Түмэн олноо таван тэнгэрийн нэг хэмээн “зон таван тэнгэр” гэж нэрийддэг сайхан монгол заншил хаачсан юм бол? Амны билиг хазайна гэж муу үг унагадаггүй монгол хүмүүс яачихсан юм бол? Урт бодолт монгол эрс, уужуу ухаант монгол бүсгүйчүүд хаачаа вэ? Хэзээнээс бид амандаа соёотой араатан шиг биесээ тасдан хаядаг харгис сүрэг болчихов?
Хариулт хайя. Биднийг араатнаас ялгаж байдаг хамгийн чухал зүйл бол ёсзүй. Гэвч хүмүүсийн ёсзүй өдөр өдрөөр нимгэрсээр. Ёс зүй алсрах тусам араатан шинж товойж, хүмүүн бус авирлах нь ихсэх аж. Бид нүдээр үзэж байна. Ёс зүйгүй учраас нэгнээ хайр найргүй харааж доромжилно. Ёсзүйгүй учраас нэгэн рүүгээ сүрэглэн дайрна. Ёс зүйгүй учраас цахим сүлжээнд юу дуртайгаа хэлж, хэн дуртайгаа доромжилно. Амандаа орсныг хэлнэ. Бусдыгаа чичилнэ. Гүтгэж, гүжирдэнэ. Ёс зүйгүй учраас худал ярина. Хуурч мэхэлнэ. Ёс зүйгүй учраас хүчирхийлэл үйлдэнэ. Ёс зүйгүй болчихсон учраас амнаас нь сайн үг гарах нь цөөрчихсөн. Ёс зүйгүй учраас хаан харц, том жижиг, дарга цэрэггүй эрээ цээргүй авирлана. Түүнийгээ ардчилал хэмээн андуурна. Олон дахин давтагдсаар энэ байдал нь хэвийн зүйл мэт болтлоо хоногшиж.
Тиймээс л зургаан настай хүүхдүүд нэгэндээ салаавч гаргаад, хуруу гозойлгоод зогсож буйгаа байх л зүйл мэт бодох. Тийм л учраас өсвөр насны охид нэгнээ зодож, ёс бусыг үйлдэж байгаагаа бахдангуйгаар бичлэг хийгээд зогсож байх. Томчууд, том дарга нар лайв хийж, түмний өмнө бие бие рүүгээ салаавч гарган даналзаж, төрийн гурван өндөрлөгийн нэг чуулганы индэрээс П урсгаад сууж байх нь хэвийн үзэгдэл болж. Чуулганы танхимд хууль тогтоогчид цэнгээний газар халамцуу даналзах танхайчууд мэт авирлах нь хууль тогтоох үйл ажиллагааны процесс болж. Асуулт асуусан хууль тогтоогчоо гүйцэтгэх засаглалийн тэргүүн нь түмний өмнө доромжилж байгаагаа улс төр хэмээн үзэх болж. Төр баригчид ноход мэт биенээ уралцаж, нийтээр түүнийг нь талцан шүүх болж.
Ёс зүй алсрах тусам хүн чанар нимгэрэх. Хүн чанар нимгэрэх тусам араантанлаг үйлдэл ихсэх. Ийм үйлдэл ихэссээр үүнийгээ бид хэвийн зүйл мэт санах нь нуралт мөн.
“Төрийн минь сүлд өршөө” гэж ээжүүд сүүгээ өргөдөг байлаа. Төрдөө сүслэдэг байлаа. Одоо харин хүссэн нь төрийн ордон руугаа салаавч гаргаж, хүссэн нь төрийн ордондоо архидан согтуурч, хүссэн нь төрийн ордондоо зодолдож, хүссэн нь төрийнхөө шийдвэрийг нулимах болов. Монгол төрийн үнэлэмж нь, үнэ цэнэ нь ингэтлээ доройтов. Үүнд хэн буруутай вэ?
Улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл Монгол төрийн нэр хүндийг ингэж шороотой хутгажээ. Нийгмийг хоёр талцуулж, сошиал медиа хурдацтай хөгжиж буй энэ үед онилсон нэгнээ “хараар” будаж, энэ нь ардчиллын хөрс суурь суусан ч бүрэн гүйцэд бойжиж амжаагүй сэтгэхүйд стресс, бухимдал болж очиж байгаа нь нууц биш. Тэр бухимдал нийгэмд ёс бусыг дэлгэрүүлсээр. Үр дүн нь ууртай хүмүүсээр дүүрэн ууртай нийгэм.
Төрийн үнэлэмж, төрд байгаа улс төрчдийн үнэлэмж өдөр ирэх тусам унаж байгаа нь нөгөө л худал хэлж, хоосон амлагч, цэцэрхэгчид гэх түмний үгсээр илэрнэ. Цаашлаад “Тэр Төрийн ордонд чинь 76 худалч, хулгайч суудаг юм шүү дээ” гэж захын нэг нь үр хүүхэддээ хэлж, эмгэн өвгөчүүд цайныхаа “хачир” болгон ярьж, наймаачид цаг нөгцөөхийн тулд хов базах дуусч дундардаггүй ярианы сэдэв болгоно.
Бидэнд одоо ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйл үлдэв үү? Ёсзүй гэдэг шударга ёсон дээр тогтдог гэлцдэг. Шударгаар хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрэх боломж Ардчилсан Монгол Улсад дархлагдаж чадсан уу? Энд хариулт эрсний дараа сая ёс зүй, мораль гэдэг зүйл яригдах юм шиг. Энгийн томъёолол бол хулгай хийхгүй, худал хэлэхгүй, хүн хуурахгүй, зүгээр л хөдөлмөрөөрөө амьдарч байгаа бол ёс зүйтэй хүн гэж ойлгож болохоор. Нөгөө талд хэн нэгэн буруу зүйл хийлгэх гээд байгаа бол “Би тэгэхгүй. Энэ бол буруу зүйл” гэж хэлснээрээ өөртөө үнэнч үлдэж байвал ёс суртахуунтай үйлдэл болох ч юм шиг.
Тэгэхээр нийгмийн ёс зүй гэдэг үзэл суртлаар хэмжигдэхгүй, бас засч дийлэхгүй зүйл болж таарч байна. Жам ёсны, хүн ёсны харилцаа гэсэн үг. Та зовохыг хүсэхгүй бол муу үйлээ л боль гэх философи болж таарч байна. Нийгмийн ёс суртахуун хүүхдүүд насанд хүрэгчдийн шударга байгааг харахаас эхэлдэгтэй адил хүн шударга ёсыг, ёс суртахууныг дээдэлж байж сая хүсэмжит нийгэм бий болох учиртай. Гэтэл бид ёсзүйгээр ул болгож, араатан авираа од болгочихоод хүсэмжит нийгмээ шаардаад байх нь авцалдаагүй.
Сайхан нийгмийг хүсэж байвал өөрөөсөө эхлээд ёс зүйг хайя. Ёс зүй алсрах тусам хүн чанар нимгэрэх. Хүн чанар нимгэрэх тусам араантанлаг үйлдэл ихсэх. Ийм үйлдэл ихэссээр үүнийгээ бид хэвийн зүйл мэт санах нь нуралт мөн. Шударга ёс ул болж, араатан авир од болсон цаг үеийг бид өөрсдөө бүтээж байна.
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!