"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.06.06/ мэдээлэл хийлээ. СЕХ-нд холбогдуулж, түүний гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэж байгаа юм. Тэрбээр хэлэхдээ,
"Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Үндэсний эвсэл хуулийн шаардлага хангаж батламжаа авч оролцох болсон. Харин нэр дэвшилттэй холбоотойгоор СЕХ-ноос цагдаагийн тодорхойлолт дээр үндэслэж хууль зөрчин Үндэсний эвслийн жагсаалтын нэгдүгээрт байгаа Нямтайшир овогтой Номтойбаярыг хасах шийдвэр гаргасантай холбогдуулан Нийслэлийн захиргааны давж заалдах шатны шүүхэд нэмэжлэл гаргасан. Үүний дагуу шүүх хурал яг одоо болох гэж байна. Миний бие нэхэмжлэгч хэдий ч шүүхийн өмнө зогсож байгаа нь 2019 оноос эхлэлтэй. Хууль хүний царай хардаг, өөр хоорондоо зөрүүтэй шийдвэрүүдийг удаа дараа гаргаж ирсэн. Миний бие тухайн үед ХНХ-ийн сайдаар ажиллаж байхадаа гаргасан тогтоол шийдвэрийг илтэд хууль зөрчиж, буруутай гэж үзсэн атлаа, бусад сайд нарын яг ижил гаргасан тогтоол шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзсэн. Үүнээс үүдэн намайг барьж хорьсон.
Хорих хорихдоо 2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшигчээр бүртгүүлчихсэн байхад маргааш нь яллагдагчаар татах тогтоол үйлдэж, үндэслэлгүйгээр барьж хорин, сонгуульд оролцох боломжийг хаасан. Өнөөдөр хэдийгээр барьж хориогүй байгаа ч гэсэн цагдаагийн байгууллагын хуульд нийцэхгүй, зөрүүтэй тодорхойлолт дээр үндэслэн СЕХ-ноос шийдвэр гаргасан. Энэ талаар ХЭҮК-с хуралдаж, цагдаагийн байгууллагын тодорхойлолт өөр хоорондоо зөрүүтэй байгааг тогтоосон. СЕХ-ноос шаардсанаар өөрийн амьдарч буй дүүрэг болох Хан-Уул дүүргээс цагдаагийн тодорхойлолт авахад авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй гэх дүгнэлт гаргасан.
Гэтэл дараа нь ЦЕГ-ын удирдлагуудын нэг н.Батбаатар тодорхойлолт гаргаж хүргүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 29.9 дагуу авлигын хэрэгт ял шийтгэл авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтад авлигын хэрэгт огт хамааралгүй асуудлыг хамаатай мэтээр бичиг өгснөөр төөрөгдөл үүсгэсэн. Энэ бичиг дээр үндэслэн СЕХ-ноос миний нэрийг хасах шийдвэр гаргасан. Хууль хүний царай хардаггүй. Хууль зөвхөн хуульд захирагдаж ажиллана гэдэгт өнөөдрийг хүртэл найдаж, нэхэмжлэл гаргасан. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна" гэв.