УИХ-ын 2024 оны сонгуульд АН тойргууд болон жагсаалтад нэр дэвшигчдээ тодруулахдаа ямар алдаа гаргаж, түүний үр дагаварт нам дотроо төдийгүй хуулийн хүрээнд ямар асуудал тулгарч буй талаар Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
ЛУ.ГАНТӨМӨР ДАРГА ӨӨРИЙНХӨӨ “НО”-Г НУУХ ГЭЖ ИЙМ ЗҮЙЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ХАРДАХААР...
-Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт улс төрийн намууд хуульд заасан хугацаандаа амжиж нэр дэвшигчдээ тодрууллаа. АН-ын хувьд нэлээд маргаан, дуулиан дагуулсан долоо хоног болж өнгөрлөө. Тэр өдөр нэр дэвшүүлэх үйл явц хэрхэн өрнөсөн юм бэ?
-Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг баруун төвийн үзэл баримтлалтай нам гэдгээр нь анхаарах ёстой. Яг энэ утгаараа сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэх процесс нь өөрөө эрүүл зарчмаараа явагдах ёстой байсан. Гэтэл хамгийн анх 03 дугаар сарын эхээр тойргуудад горилж байгаа хүмүүсээ тодруулж, хүсэлтийг нь аваад явсан байдаг.
Ингээд тавдугаар сарын 17-ны өдөр дүүрэг, аймгуудын намын хороо хуралдаж нэр дэвшигчдээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дараагийн шатанд горилогчдоос сонгуулийн хуульд заасны дагуу зөвхөн 126 нэр дэвшигчийг шигшиж авах үүрэг бүхий долоон хүний бүрэлдэхүүнтэй Сонгон шалгаруулах хороо Улс төрийн зөвлөлөөс байгуулагдаад ажилласан. Хорооноос сонгогдсон нэр дэвшигчдийн мэдээллийг Улс төрийн зөвлөлд хүргүүлсний дагуу хянан шалгаад хамгийн сүүлийн шат болох ҮБХ-оор оруулсан. Энд тойрогт болоод жагсаалтад ямар хүмүүсээ нэр дэвшүүлэх талаар хуралдаж гишүүдийн саналыг хурааж СЕХ руу явуулах байсан юм.
Харамсалтай нь сая тавдугаар сарын 20-нд болсон нэр дэвшүүлэх процесс нь Ардчилсан намын дотоод дүрэм журмыг зөрчөөд зогсохгүй Улс төрийн намуудын тухай хуулийг зөрччихсөн. Тодруулж хэлбэл, 2024.05.20-ны өдрийн 14 цагт Улс төрийн зөвлөл хуралдаад, 18 цагт ҮБХ хуралдах товтой байсан ч үдшийн 18 цаг өнгөрөхөд аль аль нь хуралдаж эхлээгүй байсан. Дүрмээрээ эхэлж УТЗ хуралдаж гаргасан шийдвэрийг ҮБХ-оор оруулж хэлэлцэх ёстой. Тэгэхээр энэ процесс аль аль нь хүлээгдэж байсан гэсэн үг. Ингээд орой 21:00 цагийн үед Улс төрийн зөвлөл хуралдаж эхэлсэн.
Хуралдаанаар нэлээд ширүүн маргааш үүссэн. Ялангуяа жагсаалтаар орох гэж байгаа хүмүүсээ харуулахгүйгээр шууд ҮБХ-оор оруулна гэж улайрсан. Үдшийн 22:00 цаг өнгөрч байхад Улс төрийн зөвлөл ямар нэгэн шийдэлд хүрч чадалгүй маргасан хэвээр байсан.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд ҮБХ-ны дарга гэдэг утгаараа хурлыг эхлүүлэх гэж оролдсон. Ингэхдээ хурлын хэлэлцэх асуудал тов, дарааллыг батлуулна хэмээн яриа өрнөхөөр нь бид нэр дэвшилттэй холбоотой гол агуулга руугаа орж хуралдах шаардлагыг тавьсан. Шийдэлд хүрч чадалгүй цаг гаран болсны дараа намын дарга Лу.Гантөмөр орж ирж тойрогт хуваарилсан нэр дэвшигчдийнхээ нэрсийг уншиж өгсөн.
Уур амьсгал нэлээд бухимдалтай байсан учраас та нар эхлээд нэрсийг сонсчих гэж шууд заль хэрэглэсэн. Тойрог дээр дэвших хүмүүсийн нэрсийг зарлангуут намын ҮБХ-ны гишүүд бүр их бухимдсан. Учир нь нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн зарим хүмүүсийн тойргийг сольж, өөр хүмүүсийг оруулж ирсэн.
Жишээ нь өмнө нь нэг ч намын хуралд сууж байгаагүй, намын улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаагүй Ч.Лодойсамбуу, болон ҮБХ-ны гишүүн ч биш Л.Мөнхбаясгалан зэрэг хүмүүсийг шууд нэрийг нь дэвшүүлчихсэн. Би үүнийг харахдаа Лу.Гантөмөр дарга өөрийнхөө “но”-г нуух гэж ийм зүйл хийлээ гэж хардсан.
Жишээ нь Ч.Лодойсамбууг ХУД-т, Л.Мөнхбаясгаланг говийн бүсэд нэр дэвшүүлэхээр оруулсан байсан. Ингээд ихэнх тойргуудын нэр дэвшилт дээр ийм асуудал гарсан. Түүний дараа жагсаалтын нэрсээ уншихгүйгээр түр завсарлага аваад намын дарга гараад явчихсан. Буцаад 10 минутын дараа орж ирээд жагсаалтад оруулсан хүмүүсийнхээ нэрсийг уншсан. Гэтэл тойргуудаа самарчхаад жагсаалтаа бүр бантанг нь хутгачихсан байсан.
ЖАГСААЛТЫН ГУРАВТ С.ЦЭНГҮҮНИЙГ БИШ З.НАРАНТУЯАГ ОРУУЛАХЫГ ЗААЛНААС ШААРДСАН...
Жагсаалтын эхэнд өөрийгөө тавиад хоёрт С.Одонтуяаг тавьчихсан. Гуравт С.Цэнгүүн гээд охиныг тавьчихсан. С.Цэнгүүний хувьд Ардчилсан намд орж ирээд 3-4 сар л болж байгаа жаахан хүүхэд. Хүмүүс ч танихгүй түүнийг. Хачирхалтай нь жагсаалтын гуравт ямар ч шалгуургүйгээр нэрийг нь оруулчихсан байсан. Гэтэл нийгэмд төдийгүй улс төрийн хүрээнд С.Цэнгүүний оронд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг дэвшүүлэх ёстой байсан гэдэг маргаан ширүүхэн өрнөснийг та бид мэдэж байгаа.
Анхнаасаа УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа жагсаалтад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж байхад нь хүсэлтийг нь хүлээж авахгүй байсан. Заалнаас З.Нарантуяаг жагсаалтад оруулж С.Цэнгүүнээ хас гэж хүртэл хүмүүс хашхирсан. Ингээд 23:58 минут болсон учраас УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хугацаа байхгүй байна гээд шууд л хурлаа дуусгачихсан. Намын даргын хувьд нэр дэвшилтээ Сонгон шалгаруулах хороо, Улс төрийн зөвлөл, ҮБХ-оор оруулж саналаа ч хураалгүйгээр шууд өөрийнхөө дураар нэр дэвшилтийг хөдөлгөсөн нь эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байна.
Сайн анзаарвал Улс төрийн намын тухай хуулийг илт зөрчиж, МАН-д давуу тал бий болгож байгаа юм. Анзаарч харвал, МАН жагсаалтаараа нэлээд сайн хүмүүсийг оруулсан нь харагдсан. Гэтэл АН-ын жагсаалтыг харвал тодорхой хэмжээнд мөнгөн дүнгээр жагсаалтаа зарчихсан гэж харагдуулсан том шүүмжүүд явж байгаа. Жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ ямар ч шалгуур тавиагүйд гол асуудал бий. Дээр нь тойргуудад нэр дэвшүүлж байгаа хүмүүсээс 50 орчим нь ҮБХ-ны гишүүн биш хүмүүс байгааг нам дотроо ярьцгаадаг.
Гол асуудал нь хэрэв намын ҮБХ-ны гишүүн биш хүн нэр дэвшээд, түүнд нь УДШ рүү гомдол очвол тухайн нэр дэвшигчийн авсан саналууд нь хүчингүй болох, цаашлаад ялалт нь үнэгүй болох эрсдэлийг бий болгоно. Улсын Дээд Шүүх ийм шийдвэр гаргах бүрэн эрхтэй байгууллага. Ийм шийдвэр гаргаснаараа АН-ыг шууд ялагдалд хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг шүү дээ.
Тиймээс АН өөрийнхөө дүрэм, журмыг зөрчөөд, дээр нь Улс төрийн намын хуулийг хүртэл зөрчиж байхад улсын эв нэгдлийг хангах учиртай Монгол Улсын Ерөнхийлөгч, цаашлаад СЕХ яагаад энэ асуудалд дуугарахгүй байгааг гайхаж байна. Улс төрийн том сөрөг хүчин асуудлаа өөрсдөө шийдэж чадахгүй байгаа бол иргэд, сонгогчдыг төөрөгдүүлж, итгэлийг нь хөсөрдүүлж буй асуудлуудад Ерөнхийлөгч, СЕХ арга хэмжээ авах л хэрэгтэй.
ХУУЛИА ЗӨРЧӨӨД ЗОГСОХГҮЙ ХУРЛЫГ ДЭГ Ч УТГАА АЛДСАН
-Таны ярьж байгаагаар анхнаасаа процессын олон алдаануудыг гаргачихсан байж. Танай намын нэр дэвшилтийн гол шийдвэрийг ҮБХ чинь гаргах ёстой. Энэ утгаараа ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тэгэхэд юу хийж байсан юм бэ? Ямар байр суурь илэрхийлж байв гэдэг нь сонирхол татаж байна?
-Ж.Батсуурь дарга өөрөө шаардлагаа тавьж бас чадаагүй. ҮБХ-ны хурлаа эхлүүлчхээд өөрөө хурал дундуур гараад явчихсан. Хурлын сүүлийн үйл явцад тэрбээр мөн харагдаагүй. Өөрөөр хэлбэл ҮБХ намын даргадаа хэчнээн шаардлага тавих гээд шүүмжлээд ч хороо толгойгүй, эзэнгүйдсэн байсан. Адаглаад л хурлын дараа Ж.Батсуурь гишүүн ҮБХ-ны даргын хувьд нэр дэвшигчдийн нэрсийг зарлах болов уу гэтэл тэс хөндлөнгөөс О.Цогтгэрэл гарч ирж танилцуулсан. Хурлын дэг хүртэл хөл толгойгүй болтлоо алдагдсан. Шууд хэлэхэд Ардчилсан намын гишүүдийн эрх ашгийг уландаа гишгэж буй нэг хэлбэр гэж харж байна.
ТОЙРГУУДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ ХООРОНД НЬ СОЛЬЖ, ЗАРИМЫГ НЬ "ТООНООР" ОРУУЛСАН
-Ярианы эхэнд тойргуудад нэр дэвшүүлэх процесс анхнаасаа алдаатай болж, зарим хүмүүсийг “тооноор” оруулчихсан гэж хүртэл хэллээ шүү дээ. Тэгэхээр тойрог бүр харилцан адилгүй мандатын тоотой. Жишээлбэл, Чингэлтэй, СБД 6 мандаттай. АН мандат бүр дээр нэр дэвшүүлэх ажиллагаагаа ямар бодлогоор хийсэн юм бэ?
-Тойрогт нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийн тоо мандатын тооноос давчихсан байсан. Жишээ нь таны сая хэлдэг Чингэлтэй, СБД-ийн 6 мандаттай тойрогт дээр л гэхэд 11 хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Тухайн 11 хүнээс зургааг нь сонгох байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл таван хүнийг нь сонгоод нэг хүн нь шууд тооноор ороод ирчихсэн. Тэр нь О.Баасанхүүг оруулсан байсан. Дараа нь ХУД-т тооноор орж нэрээ дэвшүүлсэн хүн нь Ч.Лодойсамбуу. Түүний хувьд намын ҮБХ-ны гишүүн биш. Дээр нь АН-ын гишүүн гэж баталгаажуулах нь эргэлзээтэй. Өмнө нь ямар ч хурал цуглаанд сууж байгаагүй учраас ҮБХ-ны гишүүд эгдүүцэж хүлээж авсан.
Үүнээс гадна тойргуудад хүсэлтээ илэрхийлсэн байсан хүмүүсийн ихэнхийг нь хооронд нь хольж хутгасан асуудал гарсан. Жишээ нь, ХУД-т дэвших хүсэлтээ илэрхийлж байсан Г.Уянгыг СХД рүү оруулчихсан. БГД-т нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байсан П.Галиндэвийг СХД рүү оруулчихсан гэх мэт өөрсдөөс нь асуулгүйгээр дураар нь хольж хутгасан асуудал үүссэн. Эдгээр хүмүүс бид нараас яагаад асуулгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ гэж намын даргад шаардлагаа тавьсан. Харамсалтай нь бүх зүйл болоод дуусчихсан байсан.
С.БАЯРЦОГТЫГ ЖАГСААЛТАД ОРУУЛСНЫГ НЬ ХҮМҮҮС ЭСЭРГҮҮЦЭЖ ЗААЛНААС ХАШХИРСАН...
Өөр нэг ноцтой асуудал нь намын дарга ХУД-т нэр дэвших гурван хүнийг Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин, н.Тамир гэж уншчихаад дараа нь жагсаалтаа батлуулахдаа С.Баярцогтыг жагсаалтад оруулчихсан байсныг хүмүүс С.Баярцогтыг жагсаалтад оруулахгүй гэж эсэргүүцээд заалнаас хашхирахаар Х.Тэмүүжинээр сольж оруулаад үлдээчихсэн. Угтаа ХУД-т Х.Тэмүүжингийн нэр уншигдчихаад дараа нь жагсаалт руу бас оруулчхаж байгаа юм. Маш замбараагүй байдлаар хольж хутгасан байгаа биз. Ингээд ХУД-т нэг хүний орон зай гарч ирэхэд дүрмээрээ хурлаар оруулж санал сонсох байтал тэгээгүй. Маргааш өглөө нь өмнө нь өөрөө хүсэлтээ илэрхийлж байсан н.Ариунболд гэдэг хүнийг дэвшүүлчихсэн нь буруу биш ч шалгуураа бариагүй, хоорондоо зөвшилцөөгүй, бусад хүмүүсээ сонсоогүйд гол асуудал нь байгаа юм.
ҮБХ-НЫ ГИШҮҮН БИШ ХҮМҮҮСИЙГ ОЛНООР ДЭВШҮҮЛСЭН. ХЭРЭВ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ГОМДОЛ ОЧВОЛ ТЭДНИЙ АВСАН САНАЛ ХҮЧИНГҮЙ БОЛЖ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭНЭ
-Сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшүүлэх журмаа боловсруулаад түүнийхээ дагуу хүмүүсээ нэр дэвшүүлдэг шүү дээ. АН-ын нэр дэвшүүлэх журам ер нь хэзээ гарсан юм бэ? Яагаад журмаа дагаж мөрдөөгүй гэж?
-Дөрөвдүгээр сарын сүүлчээр ҮБХ хуралдсан. Хуралдаанаар хэд, хэдэн нэр дэвшүүлэх журмыг авч хэлэлцсэн. Журмаар тодорхой шалгууруудыг тавьж өгсөн байсан. Нэг шалгуур нь тухайн тойрогтоо судалгаа хийхэд рейтинг нь хэр байгаа эсэхийг харгалзах зэрэг хоёр төрлийн шалгуурыг үндэслэнэ гэж байсан юм. Гэтэл одоогийн нэр дэвшилтийг харахаар ямар ч журмаа баримтлаагүй байгаа юм. Тухайлбал, ийм судалгаагаар, ийм үнэлгээгээр энэ хүнийг дэвшүүлэх саналтай байна гэсэн нэг ч яриа болоогүй.
Намын дүрмээрээ бол дунд шатны дарга нар буюу аймаг, дүүргийн намын дарга нар хэрэв нэр дэвших бол жилийн өмнө даргын ажлаа өгсөн байх ёстой гэсэн дүрэмтэй. Харамсалтай нь журамдаа хэрэв дунд шатны намаас нэр дэвшүүлэх хүсэлт гаргавал намын дарга нь давхар ажлаа өгнө гэсэн шаардлагыг тавьчихсан. Өөрөөр хэлбэл дүрмээсээ давсан журам гаргачихсан гэсэн үг. Зүй нь намын дүрэм гэдэг бол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсны баталгаа шүү дээ.
Ийм нам жишээ нь төрийн эрх баривал юу болох бол гэдэг нь асуудал. Өөрсдийнхөө дотоод дүрэм, журмаа дагахгүй байгаа хүмүүс төрийн эрх баривал бүр замбараагүй байдал л бий болгохоор.
-Та өөрөө мөн Чингэлтэй, СБД-т нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байсан шүү дээ. Гэтэл таны нэр тойрогт ч, жагсаалтад нь ороогүй. Яагаад?
-Тиймээ би 10 дугаар тойрогт нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байсан. Миний хувьд судалгааг үндэслэж дээрх тойргийг сонгосон байсан. Харин нэр дэвшигчдийг тодруулахдаа надад ч мэдэгдээгүй юу ч үзүүлж харуулаагүй шууд л нэрсээ зарлачихсан / инээв/.
Яагаад Чингэлтэй, СБД-ийг сонгосон бэ гэхээр мэдээж СБД-ийн засаг дарга Болормаа хоёр удаа дүүрэгтээ ялалт байгуулсан хүн. Миний дэмжиж байсан нэг зүйл нь энэ удаад эмэгтэйчүүдэд илүү их боломж олгосон сонгууль болох байх гэж найдаж байсан учраас тойргуудад багадаа 14 эмэгтэй нэр дэвших боломжтой. Тойрог бүрд хэдэн эмэгтэй мандаттай байх юм бэ гэдэг саналыг тавиад явж байсан. Харамсалтай нь тодорхой бус байсан. Тиймээс 10 дугаар тойрог гэхэд зургаан мандаттай. Түүнийг хоёр мандат дээр эмэгтэй нэр дэвшигчид байж болно шүү дээ. Нөгөө хувилбар нь хоёр ч удаа ялалт байгуулчихсан СБД-ийн засаг дарга Болормааг нам бодлогоороо дэмжээд жагсаалт руу оруулчих юм болов уу гэж харсан. Гэтэл ямар ч шалгуургүй, намын нэгдсэн бодлогогүйгээр нэр дэвшилтийн процесс өрнөчихлөө л дөө. Миний хувьд гайхаад л өнгөрсөн.
Б.ЖАРГАЛАН ӨӨРӨӨ ЖАГСААЛТАД НУУГДСАН. ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ТҮҮЧЭЭЛЖ ЧАДААГҮЙ
-АН нэр дэвшүүлэх үйл явц дээрээ эмэгтэйчүүдээ дэмжиж, лидерүүдээ шигшиж авч хараахан чадсангүй гэж харагдаж байгаа. Энгийн жишээ нь хуульч Х.Номингэрэл, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаас авхуулаад мөн та байна. Нэр дэвшилтийн гадна хаягдсан хүмүүсээс намаасаа гарна гэдгээ хүртэл мэдэгдэж, зарим нь дэнчингийн мөнгөө авах дээрээ хүртэл заргалдсан маргаан үүссэн?
-Улс төрийн нам яах гэж байдаг юм бэ. Засгийн эрхийг авахын тулд л оршин тогтнож дөрвөн жилд нэг удаа сонгогдох, ялалт байгуулах боломжоо эдэлдэг шүү дээ. Гэтэл АН том зургаар нь асуудалд хандаж чадсангүй. Өөрөөр хэлбэл хэтэрхий өнгөц байдлаар асуудалд хандаж байна. Уг нь хамгийн шилдгүүдээ сонгуульд илгээж УИХ-д суудал авах ёстой. Харамсалтай нь хэн нэгний арын хаалганы хүн гэдэг байдлаар сонгуульд илгээх нь буруу л даа. Бодлогын нам юм бол улс оны, ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, улсын хөгжилд хув нэмрээ оруулах тийм хүчирхэг хүмүүсээ дэмжиж дэвшүүлж байж бодлогын нам болох ёстой байсан.
Энэ удаагийн сонгуульд АН чухал хүмүүсээ хангалттай хэмжээнд дэвшүүлж чадсангүй гэж хэлмээр байна. Ялангуяа эмэгтэйчүүддээ маш мэдрэмжгүй хандаж шийдвэр гаргасан. Тиймээс намын даргын хувьд үүнд байр сууриа илэрхийлэх ёстой гэсэн хүлээлт манай эмэгтэйчүүдэд бий.
-Энэ ярианаас харахаар Эмэгтэйчүүдийн квотын асуудалд танай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо их сул ажилласан юм шиг. Одоо энэ маргаантай асуудалд хүртэл дуугарч, байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь хачирхалтай?
- Үнэндээ тийм. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нэр дэвшилтийн асуудалд маш муу ажилласан. Б.Жаргалан энэ холбооны тэргүүний хувьд өөрөө түүчээлээд эмэгтэйчүүдээ дэмжээд орох ёстой атал өөрөө жагсаалт руу орж нуугдаж байгаа нь хувийн тоглолт явчихсан л гэж харагдаж байгаа.
Миний хувьд өмнө нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд санал тавьж л байсан. Квотоо тодорхой болгоё, бөөнөөрөө оръё гэж хэд хэдэн удаа саналууд гаргасан. Харамсалтай нь хүлээж авалгүй өөрөө жагсаалт руу орчихсон.
Лидер нь гэдэг чинь өөрөө орох нь чухал биш намын олон эмэгтэйчүүдийг төлөөлж байгаа хүн намынхаа төлөө золиос гаргаж чадах л зангаргатай хүн байх ёстой шүү дээ. Улс эх орны хөгжлийг бодож алсаа хардаг хүн бол би биш бид гэсэн бодолтой л байх байсан болов уу.
МАНАЙ НАМ ӨӨРСДИЙНХӨӨ РЕЙТИНГИЙГ ӨӨРСДИЙНХӨӨ БОДЛОГООР УНАГААХ ЗҮЙЛ ХИЙЧИХСЭН
-Дээрх асуудлууд нэгэнт болоод өнгөрчихлөө. Одоо тэгвэл намаас тань гаргасан жагсаалт, тойргуудын нэр дэвшилтийн ерөнхий дүр зургийг харвал та энэ удаагийн сонгуульд АН хэрхэн оролцох байх гэж үр дүнг нь таамаглаж байна вэ?
-Ардчилсан намын нэр дэвшилтийн процесс өрнөхөөс өмнө би маш их боломж байна гэж хардаг байсан. Одоогийн нөхцөл байдлаас харахад АН-ын рейтинг нэлээд том уналтад орохоор байна гэж харагдаж байгаа. Тойрогт нэр дэвшүүлэлтийн байдлаас харахад алаг цог харагдаж байгаа учраас намын зорьсон суудлын тоог авахад хүнд.
Жагсаалт бол АН-ын нүүр царай, намын бодлогын гол цөм хэсэг байх ёстой байтал нэр дэвшүүлсэн хүмүүсийг хараад дургүйцэж байгаа хүмүүс нийгэм олон байна. Тэгэхээр манай нам өөрсдийнхөө рейтингийг өөрсдийнхөө бодлогоор унагаах зүйл хийчихсэн л гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа