Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийн талаар УИХ ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг нар мэдээлэл хийлээ. Өчигдөр /2025.05.08/ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Өрийн таазыг нэмэгдүүлэх гэж байна, хуулийн хулгай хийх гэлээ" гэж УИХ ын чуулган дээр байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр хуулийн төслийг санаачилсан гишүүд төслийнхөө гол зорилгыг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөлд Монгол Улсад хамгийн хэрэгтэй Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл гээд гурван том мега төслийг эрчимжүүлэхийн тулд төсвийн хязгаараас гаргах ийм л зохицуулалт бүхий хууль.
Энэ хуульд ерөөсөө нэмж гаднаас зээл авах асуудал байхгүй, өрийн таазыг нэмэгдүүлэх гэж байгаа зүйл огт байхгүй. Бидний хамгийн их ярьдаг эрчим хүчний хараат бус байдал, шатахуунаа өөрсдөө хийе гэдэг асуудлыг л хурдан хугацаанд бодит ажил болгох гэхээр хуулийн хулгай хийх гэж байна гэж байгааг эх орон ч бус хандлага гэж харж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд дуусгахын тулд гурван жилийн хугацаанд 1.6 их наядыг ашиглах шаардлагатай. Гэтэл 2025 онд гадаад зээлээс ашиглаж болох тааз нь газрын тос боловсруулах үйлдвэр дээр 200 тэрбум. Ийм байдлаар энэ үйлдвэр 15 жилийн дараа л ашиглалтад орно.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөвт өртөг 300 сая ам.доллар. Энэ жил тавигдсан төсөв нь 70 тэрбум. Энэ хурдаараа явбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 10 жилийн дараа ашиглалтад орно гэсэн үг. Тиймээс энэ хуулийн төслөөр тухайн төсөл нь зээлээ эргэн төлөх боломжтой төслүүдийг сонгож аваад төсвийн хязгаарлалтаас гаргах юм. Авчихсан байгаа гадаад зээлээс ашиглаж байгаа мөнгө дээр ч тэр хойшоо тавигдаж байгаа мөнгөн дээр ч бид хүү төлдөг. Хугацаа алдах тусам төслийн төсөвт өртөг хэд дахин нэмэгдэнэ. Ашиглалтад орох хугацаа хойшилно.
Энгийнээр хэлэхэд Засгийн газар 21.7 их наяд төгрөгийн гадаад зээлийг УИХ аар соёрхон батлуулсан. Үүнээс ашиглах боломжтой байгаа 12.6 их наядаас дээрх гурван төслийн шаардлагатай санхүүжилтийг тухай бүрд нь олгох ийм л зохицуулалт бүхий хууль" гэлээ.
Тиймээс энэ хуулийн төслийг улстөржүүлэх шаардлага байхгүй. Хуулийн хулгай хийх гэлээ, өр нэмэх гэлээ гэж байгаа хүмүүс шийдэл ярих хэрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрэдэнбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь зээлээ эргэн төлөх бүрэн боломжтой төслүүд. Гэтэл бид өнөөгийн дүр зураг нөхцөл байдлаараа яваад байвал энэ өрийг татвар төлөгчид л төлөх болж үлдэнэ гэлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!