Ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжил өөр хоорондоо салшгүй холбоотой учир "ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР"-ийг тохиолдуулан Хэвлэлийн Хүрээлэнгээс ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЬЕ хэлэлцүүлгийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн эрх чөлөө хангагдсан, сэтгүүл зүй эрүүл, хүчтэй байх үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй байна. Харин эдгээр нөхцөл үгүй бол хэрхэх талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлага, иргэний нийгмийн идэвхтнүүд, судлаачид санал бодлоо солилцоно.
Ардчилал гэдэг бол үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрх, эрх чөлөө. Авлигагүй, эрүүл нийгэмд, аюулгүй амьдрах, сурч боловсрох эрх. Бидний үндсэн эрх, эрх чөлөөг хүчтэй, хараат бус хэвлэл мэдээлэл хамгаалж, авлигыг илчилж, албан тушаалтны гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, эрх мэдлийг хянах үүрэгтэй. Энэ бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг.
Энэхүү хэлэлцүүлэг нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Азийн сан, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Хэлэлцүүлгийн үеэр Хэвлэлийн Хүрээлэнгээс зургаа дахь удаагаа зохион байгуулж буй ЦАХИУР эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагналтнууд тодорно.