Хилийн цаана овоорсон ачааг татахад тээврийн зардлаас авхуулаад оочер дараалал үүсэх, бараа хүлээгдэх зэрэг асуудал өнөөдөр ч цэгцэрсэнгүй. Монгол руу хүлээгдэж буй 7000 гаруй чингэлэг Тяньжин боомтод бөөгнөрч тээвэр ложистикийн гацаа үүслээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдах болов.
"Монложистик Ворлдвайд" компанийн гүйцэтгэх захирал И.Цогбаяр Bloomberg Mongolia TV өгсөн ярилцлагадаа “Хэвийн үед өдөрт 1.5-2 цуваа галт тэрэг Монгол руу гардаг байсан бол өнөөдөр нэг цуваа гарч байна. Энэ нь вагон план бага батлагдаж байгаатай холбоотой. Нөгөө талд Тяньжин боомтоор дамжин ирж буй ачаа тээврийн үнэ өсөж байна. Японоос импортлогдож буй хуучин автомашины тоо өнгөрсөн жилийнхээс 2.5 дахин өссөн. Тооцож үзвэл, Тяньжин боомтын ачааллыг 25 хувиар нэмээд байна” гэсэн юм.
ХЯТАДЫН ТАЛААС ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОО БАГАСАЖ АЧАА БӨӨГНӨРСӨН НЬ ҮНЭ ӨСӨХ ЭРСДЭЛ БИЙ БОЛОВ
Өнөөдрийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөд 5450 орчим чингэлэг Монгол руу тээвэрлэхээр хүлээгдэж байгааг Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлэв. Гэвч ачаа тээвэр гацсан шалтгаан нь тодорхойгүй байгааг тус холбооны менежер Т.Оюунболд ярьж байв. Тэрбээр Хятадын талаас галт тэрэгний тоо цөөрсөн нь ачаа тээврийн бөөгнөрөл үүсгэж байна гэж ойлгож байна.
Тавдугаар сарын мэдээллээр нийт 27 галт тэрэг гарсан. Энгийн үед 56-70 гал тэрэг гардаг юм. Улмаар тээврийн зардал, зогссоны төлбөр, бүх зүйл нэмэгдэх эрсдэл үүслээ. Гэтэл ачаа тээвэр гацсан тодорхой шалтгаан байхгүй.
Хятадын талаас албан ёсны хариу тайлбар ирүүлээгүй байгаа юм билээ. Бид холбогдох төрийн байгууллагууд руу албан тоот явуулсан. Гэвч тодорхой тайлбар алга. Ачаа тээвэр хэвийн гэх хариу тайлбар өгч байгаа. Улаанбаатар төмөр замаас ачаа тээврийг хүлээн авах боломжтой хэвийн гэх тайлбарыг өгсөн” гэлээ. Улмаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл дахин нүүрлэв.
Тус холбооны өгсөн мэдээллээр тавдугаар сарын 1-31-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 27 галт тэрэг гарчээ. Мөн тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 80-90 хонож гарч байгаа аж. Ийм байдлаар нэг сарын өмнөөс чингэлэг бөөгнөрч, цар тахлын үеийнх шиг тээвэр ложистикийн гацаа үүсэж эхэлсэн болохыг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл ярьж байсан юм.
Улмаар Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэрлэх ачааны эргэлтгүй, урсгал тасарсныг тээврийн жолооч нар ярьж байлаа.
Тэдний төлөөлөл 2008 оноос хойш ачаа тээвэрлэж буй жолооч ярихдаа “Эрээн-Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэдэг байсан ч одоо хот хооронд явж байна. Урдаас ачаа ачуулах хүмүүс байхгүй болсон. Уг нь өдийд ажилтай л байдаг юм. Гэвч ачаа ачуулах хүнгүй болохоор хот хооронд л явж байна. Харин тээврийн зардал өсөхөөр ачаа тээврийн үнэ өсдөг гэж хүмүүс ойлгоод байдаг. Жолооч нар үнээ нэмдэггүй. Одоогоор Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар хүртэл 8500 юаниар ачаа тээвэрлэж байгаа бол хот хооронд 350 мянган төгрөг орчимд л байгаа шүү дээ. Жолооч нар ачаа тээврийн зардал нэмэгдлээ гэхэд хожоотой ажилладггүй. Нэг үеэ бодвол Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн үнэ нэмэгдсэн ч энэ нь шатахуун, тээвэр, инфляци бусад зардалдаа шингээд ашиг гарахаа больсон” гэлээ.
ТЯНЬЖИН БООМТЫН ГАЦАА БА "МЭДЭХГҮЙ" ГЭДЭГ МЯНГАН ҮГИЙН ТАГЛАА
Тяньжин боомтод Монгол руу хүлээгдэж буй чингэлэг бөөгнөрч буй асуудлыг тодруулахаар Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй холбогдлоо. Гадаад харилцааны яамнаас “Ачаа тээвэрлэлттэй холбоотой асуудлыг Зам тээврийн хөгжлийн яам мэднэ” гэх хариу өглөө. Харин Зам тээврийн яам нь мөн л мэдэхгүй байна. Тус яамнаас “Бид хариуцахгүй. Энэ асуудлыг Улаанбаатар төмөр зам ХНН” мэднэ” гэх хариу тайлбар өгсөн. Тус яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай утсаар холбогдоход “Манай авто тээвэр хэвийн байна. Тяньжин боомт нь төмөр замаар дамжин тээвэрлэдэг тул Улаанбаатар төмөр зам л мэднэ” гэхээс өөр тайлбар өгөхөөс татгалзав. Мөн Улаанбаатар төмөр зам "ХНН"-ээс “Хоёр улсын Засгийн газрын түвшинд тохирч ажиллана. Энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаагийн дотор нь манайхаас нэг хүн томилогдон ажиллаж байна. Бидний зүгээс хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Иймд Зам тээврийн хөгжлийн яам асуудлыг мэднэ. Иймд салбарын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан нь зөв болов уу” гэх хариулт өгч байлаа.
Угтаа бол яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газар нь наанадаж Хятадын талаас хэчнээн галт тэрэг явуулж буй статистик мэдээллээ мэдэх ёстой, цаашлаад ЗТХЯ, ГХЯ нь хоёр улсын хоорондын тээвэр ложистикт үүсээд буй асуудлын гарцаа мэдэх ёстой атал ийм тайлбар өгөөд сууж байна.
Нэг үгээр хэлбэл мянган үгийн таглаа нь “мэдэхгүй” гэдэг мянган үгийн таглаа болжээ.
Гэтэл нэг боомт, нэг зам, төмөр зам дэд бүтцийн асуудал нь ганц яамны хариуцах ёстой ажил биш. Яамд хоорондоо уялдаа холбоотой, хамтарч ажиллах зохицуулалтай байж авто зам ч бай, төмөр зам ч бай дэд бүтцийг шийдэх асуудал урагшилна. Бодит байдал дээр тийм биш, төмөр зам бол Улаанбаатар төмөр зам хариуцах ёстой, авто зам боомт бол ганц Зам тээврийн хөгжлийн яам мэдэх ёстой гэх хандлагаас л өнөөдөр дэд бүтцийн олон төсөл, ажил урагшилдаггүй ухрах шалтгаан болж байгааг эдийн засагч Н.Энхбаяр хатуухан шүүмжилсэн. Тэрбээр “Манайх асуудлаа харахдаа салбарынхаа яамаар хардаг. Эрчим хүчний асуудал гэхээр эрчим хүчний яам л хариуцдаг.
Зам гэхээр Зам тээврийн хөгжлийн яам л гэдэг. Бодит байдал дээр ганц яамны асуудал биш. Дэд бүтэц, ложистик нь бүх салбарын яам хоорондоо уялдаа байж дэд бүтэц болдог. Ингэж харж чадахгүй болохоор л асуудал байгаа юм.
Ганц төслийг нэг яам хариуцахгүй. Үүнээс л болж олон жил нэг төсөл удааширдаг олон жил дамнадаг. Тиймээс төслийн менежмент их чухал” гэж байлаа.
Эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны зургаадугаар сард БНХАУ-д айлчлах хүрээнд Тяньжин хот дахь “Монгол, Хятадын тээвэр логистикийн төв” төсөлтэй танилцаж /2023.06.23/ байв.
Тус төсөл нь Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод бодит нөлөө үзүүлж, Монгол Улсын боомтын гарцыг шинээр нэмж бий болгоно гэдгийг тодотгож байсан удаатай. Энэ уулзалтын үр дүнд “Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд “Тяньжин порт групп”-ийн удирдлагууд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд бидний зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч хоёр талын хамтарсан ажлын хэсгийг яаралтай хуралдуулан төслийн ажлыг эрчимжүүлэхээ илэрхийллээ” тодотгож байсан удаатай.