Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: Нэг жилийн дотор 8.6 тонн эм “ИДСЭН“ монголчууд ба тураах үйлдэлтэй “уналт таталтын эм“-ээр амьсгалсан сонсголын эхний өдөр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 8 секунд

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн үр дүнд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний гэх олон нийтийн анхаарал татсан хоёр ч хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулсан. Харин хаврын чуулганаар ногоон автобус, газар олголт, эмийн үнэ, чанар зэрэг сонсголууд шил шилээ даран хүлээлгэд ороод байв. Тэгвэл иргэдийн амьдралд хамгийн ойр мэдрэгдэж буй асуудал болох эмийн үнийн өсөлт, чанарын асуудлаарх сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлж, хүлээлгээс гарлаа. Сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалсан юм. Тэгвэл эмийн сонсголын эхний өдөр ямар "галтай" асуудлууд яригдсан талаарх мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.

-Ирсэн, ирээгүй сонирхолтой ГЭРЧҮҮД-

Сонсголын эхний өдөр 41 гэрчийг дуудсан байсан. Эдгээрт ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нарын сонирхолтой "дүрүүд" гэрчээр дуудагдсан байлаа. Харин өнөөдрийн сонирхол татсан гэрчүүд дундаас ковид19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарыг толгойлон ажиллаж байсан Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл оролцсонгүй. Тэрбээр Түр хороонд ирүүлсэн тайлбартаа энэ сарын 15-18-ны хооронд гадаадад томилолттой учраас оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Сонсголд дуудагдаж буй гэрчүүд бол ямар нэгэн гэм буруутан биш. Тухайн цаг үетэйгээ холбогдох асуудлуудад өөрт байгаа мэдээллээ Түр хорооны гишүүдэд өгөхөөр оролцож буй нь элбэг. Гэвч эмийн, эмнэлгийн салбартай холбогдож буй гол сонсголд тодорхой хугацаанд салбарыг нь толгойлж байсан сайд оролцсонгүй.

-ХҮРТЭЭМЖ: Уналт таталтын эмийг хөөцөлдөж байж оруулж иртэл МУ-ын эмийн бүртгэлд бүртгээгүй учраас эмнэлгүүд ашиглахгүй байсаар хугацаа нь дууссан-

Сонсголд уналт таталт, хавдар, чихрийн шижин, B C вирустэй иргэдийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр Түр хорооны гишүүн М.Оюунчимэгийн зүгээс "Уналт таталтын эмийг хөөцөлдөж байж Моносоос оруулж иртэл МУ-ын эмийн бүртгэлд бүртгээгүй учраас эмнэлгүүд ашиглахгүй байсаар хугацаа нь дууссан" гэх асуудлыг хөндсөн юм.

Харин энэ асуудалд яагаад арга хэмжээ аваагүй талаар албаныханаас тодруулахад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа "Эмнэлгүүд тендерийн багцаа үүсгээд худалдан авалтаа зохион байгуулаад авах боломж нээлттэй байгаа" гэх хариултыг өгсөн. Тэдний хооронд өрнөсөн эл ярианд Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн шүүмжлэлтэй хандаж "Өвчин, зовлонтойг нь далимдуулж эсвэл ашиг хонжоо хайдаг эмийн компаниуд хийгээгүй гэдэг яриагаа боль. Жаахан хүнлэг байна шүү" гээд амжив.

-ЭМИЙН ЧАНАР: Арван жил нэг эмээ хэрэглэсэн ч хавдар нь "хүндэрсэн" гэв-

Үргэлжлүүлэн сонсголд оролцсон иргэдийн төлөөлөл өөрт тулгамдаж буй асуудлуудыг хөндлөө. Ингэхдээ иргэний зүгээс эмийн чанартай холбоотой асуудлыг ч хөндөж байлаа. Энэ талаар тэрбээр "Би энэ вирусийн эмийг бараг арван жил хэрэглэлээ. Гэтэл миний хавдар F3-аас F4 рүү шилжсэн. Цирозын шатанд орчихсон. Бид үнэхээр үйлчилгээтэй эм хэрэглэж байгаа юм уу гэвэл үгүй" гэсэн юм.

-ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТ: Манайх шиг эмийг Бөмбөгөр, Нарантуул, онлайнаар худалдаалдаг улс хэд байгаа бол-

Түр хорооны гишүүдийн зүгээс эм импортлогч байгууллагуудын монополжсон байдлыг хөндөж байлаа. Ингэхдээ эм импортлогчдын тоо 2018 онд 161 байсан бол 2023 онд 194 болж өссөн байна. Ингэхдээ 2022 онд хамгийн их буюу 8.6 сая кг эм импортолжээ. Үнийн дүнгээр авч үзвэл, 2018 онд Монгол Улс руу 232 тэрбум төгрөгийн эм импортолж байсан бол 2023 онд 468 тэрбум төгрөгийн эм импортолсон байна. Үүнээс үзэхэд "2022 онд л гэхэд Монголчууд 8.6 тонн эм “ИДСЭН“ байна" хэмээн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир мэдээлэв.

-ЭМИЙН ХЯНАЛТ: Уналт, таталтын эсрэг эмэнд тураах эмийг оруулсан гэх асуудалд өрнөсөн "МЭТГЭЛЦЭЭН-

Эмийн салбарт шат шатандаа хяналт дутагдаж байгааг нэгхэн жишээ дээр өрнөсөн агуулга харууллаа. Тодруулбал, шинжээчийн танилцуулснаар, уналт, таталтын эсрэг эмэнд Л-Карнитин гэх тураах үйлдэлтэй эмийг оруулж импортын лиценз гаргасан гэлээ. Энэ талаар үдээс өмнөх сонсголын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хөндөж "Монгол Улсад эмийн бодлого алдагдчихсан. Бид энэ бодлогоо тавиад туучихсан. Уналт таталтын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эм орчихсон байна" гэсэн юм.

Харин эл асуултын хүрээнд албаныхан дараах хариултыг өгсөн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Л-Карнитин гэдэг эмийг шууд ТУРААХ эм гэж ойлгож болохгүй. Хүнсний дэмжлэг болгож зарим үед хэрэглэгддэг бүтээгдэхүүн байгаа юм" гэсэн юм.

ЭМЯ-ны ТНБД асан Ц.Эрдэмбилэгийн хувьд тус эмийг хүүхдийн эпилепсид хэрэглэж ирсэн талаар судалгаа бий талаар хэлээд шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэлээ.

Харин тэдний хариултыг шинжээч дараах байдлаар үгүйсгэсэн юм.

Түүнчлэн энэ үеэр “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Монгол Улсад бүртгэлгүй 133 эмийг оруулсан“ гэх шинжээчийн дүгнэлт ч олны анхаарлыг татсан юм.

-Эмийн зөвлөлийн гишүүн нь давуу байдлаа ашиглаж эмийн жагсаалтад өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн патент бүхий хоёр ч эмийг оруулсан байж болзошгүй-

Тураах эмээр бусдаар нам гүмхэн өнжсөн сонсголын эхний өдрийн сүүлд нэгэн ноцтой мэдээллийг шинжээч танилцуулсан юм. Тодруулбал, шинжээч зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал сэдвээр дүгнэлтээ танилцуулсан юм. Тэрбээр "Шинэ Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн сургуулийн захирал М.Уранчимэг нь "Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулах" ажлын хэсгийн хуралд оролцохдоо өөрийн хамаарал бүхий этгээдийн гаргадаг САЛИМОН, БАРБАДИН эмүүдийг оруулах саналыг гаргаж, оруулсан. САЛИМОН, БАРБАДИН эмүүдийн патентыг М.Уранчимэгийн ажилладаг их сургуулийн захирал болох С.Амбага эзэмшдэг. М.Уранчимэгийн нийгмийн даатгалын даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор 2020 оноос эхлэн Шинэ Анагаах ухааны их сургуульд ажилласан. Одоогоор тус сургуулийн Эм зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Шинэ Анагаах ухааны их сургуулийн захирал С.Амбагатай нэгдмэл сонирхолтой этгээд болох нь тогтоогдсон" гэх мэдээллийг өгсөн юм.

Сонсгол маргааш хоёр дахь өдрөө үргэлжилнэ...

ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй нас баржээ
ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй нас баржээ
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.