СЭДЭВ: Шимтгэлээ төлсөн иргэд ЭМД-ын квотын оочерт багадаа нэг жил хүлээх нь…

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 17 секунд

Эрүүл мэндийн даатгалаа жил бүр алгасалгүй төлсөн иргэн эмнэлгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авдаг. 2025 онд иргэн бүр жилд 182.160 төгрөгийг уг даатгалд төлж байна. Гэвч Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээс шалтгаалж иргэд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүйд хүрсэн талаар гомдоллож буй.

Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээтэй 1480 гаруй эмийн сан, 321 лавлагаа шатны эмнэлэг, анхан шатны 550 эрүүл мэндийн байгууллага байна.

Иргэд "Би ЭМД-ын шимтгэл төлдөг. Танайх үүдэндээ даатгалаар үйлчилдэг эмнэлэг гэж хаяг наасан мөртлөө ямар өвчнийг даатгалаар үзээд, ямрыг нь үздэггүй" юм гээд уурсах тохиолдол их байгаа талаар эмч нар ярьцгааж байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар эмнэлгүүдтэй гэрээ байгуулахдаа нэн шаардлагатай буюу эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, түргэн, халдварт өвчин, хавдрын эмчилгээнүүд, харвалт, шигдээс гэх мэт өвчнүүдэд төсвийн хязгаарлалт тогтоохгүйгээр бусад төрлийн өвчинд төсвийн хязгаарлалт түүнчлэн квот тогтоосон байна. Тухайлбал, дотор, мэдрэл, ахмад, өдрийн эмчилгээ, уламжлалт, сэргээн засах гэсэн нийт зургаан төрлийн тусламж үйлчилгээг нэгтгэж бага төсөв, бага квот тавьдаг болжээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд гэхэд 2024 онд дээрх зургаан төрлийн өвчинд нэг тэрбум 55 сая төгрөг хуваарилжээ. Үүнийг нь сарын квотоор тооцвол нэг сард 90-95 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Өдөртөө дунджаар ердөө 2-3 хүн л хүлээж авах боломжтой гэсэн үг.

Төсвөө дагаад төлөвлөгөөт хагалгаа, хэвтэн эмчлүүлэх хүн дээр квот тогтоосон нь иргэдийн эрүүл мэндэд халтай шийдвэр болсон гэцгээж буй. Тиймээс энэ сэдвийн хүрээнд талуудын байр суурийг хүргэе.

2025 оны эмнэлэгт хэвтэх болон мэс заслын оочирууд нь дууссан. 2026 оных ч мөн дууссан эмнэлэг байна

"Тод эйч" хүүхдийн эмнэлгийн захирал Д.Тодням:

-Монгол Улсын эрүүл мэндийн салбар ижил төстэй өвчний оношуудыг бүгдийг нь базаад нэг бүлэг болгочихдог. Жишээлбэл, олгой, цөсний хүүдий авхуулах хагалгаа зэрэг нь оношийн хамааралтай бүлэгт хамаарна гэсэн үг. 17100 гэх кодтой оношийн хамааралтай бүлэг дотор 10 төрлийн өвчин байх жишээний. Бүр тогтсон үнэтэй. Олгойн хагалгаа 450 мянган төгрөг, цөсний хүүдий авхуулах хагалгаа 890 мянган төгрөг байх жишээний. Өвчний хүнд, хөнгөн зэргийг харгалзахгүйгээр дунджлаад бодчихдог. Оношийн хамааралтай бүлгүүдийг энэ жилээс яаралтай, төлөвлөгөөт, архаг хууч өвчин гэж гурав хуваасан. ЭМД-ын сан байгаа мөнгөө хүргэхийн тулдяаралтай эмчилгээ рүү хамаг мөнгөө тусгаж байгаа хэрэг л дээ. Нэг ёсондоо арга ядсан л шийдвэр. Тухайлбал, нэг эмнэлэг даатгалаар 50 төрлийн өвчин үздэг юм байна, үүний 5 нь яаралтай өвчин байна. Үлдсэн 45 нь архаг хуучин өвчин байна. Тэгэхээр архаг хууч өвчин дээр сард 5 хүн гэх квот тавина гэсэн үг.

Тэгэхээр гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг зүйлийн утга нь алдагдаад байгаа юм л даа. Тухайн эмнэлэг өдөрт 6-7 мэс засал хийж, орон дээрээ 50-60 хүн хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой байтал квот заагаад сард 40 хүнийг хэвтэн эмчлүүлнэ гэхээр 40 хүнийг ажлын 20 өдөрт хуваахаар хоёрхон болчхож байгаа юм. Боловсон хүчин, тоног төхөөрөмж нь бэлэн 100 хувь ажиллах боломжтой эмнэлэг хүчин чадлынхаа 20-30 хувиар ажиллах хэрэг үү. Энэ хэцүү шүү дээ.

Улс, хувийн эмнэлэг гэлтгүй өдөрт 2 төлөвлөгөөт хагалгааг даатгалаар бичдэг. Гэтэл 2025 оны эмнэлэгт хэвтэх болон мэс заслын оочерууд нь дууссан. 2026 оных ч дууссан эмнэлэг хүртэл байна. Энэ нь ерөөсөө даатгалын квотын оочер байхгүй юу. Түүнээс биш тухайн эмнэлгүүдээс хамаарах зүйл биш. ЭМД-ын сангийн оочер гэсэн үг.

Тухайн хүн хагалгаанд даатгалаар орох гэтэл жил гаран хүлээх нь байна. Тэгэхээр тэр хүн мэдээж уурлана шүү дээ. "Жил хүлээж чадахгүй. Өөр арга байхгүй юу" гэхээр "Та төлбөрөө төлнө гэвэл өнөөдөр ч гэсэн хагалгаа хийхэд бэлэн" гэж хэлэхээс өөр арга алга.

ЭМД-ын сан одоогоор хүнд нөхцөлд ороогүй

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

- Эрүүл мэндийн даатгалын сан одоогоор хүнд нөхцөлд орсон зүйл байхгүй. Энэ онд тус сангийн төсөв 320 тэрбумаар нэмэгдэж, 2.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй байгаа. Түүнээс 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Одоо эрүүл мэндийн даатгалын санд 1.6 их наяд орчмын олгох санхүүжилт байгаа. Үүнийг бид он дуустал бүх саруудад, бүх эмнэлгүүдэд тэгш хуваарилалтыг нь хийгээд олгоно.

Хуваарилалтын тухайд ямар нэгэн тусламж, үйлчилгээний тоо хязгаарлалтгүйгээр олгоход хүрэлцэхгүй.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өгч байгаа санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий гурван хувьтай тэнцэж байна. Олон улсын тооцоо судалгаагаар зургаан хувьд хүрч байж эрүүл мэндийн салбар ямар нэгэн хязгаарлалтгүйгээр явах боломжтой. Тиймээс өнгөрсөн жил шиг санхүүжилтийг замбараагүй олгохгүйгээр эхнээс нь цэгцтэй, санхүүгийн хувьд сахилга баттай байхаар шийдээд явж байгаа.

Хэрэв төсөвт хязгаарлалт тогтоохгүй бол 100 ортой эмнэлэг байлаа гэхэд 100 ороо байнгын дүүрэн байлгахын тулд хамаатан садан, эмнэлгийнхээ ажилчдыг хүртэл хэвтүүлдэг

ЭМДЕГ-ын, Тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Ууганбаяр:

-2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн тухай багц хуульд өөрчлөлт орсноор нэг худалдан авалтын тогтолцоонд шилжсэн. Үүний гол зорилго нь ЭМДС-ын мөнгийг ур ашигтай зарцуулахад чиглэсэн. Тодруулбал, 2020 он хүртэл эрүүл мэндийн салбарын санхүүжилт улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сан гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүждэг байсныг нэгтгэсэн. Ингэснээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага иргэдэд үзүүлсэн бүхий л тусламжаа Үндэсний зөвлөлийн тогтоолын тарифын дагуу нэхэмжилж санхүүжилтээ авдаг болсон. Өмнө нь 10 хүн үзсэн, нэг хүнд үйлчилсэн ялгаагүй тогтсон дүнгээр санхүүжилтээ авдаг байсан бол одоо хэдэн хүнд үйлчилсэн гэдгээр нь санхүүжилт олгогдож байгаа.

2024 онд эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 1.9 их наяд төгрөг байхад нийт хүмүүст үзүүлсэн тусламж үйлчилгээний санхүүжилт нь 2.2 их наяд төгрөг байх жишээний. Ойролцоогоор 200-300 тэрбумаар давдаг гэсэн үг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр нийгэмд өвчлөл их байна. Нөгөө талдаа даатгалын санд цугласан мөнгө хүрэлцэхгүй байна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулахдаа хамгийн эхлээд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд санхүүжилт олгоно гэдэг зарчим тавьсан.

Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэдэгт нь эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, түргэн, халдварт өвчин, хавдрын эмчилгээнүүд, харвалт, шигдээс гэх мэт шууд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй өвчнүүд хамаарна.

Харин хүлээгдэж болох дотрын тасаг, уламжлалт эмчилгээ, сэргээн засах эмчилгээ зэрэг тусламж үйлчилгээний төсөвт бол хязгаарлалт тавьсан. Даатгалын сангийн мөнгө хязгаартай учраас мөнгөндөө тааруулж гэрээ байгуулдаг гэсэн үг. Хэрэв хязгаарлалт тогтоохгүй бол 100 ортой эмнэлэг байлаа гэхэд 100 ороо байнгын дүүрэн байлгахын тулд хамаатан садан, эмнэлгийнхээ ажилчдыг хүртэл хэвтүүлдэг.

Б.Жаргалан гишүүн УИХ-ын даргыг асуудлыг явцуу хүрээнд улстөржүүлж байна гэв
Б.Жаргалан гишүүн УИХ-ын даргыг асуудлыг явцуу хүрээнд улстөржүүлж байна гэв
 
Лу.Гантөмөр: АН-ын акцын хувьд миний байр суурь бол ажил явах ёстой гэж үзэж байгаа. Ойлголцож болохгүй зүйл гэж байхгүй
Лу.Гантөмөр: АН-ын акцын хувьд миний байр суурь бол ажил явах ёстой гэж үзэж байгаа. Ойлголцож болохгүй зүйл гэж байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!