АМРАХ АГШИН: Баяртай дуутай, дурсамжтай, дуулиант өдрүүд минь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

Зуны сар зүсээ олж, зургаадугаар сар хаяанд иржээ. Баярлаж нэг, хоргодож нэг дуулалдах төгсөгчдийн дуу төв талбайд цуурайтна. Уянгатай ч юм шиг гунигтай ч юм шиг зургаадугаар сар тоссон төгсөлтийн өдрүүд үргэлжилсээр. Оюутан гэх овог шиг тодотголоо орхих цаг нь болж. Дуутай, дурлалтай, дуулиант өдрүүдээ дурсамжиндаа л үлдээгээд тарах цаг нь ирж. Ийм л уянгыг, ийм л хөндүүрийг бид оюутны хавар гэдэг билээ. Их хотод маань оюутны хавар ид дундаа.

Төв талбайн баруун талд том улаан автобус зогсож, төгсөлтийн нөмрөг, ёслолын хувцсаар жигдэрсэн залуус шуугилдан бууж ирсэн нь ДХИС-ийн Эрхзүйн ангийн төгсөгчид гэнэ. Хуулийн салбар энэ өдөр 37 “будаг нь ханхалсан” эрхзүйчээр бүл нэмж буй аж.

Төв талбайн урд талд монгол дээлээр гоёсон бас тэгэн төгсөгчид оргилуун дарс буудуулж байна. Тэд МУБИС-ийг Англи хэлний багшаар төгсөж буй гэнэ. Боловсролын салбар өнөөдөр 23 багшаар бүл нэмж буй аж.

Баяр жаргал халгисан хэрнээ битүүхэн гуниглаж биесээ тэврэн дурсгалын зураг татуулах төгсөх оюутнууд. Тэд дуулалдан, тэврэлдэн, үймрэн төгсөлтийн баяраа тэмдэглэж байна. Найман зүгээс цуглаж ижилдэн дассан өдрүүд нь, давчуухан ч гэлээ амьдрал буцалсан оюутны байр нь, тэр байранд хоолоо хуваасан хоногууд нь, хайрлаж дурлаж, муудаж сайдсан дурсамжууд нь, баяр гунигтай, инээд наргиантай мөчүүд нь баярын энэ л өдрөөс хойш алсран холдох болохоор оргилуун дарсаа тэд нүдэндээ нулимстай л өргөж харагдана.

Төгсөлт боловч тэд эхлэл дээр зогсож байна. Яг л өд нь ургаж гүйцээд өнгөт энэ орчлонгоос өөрийн гэсэн өнгө төрх, буух нуураа олохоор нисэн одоход бэлтгэж буй шувууд шиг. Төгсгөл тэмдэглэж буй эхлэл дээр тэд үймрэн, уймран, тэврэлдэн зогсож байна. Тэдний өмнө амжилт, алдаа оноо, уналт босолт, мандал гундал ээлжлэн ирдэг даваатай гүвээтэй уртаас урт амьдрал зурайж буй.

“Төгсчихлөө. Одоо яах билээ?” гэх асуулт магад бүгдийнх толгойд эргэлдэж байгаа ч хүсэл тэмүүлэл, зорилго, зориг, эрч хүч нь түүнийх нь хариулт болж чигийг нь заах бизээ.

Хэзээ тэдэн шиг ийм амьд, халгиж цалгисан, савлаж дэнсэлсэн зүйл мэдэрснээ нэхэн бодсоор төгсөгчдийн дундуур явж өнгөрлөө.

ЯЛАЛТААР НЬ ЯЛТАД ХҮРСЭН ЗАМ: Орос гэх “НӨХӨР“....
ЯЛАЛТААР НЬ ЯЛТАД ХҮРСЭН ЗАМ: Орос гэх “НӨХӨР“....
 
Азийн хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцлоо
Азийн хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!