Ногоон автобусны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны сонсгол эхний өдрөө болж өндөрлөлөө. Өнөөдрийн тухайд,
-Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулсан гэх асуудал,
-Нийтийн тээврийн автобус нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар,
-Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгох санхүүжилт, түүний зарцуулалт зэрэг асуудлаар мэдээлэл сонслоо.
Сонсголын төгсгөлд Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос тавьж буй шаардлагын хүрээнд хөдөлгүүрээс гарч буй утааг бууруулах төхөөрөмж тавьсан тохиолдолд ногоон автобусыг цаашид ашиглах боломжтой. Гэхдээ хэрэг шийдэгдээгүй учраас цаашид яахыг би хэлэх боломжгүй" гэв.
Харин Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ "Та хариулах ёстой. Үнэхээр нийтийн тээврийн албанд ажиллаж байгаа бол энийг бодох ёстой. Даргын эрх үүргээ хаагаад, "гөлөг" царайлаад байж болохгүй. Төмрийн хог дээр хаях эсвэл засаад үйлчилгээнд гаргаж, хэрэгцээг хангах үүрэгтэй шүү" гэдгийг анхаарууллаа.