхэлдэг.
-Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо 2 дахин нэмэгдсэн-
Тэгвэл энэ асуудлаар Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа "Монгол Улсад 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 58 мянган хүүхэд нь аюултай хөдөлмөр эрхэлж байна. Байршлын хувьд авч үзвэл Улаанбаатар хотод амьдардаг арван хүүхэд тутмын нэг нь, орон нутгийн гурван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Мөн хүүхдийн хөдөлмөрийн түүвэр судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 5-17 насны хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эзлэх хувь 2012 онд 7.4 байсан бол 2022 онд 16.2 хувь болж хоёр дахин нэмэгдсэн” гэдгийг онцлов.
-"Эцэг, эх нь хүүхдээ өөр аймагт ажиллуулаад цалинг нь өөрсдийнхөө данс руу авдаг тохиолдол илэрч байсан"-
Өөр нэг анхаарал татах сэдэв нь эцэг, эх нь хүүхдээ өөртөө туслуулах эсвэл танилынхаа ажлын байранд ажиллуулах нь элбэг байх бөгөөд энэ тохиолдолд гэрээ байгуулахгүй зөвхөн амаар тохиролцдог нийтлэг жишиг ажиглагдах болсон. Энэ мэтчилэн гэрээгүйгээр буюу хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг, цалин хөлс тодорхойгүй байдлаар ажиллаж байгаа хүүхдүүд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүйн улмаас боолчлолын шинжтэй хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа тохиолдол илэрчээ.
Эцэг, эх нь хүүхдээ өөр аймагт ажиллуулаад цалинг нь өөрсдийнхөө данс руу авдаг тохиолдол илэрч байсан. Тэр хүүхэд ерөнхийдөө хар үгээр хэлэхэд зарцын байдалтай бүх л ажлыг нь хийж байгааг харсан юм. Зарим хүүхэд гэрээ байхгүйгээ шууд хэлдэг. Зарим нь гэрээ байгаа гэдэг боловч харуулж байсан удаа байхгүй...
/Нэгэн аймгийн цагдаагийн алба хаагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлагын хэсгээс/
Үүнээс үзэхэд хүүхдүүд гэрээгүй, цалин хөлс, ажлын нөхцөл тодорхойгүй ажиллаж байгаагаас улбаалж цаашид хөдөлмөрийн боолчлолын илүү хүнд хэлбэрт шилжих магадлалтай байна. Тухайлбал, хүүхэд ажиллаж байгаа газраа орхиж явах эрхгүй, боломжгүй нөхцөлд хүрсэн цөөнгүй тохиолдол судалгаагаар илэрчээ.
Судалгаанд оролцсон ажил, хөдөлмөр эрхэлдэг гэх хүүхдүүд ихэвчлэн "Өөр ажил олдохгүй" гэх шалтгаанаар ажлын байраа орхиж чаддаггүй гэнэ.
-Хүүхдийн хөдөлмөрийг устгах ажил нь эцэг эх, насанд хүрсэн хүний зохистой хөдөлмөр эрхлэлттэй холбоотой-
Олон улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн суурь шалтгаантай тэмцэхийг урьтал болгож байна. Тухайлбал, дайн дажин, эдийн засгийн хямрал, ковид-19 цар тахал зэргээс шалтгаалан олон айл өрх амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрснээр сая, сая хүүхэд хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрчээ. Судалгаагаар дэлхий даяар арван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байгаагаас 5-11 насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт огцом өссөн байна. Сүүлийн арван жилийн туршлагаас харахад, хүүхдийн хөдөлмөрийг устгах ажил нь эцэг эх, хөдөлмөрийн насанд хүрсэн хүний зохистой хөдөлмөр эрхлэлттэй шууд холбоотой болох нь тогтоогдсон.
-400 хүүхэд ажил хийх явцдаа ажлын байрны хүчирхийлэлд өртөж, биедээ гэмтэл авч байжээ-
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, суурь шалтгаантай зэрэгцэн хөндөх ёстой асуудал бол тэдний аюулгүй байдал юм. Хүүхдийн хөдөлмөрт оролцож буй хүүхдүүдийн 44.8 мянга буюу 32.4 хувь нь ажлын байрандаа айдас, аюултай байдлыг мэдэрч, 6.5 мянга буюу 4.7 хувь нь хүүхдийн хөдөлмөрт оролцох явцдаа осолд өртөж, гэмтэл авсан байна. Харин 5.4 мянга буюу 3.9 хувь нь хүүхдийн хөдөлмөрт оролцох явцдаа бусдад дээрэлхүүлж байсан бол 0.4 мянга буюу 0.3 хувь нь ажлын байрны хүчирхийллээс үүдэн гэмтэл авсан гэх тоон мэдээлэл байдаг аж.
-Хүүхэд аюултай нөхцөлд орсон тохиолдолд хүүхдийн эрхийн улсын байцаагч шалгалт хийх объект руу чөлөөтэй нэвтрэх эрхтэй-
Тэгвэл хүүхдийг хөдөлмөр эрхлэлтийнх нь явцад аюултай нөхцөл байдлаас хэрхэн хамгаалах боломжтой вэ. Эл асуудлын нэг шийдэл нь хүүхдийн эрхийн улсын байцаагчид хуулиар олгосон эрх хэмжээ. Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхэд аюултай нөхцөлд орсон, орсон байж болзошгүй тохиолдолд хяналт шалгалт явуулах аж ахуй нэгж, байгууллага, барилга байгууламж, ажлын байр, орон байранд урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд тодорхой эрсдэлд орсон тохиолдолд "хамгаалагч" нь хүүхдийн эрхийн байцаагч болно гэсэн үг.
Мөн “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай” ОУХБ-ын 182 дугаар конвенцод хүүхдийн хөдөлмөр нь ядуурлаас их хэмжээгээр шалтгаалдаг бөгөөд түүнийг шийдвэрлэх урт хугацааны арга зам, нийгмийн дэвшилд хүргэх эдийн засгийн тогтвортой өсөлт, ялангуяа ядуурлыг арилгах, бүх нийтэд боловсрол олгох үйл ажиллагаанд оршиж байгааг хүлээн зөвшөөрч, гишүүн орнуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, бүх нийтэд боловсрол олгохыг зөвлөжээ.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 8.7 дахь "2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах" зорилтын хэрэгжилтийг дүгнэхэд ганцхан жил үлдлээ. Бидний туулах зам урт хэдий ч сүүлийн 25 жилийн туршлагаас харахад хүүхдийн хөдөлмөрөөс ангид ертөнцийг бий болгох боломж байсаар байгааг судлаачид хэлж байна.
Б.МӨНХЗАЯА