Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/ Н.Эрдэнэхүүг ажлаас нь өнөөдөр чөлөөлсөн. ЭМЯ-аас түүнийг төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул өнөөдрөөс чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Түүний оронд Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилжээ. Тэгвэл ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнөөдөр би ажлаа хүлээлгэн өглөө. Уг нь нэг сарын өмнө мэдээлэх ёстой байсан. Шууд чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Сайд хэн нэгэн хүнийг чөлөөлөх тушаалыг ингээд гаргадаг болжээ. Т.Мөнхсайхан ажлаа аваад хавдрын чиглэлээр манайхтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон дарамт ирдэг байсан. Байнга ажлаа өг гэдэг байсан ч бид ажлаа маш сайн хийдэг байсан учраас тэгэсгээд л намждаг байсан.
Сүүлдээ ямар ч үндэслэлгүйгээр ажлаа өг гэдэг тушаал ирлээ. Тиймээс би шүүхэд хандана.
Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр ЭМЯ дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. ХСҮТ үүнд оролцоогүй. Улмаар ЭМЯ-ны хүмүүс над дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг төлөхийг шаардсан. Төсөвт тусгагдаагүй учраас тэр гэрээн дээр би гарын үсэг зураагүй. ЭМЯ болон уул уурхайн компани хооронд хийгдсэн гэрээ байсан. Сайд намайг өрөөндөө дуудаад "Яагаад 500 саяыг шилжүүлэхгүй байгаа" талаар ч асууж байсан. Би ч учир байдлыг тайлбарлахад сайд "За ойлголоо" гээд үлдсэн боловч үгүй байжээ.
Өөрийг нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой. Ажил сайн хийж байгаа хүмүүсээ улам дэмжиж, ажлаа хийж чадахгүй цүнх баригч нарыг багасгаснаар эрүүл мэндийн салбар хөгжинө.
Ажлын хэсэг надад халагдах тушаалыг танилцуулахдаа Т.Мөнхсайхан сайд надтай уулзчихгүй дээ гэж бодсон. Би өөрт нь ч хэлж байсан. "Эрүүл мэндийн салбар үнэнд гүйцэгдэж өөрийг чинь асуудалд оруулах учраас төсөв даатгалын зарцуулалт болохгүй, улсын эмнэлгүүдийг чанаржуулах талаар" хэлж байсан. Даан ч тэр саналыг маань шүүмжлэл гэж хүлээж авч байгаа бол харамсалтай л байна. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нарыг чөлөөлөх, томилох эрхгүй. Хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдэх ёстой.
Би ажиллах хугацаандаа сэтгэл хангалуун байгаа учраас бардам гарч байна. Сайхан хамт олноо орхиод явж байгаадаа харамсалтай байна. Гэхдээ зургаан жил бол хангалттай хугацаа. Эмнэлгийн дотоод үйл ажиллагаа жигд сайн байгаа. Санхүү болон бусад аудитын асуудалд би нүүр бардам байгаа.
Миний хувьд аз болж улс төрийн юманд оролцохыг хүсдэггүй. Урдах ажлаа сайн хийгээд явахыг хичээсээр ирсэн. Эрүүл мэндийн сайдтай маргалдаж, муудалцсан зүйлгүй. Ингээд харахаар Т.Мөнхсайхан сайдын хувьд намайг Ж.Чинбүрэн гишүүний найзыг ХСҮТ-өөс холдуулж, өөрийнхөө нөлөөллийг бий болгох гэсэн сонирхол байж магадгүй. Гэхдээ үүнд улс төрийн нөлөө гэхээсээ илүү хавдрын тусламж үйлчилгээг сайжруулж байна уу гэдэг талаас нь хараасай гэж хүссэн. Харамсалтай нь Т.Мөнхсайхан сайд тэгж хардаггүй юм байна. Надад бол тийм хар байгаа.
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!