Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Э.Дагиймаа: Дараагийн 30 жилийн шилжилтийн үе таарч байгаа учраас залуу сэтгүүлчиддээ анхаарах, хамгаалах шаардлага тулгарч байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
10 минут 32 секунд

Өнөөдөр бол "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр". Эрх чөлөөгөөр боомилогдсон улс орон бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ өдөр нэгдэж, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг өдөр. Тийм ч учраас манай улсын хувьд энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэй тэмцэж өнгөрөхийг хичээдэг гэхэд хилсдэхгүй. Иймд "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийг тохиолдуулан Сэтгүүлч Э.Дагиймаатай хэвлэлийн эрх чөлөө хийгээд сэтгүүлчийн ёсзүйн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд өнөөдөр тохиож буй "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэнд дэвшүүлье. Энэ өдөр бол яах аргагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа сэтгүүлчид эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг, тодорхой шаардлагыг удирдах түвшинд хүргэдэг, дуу хоолойгоо нэгтгэдэг өдөр шүү дээ. Гэвч энэ өдрийг баярын өдөр гэх ойлголт нийгэмд бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай ханддаг вэ?

-Жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Бүхий л улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийнхөө орны хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа вэ гэдгээ хэд хэдэн шалгуураар шалгадаг. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат байна уу үгүй юу, сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө ямар хэмжээнд эдэлж байна мөн эдийн засгийн хувьд хараат бус байж чадаж байгаа юу үгүй юу гэх мэт шалгуураар хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа вэ гэдгээ шалгадаг.

Хэдийн манай улсын хувьд сэтгүүлч нар цахим орчноор дамжуулан нийгэмд өрнөж буй үйл явц, болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудын талаар бичиж, дуугарч байгаа мэт харагддаг ч бодит байдал дээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна. Үүний нэгэн жишээ бол хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр манай улс жил бүр байр ухарч байгаа явдал юм. Яагаад ийм судалгаа гарч байгаа вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хараат бус байх ёстой. Гэтэл манай хэвлэлүүдийн ард ихэвчлэн улс төрчид, компани, нөлөө бүхий хүмүүс байдаг. Энэ нь сэтгүүлчийн, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм.

Мөн Монгол Улсын 14 хуульд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарласан зүйл, заалтууд бий. Энэ утгаараа мэдээлэл олж авах, үнэн зөв мэдээлэл хүргэх эрх чөлөө хязгаарлагдмал байна. Нэг талаасаа задгай, эрх чөлөөтэй, замбараагүй улс мэт харагддаг ч нөгөө талаасаа олон улсын судалгаагаар хагас эрх чөлөөтэй орны тоонд багтдаг.

Жил бүр сэтгүүлчид үгээ илэрхийлдэг, эрх чөлөөнийхөө төлөө жагсаж, тэмцдэг. Яг үүнтэй адил өнөөдөр МСНЭ-ээс "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр бид эрх чөлөөгөө эдлэх ёстой" гэсэн уриа бүхий жагсаалыг зохион байгуулна. Гэхдээ энэ нь эрх чөлөөг хүссэн тайван жагсаал гэж ойлгож болно.

-Өнгөрснийг одоотой харьцуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө, сэтгүүлчдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх улам бүр хумигдаж байна гэж та харж байна уу. Эсхүл?

-Жил ирэх тусам сэтгүүлчдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдсаар байгаа. Манай улсын сэтгүүлзүйн түүхийг авч үзвэл бид социализмын үед цензуртай, зөвхөн төр засагт үйлчилдэг, нарийн шалгууртай сэтгүүлзүйг туулсан. Түүний дараа ардчилсан зах зээлийн үед чөлөөт хэвлэл рүү шилжсэн ч өнөөдрийг хүртэл чөлөөт хэвлэл бус хараат хэвлэл байсаар байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад телевиз болон сайтууд маш ихээр нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад сонин хумигдаж байна. Энэ бол нэг талаасаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх тал дээр ямар ч хааж боох зүйл байхгүй, эрх чөлөөтэй мэт харагдаж байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэн нэгний тухай үнэн бодитой мэдээллийг баримт нотолгоо, баттай эх сурвалжтай гаргаад ирэхэд тухайн сайтыг хаалгах, цагдаагийн байгууллагад өгөх гэх мэт асуудал дэгддэг.

Яахав өнгөрсөн 30 жилийн түүхийг ирж яваа 30 жилтэй харьцуулахад сэтгүүлчдийг айлгадаг, сүрдүүлдэг нийгэм хэдийнээ бий болжээ. Ялангуяа энэ нь залуу сэтгүүлчдэд маань маш их хор нөлөөтэй. Учир нь залуу сэтгүүлчийн зүрх зориг мохно, үнэний төлөө явсан ч цагдаагийн байгууллагад дуудагддаг, шалгагддаг ийм нөхцөл байдал бий болчихсон. Тиймээс сэтгүүлчдийг илүү мэргэшүүлэх, хуулийн талаар мэдлэг ойлголттой болгох тал дээр манай сэтгүүлчдийн байгууллага илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай болж байна. Тэр ч утгаараа яг өнөө үеийн залуу сэтгүүлчдээ хамгийн эрсдэлтэй үед ажиллаж байна гэж ойлгож байгаа.

Дараагийн 30 жилийн шилжилтийн үе таарч байгаа учраас яах аргагүй залуу сэтгүүлчиддээ анхаарах, тэднийг хамгаалах шаардлага тулгарч байна. Угтаа өнөө үеийн сэтгүүлчид ямар нэг айх айдасгүй, эрх чөлөөгөө улам бүр бататгаж, хамгаалж, хэвлэлийн эрх чөлөөгөө эдлэх ёстой.

Залуу сэтгүүлчид мэргэшиж байж өөрсдийгөө хамгаалж чадна

-Тэгвэл залуу сэтгүүлчдээ хэрхэн чадавхжуулах вэ?

-Ерөнхийдөө бол сэтгүүлчид маань мэргэших ёстой. Яагаад парламентийн сэтгүүлч, эдийн засгийн сэтгүүлч гэж байдаг билээ бүгд чиглэл чиглэлдээ мэргэшиж байж мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэдэг. Түүнээс гадна шүүхийн, хууль эрх зүйн чиглэлээр ажиллах сэтгүүл ч гэсэн мэргэшсэн байх ёстой гэж би үздэг. Хэрэв сэтгүүлчид мэргэшиж чадвал өөрийгөө түүгээрээ хамгаалж чадна.

Түүнээс биш сэтгүүлчид бүх чиглэл рүү үсрээд байвал тэр нь хэзээ ч өөрийгөө хамгаалах институц болж өгдөггүй. Гэхдээ миний хувьд сүүлийн үеийн залуу сэтгүүлчдээрээ маш их бахархдаг. Учир нь залуу сэтгүүлчид маань мэдлэг боловсролтой, техник технологи эзэмших чадвартай, түргэн шуурхай мөн эр зоригтой гэх мэт маш их давуу талтай. Харин одоо бол ганцхан мэргэших гэдэг зүйл л чухал байна. Мөн дэмжлэг ч байх ёстой.

-Залуу сэтгүүлчдийн хувьд мэргэших гэдэг зүйл хамгийн чухал гэж ойлгож байна. Тэгвэл залуу сэтгүүлчид яг юун дээр алдаад байна?

-Тэдний хувьд нэг редакцаас нөгөө редакц руу төлөвшихгүйгээр шилжээд байдаг. Нэг жил ажиллаад л дараагийн редакц руу шилжих нь тун буруу. Дор хаяж редакц, хамт олонтойгоо таван жил болж төлөвшөөд, нэг чиглэлээр мэргэшээд явбал эерэг нөлөөлөл бий болно гэж хардаг.

Яахав үйл явдлын сэтгүүлчид гэж бий шүү дээ. Тэдний хувьд аль, аль чиглэл рүү хөрвөөд, үйл явдалд явж байж болно. Гэхдээ дор хаяж хоёр, гурван жил үйл явдлын мэдээнд явж гаршаад түүний дараагаас мэргэшнэ шүү дээ.

-Иргэдийн дунд сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг маш их хөнддөг. Таны хувьд сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Сэтгүүлч гэдэг хүн өмссөн хувцаснаасаа эхлээд хийж буй үйлдлээрээ ёс зүйгээ илэрхийлдэг байх ёстой. Яагаад гэвэл бид ардын хувьсгалын үеэс л нийгмийн сэхээтний хамгийн элит давхаргад багтдаг байсан. Улс орноо чиглүүлэхэд эрх баригчдад шүүмжлэлтэй ханддаг хоточ нохойн үүрэгтэй. Мөн хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн нэрлэдэг байсан. Тийм ч учраас дөрөв дэх засаглалын хүмүүс ёс зүйн өндөр түвшинд байх ёстой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр гарч байгаа учраас хувцаслалтандаа хүртэл анхаарч соёлыг түгээх шаардлагатай.

Сэтгүүлчийг найман настай балчраас 80 настай буурлууд хүртэл харж байгаа. Тиймээс соёлтой, боловсролтой, үг хэллэгтээ хүртэл анхаарч ёс зүйтэй байх ёстой. Үүнийг л хүмүүс ёс зүй гэж харж байгаа. Мөн сэтгүүлч хүн муу, муухай, хараалын үгийг ч орлуулж хэлдэг байх мэдлэг чадвартай байх ёстой. Эх сурвалжаас мэдээлэл авахдаа, асуулт авахдаа хүртэл мэдлэгтэй, судалгаатай байх хэрэгтэй. Маш энгийнээр тайлбарлахад сэтгүүлч хүний хамгийн дээд зарчим бол ёс зүй юм.

Мөн сэтгүүлзүй гэдэг бол шүүх байгууллага биш. Тиймээс шүүх шиг ажиллаж болохгүй. Сэтгүүлзүй бол хуулийн дээд байгууллага биш харин засаглал учраас нийгмийн үнэн зөвийг тэнцвэртэй хүргэдэг л байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

НАРЛАГ ӨДӨР: Улаанбаатарт +10 хэм дулаан байна
НАРЛАГ ӨДӨР: Улаанбаатарт +10 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.