Жүжигчин болох тухай догдлон ярилцсаар ээж хүү хоёр Хүүхдийн ордны Драмын дугуйлангийн багш Сүхийн Даваахүүг зорьж явна. Хүүгээ мөрөөдөл рүү нь хүргэж яваа ээж, ээжийнхээ гараас хөтлөөд мөрөөдлийнхөө зүг алхаж яваа жаал хүү. Ээж хүү хоёрын мөрөөдөл шиг өнгөлөг 1986 оны зун.
Өнөөгийн бидний хүндэт ах, үлгэрлэлт эрхэм, сэтгүүлзүйн салбарын өнгө төрх, нэгэн цагийг эзэлсэн нэрт сэтгүүлч Өлзийбаярын Отгонбаатар ээжтэйгээ хөтлөлцөөд жүжигчин болохоор хөөрцөглөн алхаж буй нь энэ. Нэрээ, дүрээ , үйлсээ түмнийхээ дунд дархалж, хайр хүндэтгэлд өлгийдүүлэх их хувь заяаны зүг алхаж явсан нь энэ байж.
Ээжийнх нь төрсөн ах Ардын жүжигчин Банзарын Дамчаа гуай. “Хөдөөгийн баясгалан”, “Үер”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” зэрэг монгол түмний сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг нь жаахан Отгоо үзэх бүртээ бахдана. Ах шигээ бишрэм байхыг, ах шигээ ах болохыг, түүн шиг зурагтаар гарахыг бяцхан зүрх нь тэсгэлгүй мөрөөднө. Гэхдээ хувь заяа түүнд өөр бэлэг, өөр үүрэг даалгавар зэхсэн байх юм гэж хэн санах билээ.
Хүүхдийн ордны тоглолт бүрийг хөтлөх ажил түүнд ногдоно. Тэр ажилдаа дуртай ч гэж жигтэй. Удалгүй Монголын Үндэсний радиогийн, Хүүхдийн нэвтрүүлрийн найруулагч Болоож гуайн хараанд өртөж, орон даяар нэвтрүүлдэг Үндэсний радиогийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгийн хөтлөгч болов. Эх орны өглөө бүр түүний “Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өглөөний мэнд хүргэе” хэмээн цангинах цовоо цолгиун дуу хоолойгоор эхэлдэг боллоо. Энэ бол Монголын сэтгүүлзүйн салбар Отгонбаатартай болохын, олон арван сэтгүүлч Отгоо ахтай болох хувь тохиолын эхлэл байсан юм. Ингэж л тэр жүжигчин болох мөрөөдлөө 10 настайгаа тэр жилд нь үлдээгээд, сэтгүүл зүйн салбарт цангинан орж ирсэн юм.
Хичээлдээ явна. Дугуйландаа очно. Ажилдаа ч явна. Арваадхан настай хүүхдэд ахадсан олон ажлыг тэр амжуулна. Нэг удаа нэвтрүүлэгч Б.Гантигмаатай хамтдаа Хүүхдийн ордны тоглолт хөтлөх болж. Түүний мэдрэмж, авьяасыг анзаарсан Б.Гантигмаа нэвтрүүлэгч кинонд дуу оруулахыг санал болгосноор радиогийн хөтлөгч Отгоо дуу оруулагч жүжигчин болов. Хүүхэд бүрийн хүсэн хүлээж үздэг ням гарагын 16:10 цагийн хүүхдийн кинонд алтан үеийн луухар уран бүтээлчидтэй зэрэгцэн суугаад, хамтран бүтээл гаргаж байв. Кино эхлэхэд дуу оруулалт зэрэгцээд шууд явдаг. Хүүхэд л юм хойно киноны инээдмийн хэсгүүдэд тэсгэл алдан инээж орхино. Хуудсаа давхар эргүүлээд буруу текст уншчих үе ч байна. Хааяа магтуулна, заримдаа загнуулна. Гэхдээ л жижигхэн Отгоо ажрахгүй. Тухайн үед монголчуудыг зурагтынх нь өмнө уяж байсан Италийн олон ангит “Мятаршгүй Жулияа” киноны Жулияагийн хүүд дуу оруулсан нь өдгөө арван хэдтэй Отгоогийн цангинасан шингэн хоолойг тэр үеийнх нь дурсамжтай тээж үлджээ.
Хичээлдээ явна. Дугуйландаа очно. Нэвтрүүлгээ хөтөлнө. Дуу оруулалтаа ч хийнэ. Дээр нь нэмээд 10-р ангиасаа МҮОНРТ-ийн өсвөрийн сэтгүүлч болж мэдээ сурвалжлагад явж эхэлснээр эргэлт буцалтгүй сэтгүүл зүйн салбарын эд эс болов.
Тэрээр 1998 онд их сургуулиа төгсөж, албан ёсоор сэтгүүлч мэргэжлийг эзэмшив. Цэл залуухан сурвалжлагч Отгоо одоогийн Ийгл телевизийн анхдагчдын нэг хэмээх түүхийг намтартаа үлдээж амжсан юм. Телевизийн салбар луу түүнийг хөтөлсөн МҮОНРТ-д 1999 онд сурвалжлагчаар орж, 30 нас ч хүрээгүй байхдаа ММ агентлагийн захирлаар томилогдож байсан түүх түүнд бий. Үүнээс хойшхи түүний түүх хэрхэн өрнөснийг, хэрхэн хөгжиж, ямар үр дүнг бүтээж, яаж ажиллаж, яаж хайрлагдсаныг нь бид мэднэ. Отгоо ахтай эфир өнгөтэй байдаг, Отгоо ахтай алба шижигнэж байдаг, Отгоо ахтай сэтгүүл зүй хүчтэй байдаг. Отгоо ахтай сэтгүүлчид айдасгүй байдаг. Тэр бидний тийм л хүн.
Алга урвуулахын төдийд аашаа хувиргадаг орчлон юмсанж
1976 оны намрын шөнө. Дэд хурандаа Өлзийбаярын гэргий тулгар биетэй Галя бүсгүй шөнөжин дуншиж хонов. 10-р сар гарч, хяруу унаж хоносон сэрүүхэн өглөө тэд 5 дахь хүүхдээ өлгийдөн авахаар төрөх эмнэлэгт очлоо. 8 жилийн дараа дахин амаржиж буй гэргийдээ санаа зовохдоо байж ядан нааш цааш холхих цэргийн дүрэмттэй эрд баярын мэдээ ирснээр, одоо тэр 2 охин 3 хүүгийн аав болжээ. Өлзийбаярын Отгонбаатар орчлонд ингэж төрөв.
Хамгийн бага ахаасаа 8 дүү түүнийг ах эгч нар нь ёстой л газар тавилгүй бойжуулав. Ялангуяа эрэгтэй дүү хүлээж байсан 8, 9 настай дэрсхэн 2 ах нь түүнийг нуруунаасаа буулгахгүй. Ээлжилж үүрсээр бяцхан Отгоог унтуулна. Сэрэхэд нь үүрээд л тоглоно. Отгонбаатар хайранд бөмбөрсөн хүү байлаа. Хайрлахгүй байхын ч аргагүй хачин янзын амьтан байж. Отгон нь болог гээд аав нь Отгонбаатар нэр хайрласан ч 4 жилийн дараа дахиад нэг бээлийн чинээ жижигхэн шар охин мэндэлж Өлзийбаярынх гэдэг айл 3 хүү 3 охинтой боллоо. Ах нарынхаа нуруунаас буудаггүй 4 настай Отгоо ингээд ах болов.
Алга урвуулахын төдийд аашаа хувиргадаг орчлон юм хойно энэ өнөр бүлийн элэг бүтэн амьдрал тийм ч удаан үргэлжлээгүй. Отгонбаатар 13 нас хүрсэн тэр жил идэрхэн ханагар аав нь бурхан зүг одов. Ах эгч нар нь аль хэдийн нас биед хүрч амьдрал зохиосон үе байлаа. Ингээд 13тай Отгонбаатар голомтдоо үлдсэн ганц эр хүний хувьд өрх тэргүүлж үлдэв. Аавынх нь орон зайг эзгүй ханхайж байлгахгүй гэж ээж нь хүүгээ ийнхүү өрхийн тэргүүн хэмээн нэрийджээ. Аавын эзгүй амьдрал мэдээж түүртэй, бартаатай. “Одоо миний хүү энэ гэрийн тэргүүн. Аавынхаа залгамж халаа нь “ гэсэн ээжийн үг бодогдоод нүдэнд ил уйлах ч халгаатай. Угтаа бол эрхэлж уйлах эрх нь бий тийм л нас сан эвий.
Ээж хүү охин гурав аавгүй олон жилийг хамт өнгөрөөсөн. Сурвалжлагч Отгонбаатар өдөр өдрөөр хөгжин дэвжиж, олны хайртай хөөрхөн шар хүү гэгдэж байсан үед ээж нь бурхандаа буцав. Дахин нэг удаа өнчрөлийн зовлонг үзэж, дүүгээ л хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэхийн төлөө залуухан сурвалжлагч Отгоо зүтгэж явсааар нэг л мэдэхэд 30 гарсан аж. Ээжээсээ хүлээж үлдсэн үүргээ биелүүлсэн тул, одоо амьдрал зохиох цаг нь болжээ. Ингэж тэр 2006 оны шинэ жилийн үдэш хань Соёлоотойгоо танилцаж, 2007 онд айл гэр болсон аж. Өвчиж төрсөн мэт 2 сайхан хүүгийн ээж аав болсон юм тэд.
Мөнхийн залуугаараа мөнхөрсөн бидний хайртай Отгоо ах
Үргэлж инээж явдаг Отгоо ах, үргэлж тэмүүлж явдаг Отгоо ах, дандаа болгоно гэдэг Отгоо ах, дандаа тусалъя гэдэг Отгоо ах тэр өдөр тэнгэр болов. 2025 оны 2-р сарын 12. Энэ өдөр Монголын сэтүүлзүйн салбар, телевизийн урлаг, монголын нийгэм, олон зуун сэтгүүлчид эрхэм хүмүүнээ үүрд алдсан уйт өдөр байв. Хоёр хүү нь, хань нь, элгэн садан эгч дүүс нь өнчирч үлдсэн харуусалт өдөр тохиов. Дүүргэж байсан орон зай нь томоос том ханхайж үлдэв.
“Орой бууз хийнээ” гээд хүүхдүүдээ аваад үүдэн дээрээсээ үнсээд салсан тэр уулзалт сүүлчийнх байх юм гэж хань нь зүүдлээ ч үгүй нь лавтай. "Өглөө уулзъя" гээд ажлаа дуусгаад гарсан нь сүүлчийнх байх юм гэж хамт олон нь санаа ч үгүй байх. “Хагалгаанаасаа гарахад чинь хүрээд ирье” гээд үнсүүлээд явсан дүү нь сэрэхэд нь үүрд үгүй болчих юм гэж хөөрхий эгч нь бодоогүй байх.
Тиймээс л хамт олон нь, халуун дотны нөхөд нь, үрс нь , хань нь, ах дүүс нь үгүй болсонтой нь эвлэрч амжаагүй хэвээр. Итгэж ядсан янзаараа. Гашуудлын гашуун өдрүүдийг одоо ч туулсаар.
Хайран дунд төрөөд, хайр дүүрэн амьдраад, хайраар өлгийдүүлж буцах ерөөлт хувь заяаны эзэн байжээ тэр.
Отгоо ахыг олонтой явсныг нь хүн бүхэн ярина. Зөвхөн сэтгүүлзүйн салбарт биш урлаг, дуу хуур, цэрэг арми гээд түүний орон зай дархлагдсан олон салбар бий. Түүнд дуучин дүү нар, дуучин найзууд бий. Байлдагч найз, генерал найз ч бий. Түүнд цэрэг найз, дарга найз ч бий. Түүнд 8 настай, 80 настай найз ч бий. Тэр хэнийг ялгаж үзээгүй, хүнийг хүнээр нь л харж нөхөрлөдөг энэр сэтгэлтэн явсныг энэ нь гэрчилнэ.
Түүний тайзны алтан хамтрагч, амьдралынх нь найз МУСГЗ Р.Өнөржаргал “Орчлон дээр хатуу зөөлөн олон арван зүйл хүнд тохиолддог. Ганцхан Отгоод л юу ч тохиолдохгүй мэт зөвхөн бусдыг энэрэхийн төлөө төрсөн мэт нэгэн байлаа миний найз” хэмээн тодорхойлов.
“Отгоо ах үргэлж болно бүтнэ гэдэг. Үнэхээр л болдог бүтдэг. Дандаа л ах нь яаж туслах вэ? гэж асуудаг. Хэзээ ч үгүй гэж хэлж байгаагүй” хэмээн сэтгүүлч дүү нар нь дурсана.
“Тэр минь нар шиг хүн байсан юм” гэж хань түүнийг санагалзана. “Эгчийгээ ээжийн энтэй хайрладаг хүү минь байлаа. Үргэлж үүнийгээ эмчлүүл, тэнд хэвт мөнгийг нь өгье гэдэг дүү минь байлаа. Санаа зовоох шалтгаан нэг удаа болов эгчдээ өгөхгүй яав. Тэгсэн бол эрүүл байна уу, өвдөөгүй биз, эмчид үзүүл гэж хэлэх байсан ч билүү гэж голоо хаттал харамсаж сууна” гэж нас өндөр эгч нь нулимс асгаруулна.
Тэр ийм л хүн байлаа. Даваатай гүвээтэй, сайхантай муухайтай орчлонд хэсэгхэн зуур амьдрахдаа олон зүйлийг ухааруулж, үлгэрлэж амьдраад түүнээс ч олон зүлийг ухааруулсаар тэнгэрт одов. Хүн бүхний сэтгэлд нар тээж ирээд, амьдарсан шиг амьдарсан галтай эр байж. Орчлонд Отгоо ах шиг олон энэр сэтгэлтэн төрөөсэй гэж олон зуун нөхөд нь үеийн үед залбирч, үүрд түүнийг дурссаар байх бизээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!