Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий 1 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.