Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“D-ӨРГӨДӨЛ“-д саналаа өгсөн 300 мянган иргэнээ ҮЛ ОЙШООСОН Монголын төр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 8 секунд

Нийтийн цахим өргөдлийн “D-ӨРГӨДӨЛ” платформыг 2023 оны аравдугаар сард нийтэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар салхийг нь хагалж “НӨАТ-ын буцаан олголтын ХОЁР хувийг ТАВАН хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу” гэх утга бүхий өргөдлийг санаачлан гарын үсэг цуглуулж, улмаар 105.641 иргэний цахим гарын үсгийг цуглуулснаар УИХ хэлэлцэхээр болсон байдаг.

УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэж, Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор гэсэн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулж, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж буй. Гэвч хоёр хувийг таван хувь болгох нь зөв, буруу гэх хоёр талын байр сууриуд хөвөрч, УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар тэрүүхэндээ зөрчилдөөд авсан. Үүнээс хойш дээрх асуудлыг дахин хэлэлцээгүй бөгөөд хэзээ хэлэлцэж, шийдвэрлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм.

Мөн үүнээс гадна 100 мянгаас дээш хүний санал авсан хоёр ч өргөдөл хадгалаастай байна. Тодруулбал, иргэн Ш.Хүрэлтулгын санаачилсан “ХХОАТ, НДШ-ийг 50 хувиар бууруулах” хуулийн төслийг санаачлах өргөдөл бий. Иргэд, ААН-үүдийн тухайд, дээрх хоёр төрлийн татвар хамгийн их дарамт болдог талаар шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс дээрх өргөдлийг санаачилж, 10 гаруй хоногийн дотор 101.099 иргэний санал авсан. Энэхүү өргөдлийг “НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох” өргөдлийг судлах Ажлын хэсэг хамтатган судлахаар болсон байдаг.

Гуравдугаарт, “ЦАЛИНТАЙ ЭЭЖ”-ийн гэгддэг 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх юм. 0-3 насны хүүхдээ гэртээ асардаг ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгодог. Өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцын өсөлтөөс болж, энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй болсныг иргэд шүүмжилдэг. Улмаар “D-ӨРГӨДӨЛ” платформд иргэн Р.Цэндсүрэн уг 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх өргөдөл санаачилж, 102.805 иргэн гарын үсгээ цуглуулсан байна.

Дээрх өргөдлүүд 100 мянгаас дээш иргэний санал аваад хагас жилийн хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, нийтдээ Монгол Улсын 300 мянган иргэн тулгамдсан асуудлуудаараа өргөдөлд гарын үсэг цуглуулж, хууль батлах дээд байгууллага буюу УИХ-д хүргүүлээд ийм хугацаа өнгөрсөн гэсэн үг. Харин Төрийн түшээд өөрсдөдөө ашигтай, сонгуульд оноо цуглуулж болохуйц хуулиудыг маш хурдан өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцэн баталдаг.

Гэвч УИХ 300 мянган иргэндээ хүндэтгэлгүй хандаж, санал хүсэлтэд нь хойрго хандаж байгааг өнгөрсөн хугацаанаас харж болно.

МАН нэр дэвшигчдээ өнөөдөр эцэслэн тодруулна
МАН нэр дэвшигчдээ өнөөдөр эцэслэн тодруулна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.