Энэ жил улсын төсвийн орлогыг 33 их наяд төгрөг байхаар төсөөлсөн ч нүүрсний үнийн уналт, экспортын гацаа, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал эдийн засгийн хямралын дохио болов. Арга барагдах үед алт аминд ордог нь үнэн ч нүүрсний дутсан орлогыг алтаар нөхөх эрх баригчдын найдвар их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчийн үлгэр болох нь.
Уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспорт нь ганц улсаас шууд хамааралтай манай улсын хувьд он гарсаар түүхий эдийн үнэ 44 хувиар буурсан нь том цохилт болсон бол одоо алтны үнэ унци нь 3211 ам.долларт хүрч сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрсэн нь гадаад худалдааны мэдээлэл эдийн засагчдын таамаглалыг улам баталсаар байна.
Үндэсний статистикийн хорооны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлийн тайланд экспортын орлого буурахад нүүрснээс гадна алт гол нөлөө үзүүлсэн болохыг харж болно. Энэ оны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр алтны экспортын орлого 47 сая ам.доллароор буурсан нь нүүрснээс дутахгүй экспортын орлого 883 сая ам.доллароор буурахад нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо тайлагнажээ.
Харин эрх баригчид алтны үнэ 3400 ам.долларт байх юм шиг сэтгэж өч төчнөөн их наядаар дутсан нүүрсний орлогоо, хэт үрэлгэн тэлсэн төсвийн зардлаа нөхөх романтик төсөөлөх зуур алтны үнэ унасан нь дахин эрсдэл дагуулав.
Унци алтыг дунджаар 100 сая төгрөгөөр бодож төлөвлөж байсан бол энэ дүн шаргал металлын үнэ унах тусам улам буурах нь тодорхой болно. Үүний зэрэгцээ алтны экспорт ч бас буурсан нь анхаарал татна.
Манай улсын хувьд өнгөрсөн онд 3.1 тонн алт экспортолсон. Харин энэ оны нэгдүгээр улиралд буюу гурван сарын байдлаар 1.9 тонн алт экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг гаалийн байгууллагын статистикт дурджээ. Мөн Үндэсний статистикийн хорооны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр экспортын бууралтад нүүрснээс гадна алт гол нөлөө үзүүлжээ.
Тодруулбал, хэдий алтны дэлхийн зах зээлийн ханш унци нь 3200 ам.доллар давсан ч манай улсын хувьд алтны экспортыг дагаад орлого буурсныг илтгэнэ. Харин Засгийн газар нүүрсний орлогыг зэс, алтны экспортыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө гэдэг нь бас л ярихаас цаашгүй байтал төсөвт тодотгол хийх эрсдэл ойрхон байна.
Хэрэвзээ алт олборлолт, алт тушаалт сайн байвал эдийн засгийн хямрал, хүндрэл нүүрлэсэн үед өдрөөс өдөрт унаж буй Монгол төгрөгт найдвар нь болж иргэдийн амьжиргаа улам доройтохоос сэргийлэх, эрсдлээс холуур өнгөрөх хөшүүрэг нь болж өгдөг. Эсрэгээрээ алт тушаалт буурсан болохыг Монголбанк мэдээлжээ. Валютын нөөцийг бүрдүүлдэг төвбанкны тухайд энэ оны дөрөвдүгээр сард 1097.1 килограмм алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.1 хувиар буурсан үзүүлэлт болов. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлд шаргал металлын үнэ буурсан нь Монголбанкны худалдан авах үнэ буурахад нөлөөлж дөрөвдүгээр сард алт худалдан авах үнэ дунджаар 364,736.61 төгрөг болсон юм. Угтаа бол алтны үнэ өсөхөд унци нь 393 мянган төгрөгт хүрч байсан саяхан.
Гадаад худалдааны статистик мэдээлэл алт нүүрсний дутуу орлогыг нөхөж улсын сан хөмрөгт эерүү нөлөө үзүүлж чадахгүй гэдгийг харуулсаар байтал эрх баригчдын өөдрөг төсөөлөл эцэст нь ниргэсэн хойно нь хашхирав гэгчийн үлгэр болоход ойрхон байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!