Өнгөрөгч даваа гарагт АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг доромжилж, бүдүүлэг хандсан гэдэг шалтгаанаар улс төрийн акц хийхээ мэдэгдсэн билээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг танилцуулж гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байвал би ч бас улстөржиж чадна" хэмээн ёжилсон билээ.
Уг үйлдэлтэй холбоотойгоор АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр:
-АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл өгнө. Миний байр суурь бол ажил явах ёстой гэж үзэж байгаа. Бүлэг дээрээс үүдэлтэй асуудал учраас бүлэг удахгүй тайлбар хийнэ. Ойлголцож болохгүй зүйл гэж байхгүй. УИХ-ын гишүүд нэгнийхээ микрофоноор янз бүрийн л асуудал ярьдаг.
Сүүлийн 30 жилийн УИХ-ын түүхийг эргээд харвал УИХ-ын гишүүн хүн өөрийнхөө микрофоноор хэлсэн үгэнд хариуцлага хүлээхгүй. Нэгнийгээ хулгайч, алуурчингаар нь дуудаж, янз бүрээр л ярьдаг. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж үздэг учраас тэр хүрээндээ асуудал шийдэгддэг.
Хоёрдугаарт. Мэдээж ойлголцохгүй зүйл байгаа бол ойлголцоод цаашаа явах ёстой. Хамгийн гол нь ажил урагшлах нь чухал. Би МАН-ын гишүүдийг шүүмжилж хатуу үг хэлж байсан. Цаашдаа ч хэлэх байх. УИХ-ын гишүүн хүн микрофоноос өөрийн гэсэн үзэл бодол бодож байга зүйлээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Би хамгаалж, өмгөөлж байгаа хэлбэр огт биш шүү. Тиймээс хуулийн хүрээнд бүх ажил явна. Хэн нэгний ёс зүйн талаар би энд яриад зогсож болох уу. Болохгүй биз дээ. Харин би УИХ-ын микрофон дээрээс байр сууриа илэрхийлж болно. Бид ажлаа хиймээр байна. Гадна, дотнох нөхцөл байдал тийм ч амаргүй байна. Амар юм бол алга байна. Нүүрсний үнэ 40 хувиар унасан. Ноолуурын экспортыг яах вэ гэдэг ажил бас байна. Хийх ажил зөндөө их байгаа. Эдгээр төлөвлөсөн ажлынхаа ард гарах учиртай.
Түүнээс биш нэг асуудал үүсэхээр 14 хоногийн хэрүүл болгоод яваад байвал ямар ч утга учир байхгүй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!